Х.Бадамсүрэнгийн “голсон” “LEXUS 570”-ийг Баруун бүсийн эрчим хүч компанид шилжүүлжээ
Дээр дооргүй бүсээ чангалах тухай ярьж байгаа ч үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаас эхлээд намын харьяаллаар томилогдсон сайд дарга нарын тансаглал хасагдаж танагдахгүй байгаа тухай мэдээлэл ар араасаа цувах болов. Гэхдээ үүнээс хамгийн тодорхой байгаа тод жишээ бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдсон Уул уурхайн дэд сайд асан Х.Бадамсүрэн. Түүнийг уул уурхайн салбарын толгой мэргэжилтнүүдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн олон байх. Уг нь, тэр өнөөдөр өөрийгөө биш улс орноо бодох тохьтой томоотой насан дээрээ яваа нэгэн. Харамсалтай нь, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоод 01 тоот тушаалаа зөвхөн өөртөө зориулсан тодорхой болсон юм.
Хотын тансаг амьдралаасаа “Эрдэнэт” рүү шилжих болсон ч энэ хүн тух тохио тэндээс хүсэмжилж, 24 саяар байраа засуулж, 180 саяар тавилга авч, тэгээд хуучин захирлын халуун суудалтай машиныг унахгүйн тулд ТӨБЗГ руу балансаар шилжүүлж, харин өөртөө 300 саяын машин авсан нь маргашгүй үнэн нь баримтаар нотлогдсон. Өөрөө ч үүнийгээ үгүйсгээгүй. “Үе үеийн захирлууд “LEXUS 570” машин унаж байсан. Намайг томилогдож очихоос 10 хоногийн өмнө л машины асуудал яригдсан юм билээ. ТӨБЗГ-аас шийдсэн асуудал. Надаас өөр хүн очсон нь энэ машиныг унана. Өмнө нь үйлдвэрийн захирал орлогч нарт байрыг засварлах, байр өгсөн тохиолдол бий. Тэр жишгээр л явсан асуудал. Х.Бадамсүрэн гэж хүн очоод тансагласан зүйл байхгүй” хэмээн тайлбарлаж сууна.
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын хэлснээр Х.Бадамсүрэн захирал “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагуудын л эрх ямбыг эдлэхийг хүсээд байгаа болохоос илүү юм хүсээгүй нь үнэн. Гэвч Засгийн газар Монголынхоо хүүхдүүдээс 80 гаруй тэрбумыг харамлаж, ахмадуудынхаа тэтгэврийг дийлэхгүй ядахдаа тэтгэвэрт гарах насыг нь уртасгаж байгааг энэ хүн мэдэрч буй юм болов уу. Магадгүй насны тэтгэвэртээ гарах шахсан учраас цөөн хэдэн жилийг хулгана шиг эд хөрөнгө хурааж хуримтлуулахад зориулахыг хүсээ юм болов уу. Х.Бадамсүрэн захирал “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн 100 хувийн саналаар би 2016 оны 11 дүгээр сарын 30-нд энэ үйлдвэрийн захирлаар томилогдсон. Тэгэхээр намайг очихоос өмнө машин авах нь тодорхой болчихсон байсан хэмээн “гүрийж” байна.
Харин 2017 оны 3 дугаар сарын 3-ны тогтоолоороо хуучин захирлын унаж байсан 04-05 УНТ дугаартай “LEXUS 570” машиныг ТӨБЗГ-ын балансад шилжүүлжээ. Мэдээж энэ тогтоол дээр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний албан бичгийг үндэслэн гэж бичихээ мартсангүй. Учир нь энэ өдөр Х.Бадамсүрэн захирал “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн 100 хувийн санал аваагүй байсан юм чинь. Тэгэхээр хуучин захирал Ц. Даваацэрэн шинэ машин авахаар зэхэж байсан уу гэвэл Х.Бадамсүрэнг захирлаар яригдаж дөнгөж эхлэх үеэр л ажлаа өгсөн санагдана. Өөрөөр хэлбэл түүнийг томилогдохоос нэлээн хэдэн сарын өмнө. Тэгээд ч явах хүнд ачаа үүрүүлэх хэрэггүй гэгчээр өөрийн толгойг цусдах ийм зүйлээр яах билээ. Тэгвэл Х.Бадамсүрэн захирлын ТӨБЗГ-ын хийсэн ажил байх нь. Хасч тана гэсэн үүрэгтэй ТӨБЗГ яагаад шинэ захирлыг шинэ машинтай угтах гэж хөл болов тэгвэл.
ТӨБЗГ-т балансаар шилжиж ирсэн “LEXUS 570” нь баруун бүс рүү “цөлөгдсөн” гэж байгаа. ТӨБЗГ-аас энэ талаар тодруулбал “ Манайд балансаар шилжиж ирсэн. Бид Баруун бүсийн эрчим хүчний компани руу балансаар шилжүүлсэн” гэв. Ямар ч байсан хэвлэлийнхний хардаад байгаа шиг Х.Бадамсүрэнгийн голсон “LEXUS 570”-ийг Ц.Ням-Осор дарга аваагүй юм байна. Харин Баруун бүсийн эрчим хүч компаниа ганц гайгүй машинтай болгох гээд “чадалтай”-гаар “Эрдэнэт”- ээс илүүчилж, шинэ захиралд нь шинэ машин авах 300 саяын зөвшөөрөл олгосон болж таарах нь.
Эх сурвалж: www.assa.mn
URL: