Х.Тэмүүжин: Анхаар, харцын хүүхэд тоглох хориотой

Түүнийг ийн аашлахад итгэл найдварын

эцсийн зул бөхчих шиг-

УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжинд гомдсон, түүнийг гайхсан хүмүүс редакцид хандсан юм. Их хурлын 76 дотор арай гайгүй хэдийнх нь тоонд өнөөг хүртэл багтааж тоолж ирсэн иргэд, сонгогчид нь мэл гайхахаар нэгэн үйл явдал өнгөрсөн зун болжээ. Энэ тухай төгсгөлд нь өгүүлэхээр үлдээгээд түүний сонгогчдодоо зориулж байгуулсан хөлбөмбөгийн ногоон талбай хэрхэн бүтсэн, одоо хэнд үйлчилдэг талаар мэдээлэл хүргэе.

Эрхэм гишүүн тойргийнхондоо зориулж Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хөл бөмбөгийн талбайг тохижуулсныг тэндхийн хүн бүхэн мэддэг юм билээ. Гэхдээ багачуудын мөрөөдөл болсон уг талбайд хүүхдүүд тоглох эрхгүй. Хэсэг хүний бизнес болон хувирсан бололтой. Энэ тухай манай редакцид ирсэн гомдолд онцолсон тул мөрөөр нь очиж сурвалжилсан юм. Биднийг очиход тэр талбайд хэдэн залуу тоглож байлаа. Тэд энд  хааяа үйлчлүүлдэг аж. Талбайн ойролцоох сагсан бөмбөгийн талбайд хүүхдүүд хөлбөмбөг тоглох бөгөөд хатуу цементэн дээр бүдэрч унасан ч тоосон шинжгүй гүйж харагдсан. Тэр хүүхдүүдтэй ярилцсан юм.

-Та нар бүгдээрээ “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд сурдаг уу?

-Үгүй ээ, зарим нь л сурдаг.

-Та нар хөлбөмбөгийн ногоон талбайд тоглож болдоггүй юм уу?

-Тэнд зөвхөн том ах нар л тоглодог. Тэгээд ч цагийн 40 мянган төгрөг төлөх боломж алга.

-Та нар нэг ч удаа тоглож үзээгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ ах нар хааяа биднийг тоглуулдаг.

-Танайх биеийн тамирын хичээлээ энэ талбайд хийдэггүй юм уу?

-Үгүй. Энд дандаа л том хүмүүс тоглож байдаг.

Хөлбөмбөг хөөгөөд “ухаангүй” байгаа тэдэнтэй хэдхэн хором ярилцсан маань энэ. Нөгөө хүүхдүүд сагсан бөмбөгийн цементэн талбайдаа бүдчин шургачсаар. Цаахна нь хэдэн жаахан хүүхэд орцны үүдэнд бас л хөлбөмбөг тоглох аж. Харц ардын хүүхэд тоглож болдоггүй яасан айхавтар талбай вэ гэх бодол өөрийн эрхгүй зурсхийн орж ирлээ. Мөнгөтэй хүмүүс л тоглодог талбай болж дээ. Уг нь эрхэм гишүүн түрүүчийн сонгуульд нэр дэвшээд байхдаа тойргийнхондоо зориулж үүнийг байгуулж өгнө гэж амласан гэдэг. Тийм болохоор хүүхэд багачууд, ер нь хэн хүнгүй дуртай цагтаа үнэ төлбөргүй тоглож байх юм гэж бодсон байх. Тэр бүү хэл, энд сургуулийн биеийн тамирын хичээл ч ороход болохоор.

Ингээд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн манаачтай уулзахад дараах хариултыг өгсөн юм.

-Хөлбөмбөгийн энэ талбайг ямар үнээр түрээсэлдэг юм бэ?

-Цаг нь 40 мянган төгрөг гэдэг. Манай нягтлантай уулзаад авч болно. Ашиглалтад ороод удаагүй болохоор тэр байх, сайн талбай. Хүүхдүүдэд тусгайлсан үнэ байхгүй, ижил.

-Талбай байгуулахад танай сургууль ямар нэг байдлаар оролцож хамжсан уу?

-Үгүй ээ, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэг гишүүнтэй хамтарч хийж өгсөн гэсэн.

-Х.Тэмүүжин гишүүн өөрөө ирдэг үү?

-Хааяа л ирдэг. Гэхдээ туслахууд нь голдуу ирж тоглодог.

-Хүмүүс хэр их тоглодог вэ?

-Зун их тоглодог байсан. Одоо бол багассан. Та нар цаг авах гэж байгаа бол нягтлан бодогч Болормаатай уулз гэсээр утасных нь дугаарыг өгсөн юм.

Тус сургуулийн нягтлан бодогч Болормаатай утсаар холбогдлоо.

-Сайн байна уу. Хөл бөмбөгийн талбай түрээслэх гэсэн юм. Хэзээ боломжтой вэ?

-Болно оо. Манай сургууль бүх зүйлээр хангаж өгч болно.

-Өдрийн хэдээр түрээсэлдэг вэ?

-Хүмүүс өдрийн 800 мянгаар түрээслэдэг шүү дээ.

-Ямар үнэтэй юм бэ. Арай хямдруулж болохгүй юү?

-Чи үнийн саналаа хэлчих. Миний хувьд нэг цагаас таван мянган төгрөг л хасах боломжой. Түүнээс доош байхгүй.

-Ашиглалтад ороод хэр удаж байна вэ?

-Жил гаруй хугацаа өнгөрч байна.

-Хичээлийн өдрүүдэд авах боломж бий юү?

-Тэр хамаагүй. Авах боломжтой.

Уг нь манаачийн, тоглож байсан хүмүүсийн, хүүхдүүдийн хэлсэнчлэн цагийн 40 мянгын хөлсийг өдрийн хугацаагаар нэмээд үзвэл ихээр бодоход 480 мянган төгрөг болмоор юм. Энэ ч өндөр үнэ. Хэн ийм их мөнгө төлж тоглодог байна аа. Нягтлан мөнгөө төлж, гэрээгээ хийгээд авч болно гэлээ. Уг нь бусад сургууль хөлбөмбөгийн талбайгаа гаднын хүмүүст цагийн 30 мянгаар түрээсэлдэг байхад Х.Тэмүүжин гишүүний талбай яагаад бусдаас өндөр үнэтэй байдаг юм бол. Энэ бол гишүүний тойрогтоо хийсэн ажлын нэг гэдгийг батлах хүн тэнд олон. Хэдийгээр нүдээ олсон ажил гэлээ ч хэсэг хүний бизнес болсон нь тун харамсалтай санагдлаа. Байгуулсан зорилгоосоо хазайлгаж ашиглах болсон энэ талбайн голд “Харцын хүүхэд тоглох хориотой” гэсэн нүдэнд үл харагдах бичиг хадсан ч гэмээр.

Редакцид хандсан хүмүүсийн нэг нь энэ талбайтай холбоотой нэгэн түүх ярьсан юм. Өнгөрсөн зуны явдал юм билээ. Үүнийг яригч тэр талбайд залуус тоглож байхыг хараад зогсч байж. Ард нь эрхэм гишүүн Х.Тэмүүжин мөн талбайд тоглож байгаа хүмүүсийг харж байжээ. Тэгтэл хэдийнээс нааш энэ талбай өндөр түрээстэй юм, хямдруулж болдоггүй юм байх даа гэж, мөн гишүүн ингэж иргэд, сонгогчдоос мөнгө татдаггүй байлгүй, магадгүй наагуур нь хүмүүс бизнес болгосон ч юм билүү, тиймээс өөрт нь шууд хэлэх нь зүйтэй байх гэж бодсон тэрбээр гишүүнд ханджээ. Эргэж хараад “Энэ талбайн түрээс арай л их юм аа. 20 мянга болгодог ч юм уу, арай хямдруулж болохгүй юу” гэж асууж л дээ. Тэгэхэд нь гишүүн дургүйцсэн янзтай “Мөнгөтэй хүмүүс нь л тоглоно биз дээ” гэж гэнэ. Ийн хэлэх юм чинээ санаагүй сонгогч тэрхэн зуур эгдүүцэн “Өө, ингэх байсан юм бол Эрдэнэ гишүүнд хэлдэг байж л дээ” гэхэд нь Х.Тэмүүжин гишүүний уур ма­насхийв бололтой өнөө залууг араас нь хувцаснаас нь барьж аваад “Юу гэнэ ээ, чи” гээд зуурч. Тэгэхэд нь залуу уурсан, яагаад байна аа гэнгээ гараа савчсанд гишүүнийг алгадсан мэт болжээ. Нүд ирмэхийн зуур ийм юм болоход хаанаас гараад ирсэн юм, бүү мэд, бие хамгаалагч нь гарч ирээд өнөө залуугийн гарыг ард нь барьж, чамархайд нь буу тулгав гэнэ. Нүдэнд дасал биш энэ үйлдлийг харсан иргэд айж гайхах зэрэгцэн яах учраа олохгүй байх зуур өнөөх асуулт тавьж, хариу авах гэсэн залууг цагдаагийн хэсэг рүү аваад явжээ. УИХ-ын гишүүний дархан эрхэд халдлаа гэж үзсэн бололтой. Юуны учир буу тулгуулж, гараа ардаа хүлүүлж цагдаагийн газар хоригдсоноо ойлгож ядан байсан залуугийн тархинд тэрхэн зуур юу эс бодогдсон гэх вэ.

Ингээд баларч байгаа юм болов уу, одоо яах бол, хэнд хэлэх билээ, тайлбар хийх боломж олдох болов уу гэхчлэн түмэн юм бодож байтал түүнийг 30 минут орчмын дараа суллажээ. Сулласан хүн нь АН-ын Нийслэлийн намын хорооны дарга Ш.Түвдэндорж. Юутай ч суллагдсандаа олзуурхсан залуу талархлаа илэрхийлсэн биз. Харин Ш.Түвдэндорж дарга “За, миний дүү тэгээд олон хүнд яриад байх хэрэггүй биз дээ, тийм ээ” гээд явжээ.

Сонгогчид ийм нэгэн явдал болсныг өдгөө нэхэн сөхөх нь өөрсдийнх нь нэрийг барьж бизнес хийгээд байгаа гишүүнээс ам асуух, тэрхүү хүүхэд багачуудад зориулсан талбай, газрыг яагаад хувийн хэрэгцээ, сонирхолд ашиглаад байгаагийн учрыг олох гэснийх болов уу. Сонгогчийн ийн ярихыг сонсоход “Арай ч дээ. УИХ-ын ууж идэж цаддаггүй гишүүдийн дунд арай дөмөг нь Х.Тэмүүжинг гэж боддог байлаа. Гэтэл бусдаасаа ялгаагүй юм шив дээ. Тэгээд бас буутай бие хамгаалагчтай явдаг байх нь. Өөрөө болохоор судалгааны төвтэй, түүндээ ажилладаг хэдэн хүнийг цалинжуулахаас өөр хөрөнгөгүй гэж нэгэнтээ мэдэгдэж байсан тэрбээр буутай хүнээр хамгаалуулах хэрийн бийлэгжүү нэгэн байх нь гэсэн бодол төрөв.

Жирийн иргэн, сонгогчийн чамархайд буу тулгуулж байдаг тэр хэн бэ гэх бодол төрөхийн сацуу, хуулийг хүний төлөө хэрэглэе гэж сурталддаг тэрбээр ийн аашилсныг дуулахад үнэн мөний эрэл дэх итгэл найдварын эцсийн зул бөхчих шиг санагдлаа. Энэ Монгол Улсад хүний, иргэнийхээ төлөө гэсэн төрийн түшээ, албан хаагч, хууль, дүрэм гэж байна уу.

Б.Даваатогтох

“Өдрийн шуудан” сонины редакцын зөвшөөрлөөр цахим хуудаст нийтлэв


URL:

Сэтгэгдэл бичих