АН-аас ядахдаа цагаан халат нөмрөөгүй хэд нь нэр дэвшээч
Ийм нэг онигоо байдаг юм. Галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд өглөө сэрээд хэн нь эхэлж цагаан халат олоод өмсчихнө, тэр өдрөө эмч болдог. Эмч гэдэгтээ бүрэн итгэлтэй түүнд нөгөөдүүл нь үзүүлэх гэж сүйд болдог тухай. Бид урьд нь энэтухай бичиж байсан даа. Өнөөдөр АН-аас нэр дэвших санаатай байгаа нөхдийг харахаар яг л ийм юм болж байна. Хэн түрүүлж нэр дэвшихээ зарласан нь улсын Ерөнхийлөгч болчих юм уу, хаашаа юм. Түрүүлж цагаан халат өмслөө гэдэг шиг.
АН, МАН хоёр бол Монголын хамгийн тулхтай улс төрийн хүчнүүд. Бусад намууд бол худлаа, худлаа. Тэгэхээр энэ хоёр том нам ухаалаг, уран байж болдоггүй юм уу. Нэр дэвших гэж байгаа хүмүүсийг нь харахаар улс төрчийнхөө хувьд ард түмний дунд элэг доог болсон хүмүүс харагдах юм. Өнгөрсөн дөрвөн жилд тараа таниулж, дүнгээ тавиулчихсан. Ард түмэн та хэдэд цагаан халат өмсүүлээд, хэвтэх ёстой эмнэлэгт чинь хэвтүүлчихээд байгааг өнөөдрийг хүртэл ойлгохгүй яваа юм уу.
АН цагаан халат өмсчихөөд эмч болчихлоо гээд гүйгээд байдаггүй нэгнийг дотроосоо олж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээсэй. Тийм хүн олдохгүй байгаа бол нам гэж яадаг юм. Тарах хэрэгтэй. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд МАН-аас бусад улс төрийн хүчнийхнийг ерөнхийд нь базаж ардчиллынхан гэж тодотгож ирсэн. Эдгээр жижиг сажиг намын дарга нар дотроос арай эрүүл ухаантай, потенциалтай нь эрэгтэйгээс М.Энхсайхан, эмэгтэйгээс С.Оюун хоёр л байна. Даанч энэ хоёрыг Ардчилсан намынхан нэр дэвшүүлэхгүй л дээ.
Ардчилсан нам дотроос харья. Арай эрүүл, боловсролтой, улс төрийн туршлагатай нь Р.Амаржаргал, Л.Болд, даажигнаад, тоглоом хийгээд байгаа биш л юм бол Баабар нар л харагдаад байх юм. Бусдыг нь харахаар өрөвдөх ч хаашаа юм, өшиглөх ч хаашаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд юу хийснийг нь ард түмэн мэднэ. 99 тэнгэртэй харьцагч, төрөөс хулгайлагч, луйварчин, аав, ээж, ах дүү, үр хүүхэд, авааль эхнэр, нууц амраг… арай л нохой шувуутайгаа нийлэлгүй улсаас хулгай хийсэн хүмүүс. Ард түмнийг арзалзуулсан ийм хүмүүсээр ард түмэн өөрсдийгөө удирдуулдаггүй юм аа. Ийм нөхөд бол хуучин нийгэмд сайндаа л заводын дарга байлаа. Юун улсын Ерөнхийлөгч вэ. Ийм хүмүүсийг АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сунгаанд сойж байгаад хөх инээд хүрч байна. Ер нь Ардчилсан намын энэ байдлыг харахаар цаанаасаа ямар нэг явуургатай, захиалгатай, өрсөлдөгч намдаа зөөлөн хоол бэлдэн өгч байгаа ч юм шиг. Ард түмэн хууран мэхлэгчдээр дутаагүй. Ард түмэн саяын сонгуулиар та нарыг улс төрчийн бодлогогүй юм байна, ард түмний төлөө ажиллахгүй юм байна, хувийн эрх ашиг нь ямагт нэгдүгээрт явдаг нөхөд юм байна гээд карьерт чинь цэг тавьсан. Хамгийн харамсалтай нь та нараар төлөөлж АН-ыг унагаасан.
Аль ч улс оронд сонгуулиар муу дүн тавиулсан улс төрч улс төрийн соёл гаргаж дор хаяж дөрвөн жил нэр дэвшдэггүй. Тэгсэн манайхан маргааш нь л нэр дэвшиж байна. Улс төрчид нийгэмд хэр царааны том бодлого хэрэгжүүлж, тэр нь үр дүнд хүрснээрээ хүлээн зөвшөөрөгддөг. Энэтхэгийн Ерөнхийлөгч Нарендра Моди бол зүгээр л нэг мужийн захирагч байсан хүн. Тэр өмхий намагтаа шигдэх шахсан мужийнхаа 00-ын асуудлыг аж ахуйн аргаар бус улс төрчийнхөө хувьд л шийдэж чадсан байдаг. Тэрбум хүнтэй Энэтхэгт өнөөг хүртэл энэ асуудлыг шийдсэн муж байтугай хот алга. Дональд Трамп дотоод худалдааны алдагдлыг багасгах, америкчуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах уриагаар төрийн тэргүүн болсон. Тэр Ерөнхийлөгчийн суудалд залраад арав хонохдоо амлалтаа хэрэгжүүлээд зогсохгүй, дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрчидтэй уулзаж, утсаар ярьж амжлаа. Трамп бизнесийн ертөнцөд 30 гаруй жил ажиллахдаа хоногийн 24 цагаар ажилласан гэдэг. Ийм хүнд төрийн ажил үдийн зоогийн дайны санагдах үе олон бололтой.
Дэлхийн хэмжээний ийм амьтадтай өөрсдийгөө жишээд ч яахав. Өөртэйгөө ойр төстэй улс орнуудын улс төрчдийг харья. Бидэнтэй хамт нэг лагерьт амьдарч байсан зүүн Европын орнууд байна. Тэд өнөөдөр Европын холбооны гишүүн болчихсон. Тэднийг зүгээр нэг Европын холбоо хүлээж аваагүй. Асар өндөр шаардлага тавьсан. Дош дошин дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн том бодлоготой улс төрчдийнхөө хүчээр эдгээр улсууд Европын холбоонд элссэн.
Дэлхийн улс төрчдийг харахад ийм. Манай амь тэмцсэн улс төр өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлын төлөө хэдэн биенээ тасчин хаяхад ч бэлэн байгаа юм шиг. Нөгөө талаар огт үгүй ч юм шиг. Үүн дотор л Монголын тулхтай улс төрийн хүчин болох Ардчилсан нам маш ухаалаг хүнээ соймоор байгаа юм. Ард түмний эв нэгдэл, улс орны гадаад бодлогыг шийддэг суудал. Энэ хүндэт суудалд ямар улс төрч сууж байвал зохилтой вэ. Гадаад бодлого хэрэгжүүлэх чадвартай, наад зах нь англи, орос хэлтэй, ард түмний эв нэгдэл, улс төрийн намуудын сөргөлдөөнийг зохицуулах чадвартай хүн байх шаардлагатай гэдэг нь сүүлийн зургаан жилийн үйл явдлаас харагдаж байна. Зарим улс төрчид Ерөнхийлөгчийн суудлыг өшөө авах хэрэгсэл мэтээр ойлгож байгаа нь тэдний ярилцлагаас харж болохоор. Тэд “Ерөнхийлөгч миний ах дүү, гэр бүлийг оролдож байна” гэж олон удаа мэдэгдсэн. Үүний хариуд одоогийн Ерөнхийлөгч “Би төрийн тэргүүн болоод хууль зүйн өөрчлөлт дотроо хамгийн түрүүнд шүүгчийн хараат бус байдлыг хангах хуулиудыг батлуулсан” хэмээн мэдэгддэг. Эрх баригч намынхан өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар шаргуу зүтгэж байна. Тус Ерөнхийлөгчгүй болох санааг дэвшүүлдэг. Харин Ардчилсан намаас нэр дэвшиж буй нэгэн улстөрч шууд Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг уриалж байгаа.
АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмнээс муу дүн авсан шалтгаан нь өнөөг хүртэл цагдаагийн үүдэнд чулуу няслан суугаа тус намын нөлөө бүхий эрхмүүд. Харамсалтай нь яг тэр муу дүнг намдаа авч ирсан улстөрчдийг дахиад Ерөнхийлөгчийн сэнтий рүү мярайлгаж байгаа нь ямар тэнэг юм бэ. АН хамгийн сурлага муутай сурагчаа ангийн даргад зүтгүүлж болохгүй ээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үеийн үед шүүмжлэл, элдэв хараал дундуур явж ирсэн. Энэ удаагийнх шиг ард түмнээс сонгох Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний уурыг хамгийн ихээр хүргэсэн хүмүүсийг сойж, ард түмнийхээ дургүйг өнөөдрөөс хүргээд эхэллээ. Ийм тохиолдолд АН сонгуульд орж яах юм. Зарим судлаачид Ардчилсан намын энэ алхмыг болчимгүй бүдүүлэг гэхээсээ илүүтэйгээр хуйвалдааны шинжтэй, дэндүү увайгүйгээр ард түмнийг басамжилсан хэрэг гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтэд ямар нэгэн далд учир шалтгаан байж магадгүй. Ядахдаа цагаан халат нөмрөөгүй хэд нь нэр дэвшээч.
Өдрийн сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ард түмнийхээ сонголтод одоо хүртэл дүгнэлт хийж чадаагүй нам тарвал таарна дэвшүүлсэн хэдэн тэнэгээ хар юу хийцгээснийг нь хардаггүй юм уу ард биднийг басаад байна уу наад хоосон шороо овоологчоор чинь юу хийлгэх юм бас баахан хүнийг гадаад руу зугатаалгачихаад худлаа хэлээд л байна шүү дээ бидэнд ялтан ерөнхийлөгч хэрэгтээ гэж үү бодохоор ой гутах юм эсвэл дээгүүрээ хувилдаад жүжиг тоглоод байна уу өөрсдөө шоронд орохгүйн тулд амьдрал та нарыг хүссэн хүсээгүй яллана даа