Улаанбаатар усгүй болохын цагт
Ус хүний биед ямар нөлөө үзүүлдгийг та мэдэх үү. Хэрэв усгүй бол хүний биед ямар өөрчлөлт орох бол. Хүн шингэнээ нэг хувь алдахад л цангана. Хоёр хувь алдвал бие тавгүйрхэж хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 хувиар алдана. Шингэн алдалт нэмэгдэж зургаан хувьд хүрвэл нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлдэг. Хэл яриа ойлгомжгүй болно. Хэрэв 10 хувь хүрвэл биеийн дулааны тэнцвэр алдагдаж, эсүүд үхэж эхэлдэг. Харин та амьдралдаа хараахан ийм зүйлтэй тулгараагүй байна уу. Ирээдүйд ч нүүр тулахгүй гэдэгт эргэлздэггүй биз. Тийм ээ, бүхий л Монголчууд энэ тухай санадаг ч үгүй.
АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гурван цаг устай амьдарч сурч байна. Зүүн өмнөд мужуудад тохиолдсон ган Алтанта, Чатанүүга гэх мэт томоохон хотуудыг айлгаад байгаа бөгөөд Орме хот аль хэдийнээ дусал ч усгүй болжээ. Усыг одоо машинаар л зөөж түгээж байна.
Ус 09:00-13:00 цагийн хооронд ирж энэ үед амьдрал ид цэцэглэж, хүмүүс усанд орохоор дугаарладаг. Угаалгын машинууд хүнгэнэж, гэрийн эзэгтэй нар аяга тавгаа угаана. 13:00 цагаас хойш ус тасалдаж энд тэнд цуглуулсан усаа дусал дуслаар гамнан хэрэглэнэ. Хотын захирагчийн хэлснээр хотынхон одоо зөвхөн усандаа хотын төсвийнхөө 75 хувийг зардаг болжээ.
Тэгвэл Улаанбаатарчуудыг ч ийм ирээдүй хүлээж байна. Саяхны хэд хоногт нийслэлийн хөрсний бохирдлыг хот даяараа ярилцлаа. Зөвхөн энэ удаад ч биш, сүүлийн хэдэн жил лавтайяа хөрсний бохирдол гэж хэвлэлийнхэн хашхирч ирсэн. Гэвч өнөөдөр бахь байдгаараа, дээрдсэн зүйл, шийдсэн асуудал байхгүй байгаа нь харагдлаа.
Хөдөө аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессор А.Энхтөр “Улаанбаатар хотын хөрс органик бодисын бохирдол хамгийн дээд тал нь 30 дахин нэмэгдсэн. Эрдэс бодисынх нь 70 дахин нэмэгдсэн. Техникийн захууд, авто засвар, 100 айл орчмын хөрсөнд хүнд металлын бохирдол маш их байна. 2010 онд эдгээр газрын хөрсөнд агуулагдах хүнд металл 120 дахин их байсан бол 2014 оны судалгаагаар бохирдсон хөрс нийт авсан дээжүүдтэй харьцуулахад 66-80 хувь нь бохирдсон гэсэн судалгаа байна. Түүнээс гадна хромын хэмжээ нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байгаа. 2010 онд хромын бохирдлын хэмжээ 0.3-аас нэг дахин нэмэгдэж байсан бол дөрвөн жилийн дараа 1.4-өөс ес дахин нэмэгдсэн” хэмээн ярьж байна.
Хөрсөн дэх нянгийн бохирдол дээд цэгтээ хүрснийг эрдэмтэн судлаачдаар тогтохгүй төрийн байгууллагынхан ч тэмдэглэж байна. “Улаанбаатар хотын хэмжээнд авсан нийт дээжийн 88 хувьд нь нянгийн болон хөгц мөөгөнцөр илэрсэн. Хөрс нянгаар маш их бохирдсон нь судлаачдын нэгдсэн дүгнэлтээс харагдаж байгаа. Ялангуяа гэр хороолол томоохон зах орчим хур хогон цэгэнд нянгийн бохирдол хамгийн их. Органик бохирдол авто засварын газруудын орчимд нефть шатах тослох материал орчимд маш их байгаа. Гэр хорооллын хогийн цэгүүд дунд ахуйн гаралтай хоол хүнс, нүүрсний хог, үхсэн мал амьтны сэг зэмээс органик бохирдлын дийлэнх нь бүрдэж байгаа. Нийт авсан дээжийн 52.6 хувьд нь дэвсгэр агууламжтай харьцуулахад органик бохирдолтой байна” гэж Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга ярилаа.
