БОНДЫН ШАЛГАЛТЫН ДҮН АН-ЫНХНЫГ АЙЛГАСНЫ УЧИР

04(396)Одоогоос хоёр жилийн өмнө Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан бондуудын зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, сонголт хуульд нийцсэн, эсэхийг судлах ажлын хэсгийнхэн шалгалтын дүнгээ танилцуулсан нь дуулиан дэгдээсэн билээ. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх гэтэл АН-ын бүлгийн гишүүд ирц бүрдүүлэхгүйн тулд картаа сугалж, энэ дүгнэлтийг олон нийтэд ил болгохыг эсэргүүцэж байсан. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ ил тод танилцуулснаар “Чингис” бондын хөрөнгийг санасан зоргоороо салхинд хийсгэж, гарын салаагаар хэрхэн урсгасныг нийтээрээ мэддэг болсон.

Ажлын хэсэг дүгнэлтээ гаргахаас өмнө “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас 2014, 2015 онд хоёр удаа шалгалт хийж, Сангийн яамнаас ажлын хэсэг гаргаж, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Гэвч эрх баригч АН эдгээр эрх бүхий байгууллагын хууль ёсны дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй, бултаж зугтсаар байв. Харин оны өмнө Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкинд дахин шалгалт хийж, дүнгээ Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнээр тэд бултах газаргүй болсон юм. Хөгжлийн банкны санхүүжилтийн гол эх үүсвэр нь 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд. Гэтэл уг шалгалтаар Хөгжлийн банкнаас “Чингис” бондын талтай тэнцэх хэмжээний 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Тухайлбал, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд ам.доллароор байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүний зөрүүнээс Засгийн газрын хүлээж буй алдагдал 694 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн Монголбанкнаас шаардсаар атал биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрчээ. Ажилдаа дэндүү хайнга, хүнийрхүү хандсаны балаг ийм их мөнгөөр хэмжигдсэн гэсэн үг. “Тавантолгойн цахилгаан станц” төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд сая 414 мянган ам.доллар зарцуулсан гэх зэргээр өндөр дүнтэй жагсаалт ч дурайна.

Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төсөлд зарцуулах нийт хөрөнгийн гуравны нэгээс хэтрэхгүй байх чиглэл өгсөн ч энэ үүргийг тухайн үеийн салбарын сайд, Хөгжлийн банкны удирдлагууд огтхон ч хэрэгжүүлээгүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж, батлах хуультай. Гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр олгогдсон байгаа юм. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв, төсөөлөлгүй ажлуудад бондын мөнгөний нэлээд нь үрэгджээ.

Орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт хангагдаагүй, авто зам, хөдөө аж ахуй гэх мэт салбарт тендер зарлалгүй шалгаруулалт хийсэн зөрчил ч дүүрэн. Хямд өртгөөр их ажил хийх нэрийдлээр төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж, Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг үзэгдэл нийтлэг болсон байсныг ч ажлын хэсгийнхэн шалгалтын явцад тогтоосон. Гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан атлаа ажлын явцад 10 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон, замын тусгай зөвшөөрөлгүй компани тендер аваад ажил гүйцэтгэж байхдаа тусгай зөвшөөрлөө нөхөж авсан зөрчил ч гарчээ. Жишээ нь, “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөснийг шалгалтаар илрүүлсэн юм. Энэ мэтчилэн удирдлагуудын хариуцлагагүй, хяналтгүй, дур зоргоороо байдлаас үүдэлтэй, хууль тогтоомж ноцтой зөрчсөн үйлдэл олон байна.

АН эрх барьж байх үед хамгийн их мөнгө босгосон, хамгийн бийлэгжүү засагтай байсан. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдэж байсан нь үнэн. Хэрвээ бодлоготой, тооцоотой, зөв зарцуулсан бол эдийн засаг өнөөгийнх шиг ингэтлээ элгээрээ хэвтэхгүй байлаа. Улс орон өр зээлд баригдахгүй байв. Ингээд үзвэл бондын зарцуулалтад эрх бүхий олон байгууллагаас хийсэн шалгалт, баримт нотолгоо өчнөөн байна. Гагцхүү буруу замаар будаа тээсний хариуцлагыг албан тушаал хашиж байсан хүмүүстэй тооцох цаг нь болжээ.
Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих