Хорт утааны баг хамгийн ашигтай бизнес

Монголчууд аливаа биз­несийн ашигтай талыг олж харахдаа уг нь гаргуун улс. Шинэ зүйлд дасан зохицохдоо ч сайн. Жишээ нь, ерээд оны эхээр “Алт” хөтөлбөртэй зэ­рэгцээд нинжа гээч нийгмийн бүлэг бий болсон. Нас, хүйс, мэргэжил, туршлага хар­гал­захгүй, архичин арчаагүй гэж ялгаварлахгүйгээр хүн бүр тэр ажлыг хийж болдог. Алтны ченж болж, аз тохиож “бух” олоод олон хүн эндээс мөн ч их мөнгө хийсэн дээ. Мөн Засгийн газар “Атрын III” аяныг хэдэн жилийн өмнө зарлалаа. Хүн бүр л хадуур тармуур бариад газар тариалан руу хошуурав. Энэ ажлыг төрийн бодлогоор дэмжсэн учраас алга дарам газартай ч ашиг шим бишгүй хүртсэн хүн бас л олон бий. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл олгож байгаа. Бүгд л болсон болоогүй төсөл бичээд хэдэн төгрөг салгаж байна. Өнгөрсөн өвөл H1N2 гээч шинэ ханиад дэлхий нийтийг түгшээж, манай улсад ч хүчээ авсан. Энэ үеэр амны хаалт хамгийн эрэлттэй бараа болсон. Нэг хэсэг нь Эрээнээс шуудай шуудайгаар нь маск бөөндөж, сэргэлэн зарим нь гэртээ оёж зарлаа. Орлого багатай монголчууд овоо мөнгө олсон. Энэ мэтээр мөнгө хийх нүх сүвийг яаж ийгээд л олоод харчихдаг сан. Харин сүүлийн үед бүгдээрээ овойж оцойтол баяжих галзуу ганц боломж байсаар атал огт тоохгүй юм. Яг одоо хамгийн ашигтай бизнес шинэ жилийн бараа гэж хэлэх нэгэн байж магадгүй. Тэр биш. Наад бизнес чинь хэдхэн хоногийн дараа таг болно. Харин хорт утааны баг хийж зарвал бараг л жилийн дөрвөн улиралд орлого тасрахгүй байх боломжтой. Яагаад гэвэл сүүлийн үед хү­мүүс эрүүл мэнддээ их анхаарч эртнээс бэлтгэлээ базаадаг болсон шүү дээ. Хүмүүс ажил­гүй, орлогогүй байна гэж төрд гоморхож сууснаас хорт утааны аятайхан баг яаж хийх талаар л бодмоор байна. Заавал цэрэг дай­ны зориулттай сүрхий юм байх албагүй. Хэлбэр дүрс нь л гоё байвал хэрэглэгчид шуурна. Уг нь амны хаалтыг зөвхөн цагаан даавуугаар хий­дэг. Гэтэл H1N2-ийн үед солонгын долоон өнгийн маск хийсэн ч түвэггүй зарагдаж байс­ныг санаж байгаа биз дээ. Са­наагаа бусдад алдчихсан байж магадгүй ч олуулаа баяжвал гоё ш дээ.

Ч.ДАШДЭЛЭГ


URL:

Сэтгэгдэл бичих