Нян, мөөгөнцөр, эрдэс, органик бодист он удаан жил идэгдсэн хөрсний бохирдол газрын гүн рүү нэвчсээр газрын доорх усанд хүрэх эрсдэлтэй байгааг судлаачид анхааруулах боллоо. Хэдий ундны усыг олон метрийн гүнээс авч байгаа ч олон арван жил шийдэлгүй явж ирсэн хөрсний бохирдлын аюул Улаанбаатарчуудын ундны усанд нөлөөлөх эрсдэл бий болсон гэж доктор, профессор А.Энхтөр хэлсэн.
Ерөөс нийслэлчүүдийн ундны ус, Монгол орны усны нөөц, түүний ашиглалтын тухай сүүлийн жилүүдэд таагүй мэдээ дуулдсаар байгаа юм. Монгол Улс усны засаглалыг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагаас усны нөөц маш ихээр хорогдож байгааг салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна. Наад зах нь устай холбоотой нэгдсэн удирдлагатай, тогтвортой, дорвитой судалгаа манай улсад хийгддэггүй.
Энд тэнд алаг цоог хийсэн судалгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэн, компанийн захиалгаар хийгддэг. Хатуухан хэлэхэд энэ салбарын зүг чиг заагч алтан гадас од болсон эрдэмтэн, судлаачдын олонх нь худалдагдсан. Тиймээс энэ салбарын бодлого, чиг баримжаа зүгээ алдаж төөрөлдөж гүйцээд байгааг олон эх сурвалж хэлдэг.
Хамгийн сүүлд 2014 онд олон улсын төслийн тусламжтайгаар томоохон тооцогдох усны судалгааг Усны ассоциациас хийсэн байдаг. Тус судалгаанаас эшлэхэд Монгол орны байгалийн усны нөөц гол мөрөн, нуур, газрын доорх устайгаа нийлээд 609.5 шоо метр. Хувьлаад үзвэл, нийт нөөцийн 82 хувь нь нуурын ус, 10.4 хувь нь мөстөл, мөсөн гол, 5.6 хувь нь гол мөрөнд байдаг. Хамгийн бага буюу хоёрхон хувь нь газрын доорх ус юм. Гэтэл Монгол Улсын хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар хотын ундны усны нийт хэрэглээний 90 хувь нь газрын гүний ус байна.
Улаанбаатар хотын унд ахуйн хэрэгцээний усыг төв болон дээд эх үүсвэрээс хангадаг. Төв эх үүсвэрт нийт 92 ш ашиглалтын худаг байдгаас одоо ажиллаж байгаа нь 87 ш байдаг бөгөөд ашиглалтын нөөц баялаг нь 90.4 мян м3/хоног, дээд эх үүсвэрт 37 ш ашиглалтын худаг ажиллаж байдаг бөгөөд ашиглалтын нөөц баялаг нь 59.7 мян мЗ/хоног байдаг. Нийслэлийн хүн амын төвлөрсөн усан хангамжийн Дээд ба Төв эх үүсвэрийн нийт хүчин чадал 15,100 м3/ хоног нөөцтэй байна гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны цахим хуудаст тэмдэглэжээ.
Түүнээс гадны газрын доорх усны талаар “Монгол орон газрын доорх усны нөөц баялаг асар их хэмжээтэй боловч удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага. Гадаргын ус буюу голын ус богино хугацаанд /20 хоногт/ буюу жилдээ 18 удаа солигддог. Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг.
Газрын доорх ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорх усыг онцгой хамгаалалтад авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай байдаг” гэсэн нь анхаарал татаж байна.
Хөрснийх нь бохирдол хэдэн арван жилээр хөрсөндөө нэвчсэн, ундны усны зохисгүй хэрэглээтэй, Туул голоо турааж эцээгээд үл тоохоо байсан Улаанбаатарчуудын хувьд гүний ус гэдэг маш эмзэг болохыг сануулж байгаа хэрэг.
Үргэлжлэл бий.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж:
URL: