“Үзүүр гялан”-гийн олдворыг олон нийтэд танилцуулна
Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн зохион байгуулж, олон түмний хүртээл болгохоор болжээ.
Үзэсгэлэнг 2017 оны тавдугаар сарын 3-ны 11 цаг 30 минутад Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээж, хоёр сарын турш олон нийтэд үзүүлэхээр болсон байна.
Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын хадны агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворууд цөөнгүй олдсоор байна.
Хадны оршуулгаас гарсан олдворууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байдгаараа бусад эртний дурсгалаас нэн онцгой, судалгааны чухал ач холбогдолтой байдаг.
Эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим өлгийн зүйлс бүрэн эхээрээ энэхүү үзэсгэлэнд дэглэгдэнэ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Музей
URL: