Монгол улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсны гэргий М.Алтанцэцэг: МИНИЙ НӨХӨР ОЛОН ЮМЫГ МЭДДЭГ БАЙСНААСАА БОЛЖ АМИА АЛДСАН
-Та одоогоор юу хийж байна вэ?
-Би компанийнхаа ажлыг зохицуулаад л явж байна. “Мон ген” компанийн 30 хувийг манай хүн, 30 хувь нь манай хүүгийн нэр дээр байдаг байсан. Талийгаачаас хойш энэ хоёр хувиа нэгтгээд 60 хувь нь манайх болчихож байгаа юм. Тэгээд энэ ажлаа л эмхэлж цэгцлэх гээд. Хамаг юм нь хэцүүдсэн байна лээ, одоо л нэг цэгцрэх янзандаа орж байна.
-Хүүхдүүд чинь тусалж байгаа биз дээ?
-Хоёр хүү маань сургуулиа төгслөө. Нэг нь гадаадад үргэлжлүүлээд сурч байгаа. Том хүү маань үндсэндээ аавынхаа ажлыг үргэлжлүүлэх гээд ажиллаж, бүх юмыг л зохицуулж байна даа.
-Тэр аймшигт өдрөөс хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Та ханьтайгаа хамгийн сүүлд ярьсан яриа хөөрөө, хамт байсан мөчөө санаж байгаа биз дээ?
-Саналгүй яахав. Түүнээс өмнө талийгаач маань байнга л хөдөө гадаа явдаг байсан. Тэгэхдээ дандаа л урьдчилж мэдээд бэлдээд явдаг. Харин тэр удаа талийгаач Дундговьд чуулган болох гэж байгааг хагас сайны өдөр л мэдсэн. Манай хүн чинь тахиа жилтэй. Жилийнх нь онцлог байдаг юмуу өглөө эрт гэгч нь босоод дасгалаа хийж, хөлсөө гаргаж усанд орчихоод тэр өдөр юу хийхээ бичиж төлөвлөөд суудаг. Яг л тэр зангаараа хагас сайны өглөө босоод “Өнөөдөр сайдын зөвлөлөө хуралдуулчихаад үдээс хойш ирж гэртээ интернет суурилуулж сүлжээтэй болгоноо, компьютерүүд ээ” гэж байсан. Яагаад хагас сайнд сайдын зөвлөл хуралдах гээд байгаа юм, нэг дэхэд хуралддаг биз дээ гэсэн чинь “Дэд сайд маань Япон явах гээд, өмнө нь хуралданаа” гээд л гараад явсан хүн. Энэ өглөө түүний хэлсэн нэг үг нь намайг бүр цочоож орхисон. Манай хүн өмнө нь хэзээ ч тэгж ярьж байгаагүй. Гэтэл тэр өглөө надад “Би 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзнээ” гэж хэлсэн. “Юу?” гэсэн чинь “Энд тэнд хүмүүстэй уулзаж ярьж хөөрч явахад та ерөнхийлөгч болох хэрэгтэй, тан шиг хүнийг л хүлээж байгаа шүү гэсэн хүмүүс нэлээд байх юм. Ард түмний дунд бас намайг хүлээж хардаг хэсэг байдаг юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоноо” гэж байсан. Тэгснээ орой ирсэн чинь нөгөө интернетээ янзлаад сууж байсан. Тэгэхэд нь гэнэт л утасдаад Дундговьд маргааш нь ажилтай гэж хэлсэн л дээ. Би тэгэхээр нь далимд нь хамт яваад ирье, салхинд гараадахъя гэсэн чинь манай хүн “Чи яах юм, бага хүүгээ ламд үзүүлнэ гэсэн юм чинь тэрийгээ хийгээд байж бай” гэсэн. Бид хоёр тэр оройдоо Найрамдалд байдаг байшин руугаа том хүү, бэр хоёртойгоо очиж хоноод ирсэн. Манай хүн чинь плов сайхан хийдэг. “Найрамдал”-аас ирж явахдаа “Аав нь сайхан плов хийж өгнөө” гээд л, “Плов хийх юм гэрт байгаа юу” гээд лууван л бага байх даа гэсэн чинь лууван авчихъя гээд замдаа хоёр ч дэлгүүрээр орсон. Тэгэхдээ өөрөө машинаа барьж явсан, дэлгүүрийн бүр өмнө тулж зогсоод л, би ч яарч байгаа хүнийг дагаж сандарч гүйгээд л явсан. Тэгээд гэртээ орж ирээд намайг “Чи сууж бай, сууж бай” гээд л өөрөө нэг гал тогоонд орж хоолоо хийгээд, нэг авч явах хүрз багажаа бэлдээд л, хажуугаар нь гүйж хувцсаа янзлаад л гурван тийшээ гүйгээд байсан. Өмнө нь ер тэгж байгаагүй хүнийг хараад “Үгүй манай хүн чинь бас өөрөө юмаа хийчихдэг юм байна” гэж бодоод л харж байсан. Нараа ерөөсөө ганцаараа хоол хийж байгаагүй, тэр бүү хэл тэгэхэд хоол хийлгүй 4 жил болчихсон байсан. Тийм болохоор нь би юм л бол босч махыг нь ч хөшиглөчих гээд, лууванг нь ч арилгачих гээд өндөлзөөд л, намайг тэгэх тоолонд “Сууж бай, сууж бай” гээд л. Тэгээд тогоо дүүрэн плов хийгээд тавуулаа хооллосон доо. Сүүлд нь манай хүн гарахынхаа өмнө тогооныхоо тагийг сөхөж харчихаад “Тулгаа та хоёр ч зөндөө хоолтой үлдлээ” гээд инээгээд гараад явсан. Тулгаа гэж манай бага хүү. Хамгийн сүүлд гэрээсээ гарсан мөч нь тэр.
-Та явснаас нь хойш утсаар ярьсан биз дээ. Ер нь танд тэр золгүй явдал болох үеэр муу зөн совин мэдэгдсэн үү?
-Шөнө нь оччихоод над руу залгасан. Олон хүн үүдэнд нь шаваад уулзаж, дайлаад байдаг болохоор би эрт унтаарай гэсэн чинь “Тэглээ, одоо амарлаа” л гэж ярьсан. Тэгээд маргааш нь би гурван ч удаа залгасан. Утас нь ердөө болохгүй байсан. Хамгийн сүүлд 5 өнгөрч байхад залгахад бас л болохгүй болохоор нь наашаа гарчихсан байх гээд хүлээгээд суучихсан даа. Нэг их тийм совин гэх юм байгаагүй. Их л хүлээсэн.
-Ослын талаар та анх яаж дуулсан бэ?
-Манай нэг дүү Замын цагдаад ажилладаг. 9 өнгөрч байхад тэр маань утасдаад “Нараа ах байгаа юу” гэхээр нь Дундговь явчихсан гэсэн чинь “Төв аймгийн тэнд нэг осол гарсан гэх юм, машин нь мөн байж магадгүй нь, станцаар тийм дуудлага орж ирлээ, бас сайд нарын хоёрт дуудлага ирж байна” гэсэн. Яг тэр үед нь би “Гайгүй байлгүй, манай хүн” гэж бодож байснаа гэнэт эргээд дүү рүүгээ утасдаад “Хоёулаа эмнэлэг рүү нь явж үзье” гэсэн. Тэгээд дан цамцтай, нимгэн пальтотой гарч дүүтэйгээ эхлээд гэмтлийн эмнэлэгт очсон. Гэтэл тэнд ганц л хүн ирсэн байсан. Замын цагдаагийн лавлах руу нь утасдаад асуухад гурав дөрвөн хүн байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь сайд нарын хоёрт дуудлага ирсэн гэсэн юм чинь тийшээ очъё гээд гарч ирэхэд манай дүү тохойноос түшээд “За, Алтаа эгч минь сэтгэлээ бариарай. Газар дээрээ хоёр нь нам явсан гэж байна шүү” гэсэн. Би шууд газар луу нь явъя гээд Түргэний гол руу давхичихсан. Бараг цагдаа нартай зэрэгцэж очсон доо. Цагдаа нар дөнгөж ирээд үзлэгээ эхэлж байсан. Би нэг цагдаад нь “Энд осолд орсон хүний эхнэр нь байна, эгчийгээ оруулчих” гээд цааш яваад очсон чинь цагдаагийн дарга нь үзлэг хийж байхад болохгүй гээд дөхүүлээгүй. Тэгээд ядахдаа тэр шөнө тас харанхуй, маш хүйтэн байсан болохоор намайг дулаахан машин олж суулгасан. Гэтэл ирсэн түргэний эмч над дээр ирээд “Таны бие гайгүй юу” гээд л. “Миний бие ямар хамаатай юм бэ, тэнд байгаа миний нөхөрт очиж наад тариагаа хийгээч ээ” гээд л. Би үнэхээр үхсэн гэдэгт итгэхгүй байсан. Тэнд машиныхаа цаана зогсож байгаа юм шиг санагдаад л…
-Та ослын газрыг нүдээр үзсэн, тэгэхдээ осол болсны дөнгөж дараа халуун мөрөн дээр нь явж орсон хүний нэг байна шүү дээ. Ямар байдалтай байсныг ярьж болох уу?
-Машин энд тэнд онхолдлоо л гэдэг. Ланд хичнээн осолдоод осолдоод хэд хэд хөрвөөгөөд л унана биз дээ. Гэтэл тэр зам тэгтлээ тахир огцом эргэлттэй биш, тийм зам дээр манай хүний машин годройтсон байгаа юм даа. Жолооч нь хар зам дээр шидэгдээд, харин манай хүн баруун хойшоо 32 метрт шидэгдсэн байсан. Машин нь бүтэн годройтоод нутаг руу нь харсан байсан. Тэгэхдээ надад нэг сонин юм анзаарагдсан. Тэр газарт осол болж уу үгүй юу гэдгийг харах гэсэн шиг тэнд цагдаа явж байсан байдаг. Тэгээд нэг нь хот руу явж, нөгөө нь аймгаас цагдаагийнхныг авчирсан байдаг. Тэнд нэг юм болох ёстой байгаад, тэр болох ёстой юм ном ёсоороо болж уу үгүй юу гэдгийг шалгаж байгаа юм шиг л сонин санагдсан даа, үнэндээ.
-Та ослын талаар хүмүүсийн яриаг сонсдог л байх. Үнэндээ зарим нь үүнийг аллага гэдэг. Бүр Дундговийн нэг цагдаагийн ажилтан гэртээ амиа хорлосон байдалтай нас барсныг Ж.Наранцацралт агсны хэргийн сэжүүртэй холбодог. Харин гэр бүлийнх нь хүний хувьд та энэ ослыг юу гэж боддог вэ?
-Би ч гэсэн үүнийг санаандгүй үхэл гэж боддоггүй ээ. Энэ зохион байгуулалттай санагддаг. Магадгүй нөхрийн минь нас барахынхаа өмнө ярьсан Ерөнхийлөгчийн тухай яриа ч учиртай байх. Гадуур нөхрийг минь Ерөнхийлөгч болж мэдэх хүн гэж тархсан нийгмийн сэтгэхүйг олж харсандаа ч байдаг юм уу. Мөн нөхөр минь хэдийгээр надад элдэв юм ярьж байгаагүй ч энэ улс төрийн бохир, заваан олон юмыг мэддэг хүн байсан гэж би ханийн хувьд боддог. Магадгүй, тэр минь энэ нийгмийн далд оршдог олон юм мэддэгээсээ болж цагаасаа эрт явсан байх.
-Тэгвэл С.Зориг агсны үхлийн талаар талийгаач юм ярьдаг байсан болов уу?
-Их ярьдаг байсан. Цэвэр улстөрийн аллага гэж хэлдэг. Яг дараахан нь Ерөнхий сайд болсон, С.Зоригийн үхлийн бүх материлтай танилцаж гардаж ажиллаж байсан хүн. Үүнд олон хүн холбоотой гэж байхыг нь сонсож байсан. Мөн тэр Дундговь явахынхаа урд өдөр П.Жасрай гуайг дурсаж байсан. “Хөөрхий, МАХН-ын 25-р их хурал дэмий хуралдлаа даа, Жасрай гуайг аваад явчихлаа” гэж байсан. Гэтэл би одоо боддог юм, “25-р их хурал дэмий хуралдлаа, нөхрийг минь аваад явчихлаа” гэж… Яагаад гэвэл тэгээгүй бол Засгийн газар байдгаараа байж, нөхөр минь ч хэвийн ажлаа хийгээд л байж байх байсан даа.
-Ер нь энэ ослын талаар та үздэг хардаг хүмүүст хандаж байв уу? Тийм хүмүүсээс үг сонссон уу?
-Үзүүлсээн. Хэд хэдэн хүн үзэж харж өгсөн. Бүгд л аллага гэдэг юмаа. Тэр бүү хэл нэг маш мундаг үздэг гэгддэг эмэгтэй энэ хэргийн эздийг өмссөн зүүсэн хувцас, дүр төрхөөр нь нэрлэж байсан. Тэр хүн хэлэхдээ миний нөхрийн үхлийн үнэн мөнийг удахгүй тов тодорхой болно гэсэн. Тэгэхдээ үүнийг нэг хүн санаандгүй утасны үзүүрээс барьж авч, хөвсөөр яваад олны өмнө ил гаргаж ирнэ гэсэн юм даг. Тэгж чадах тэр хүний талаар ч хэлсэн юм бий. Бид үүнийг л хүлээж сууна.
-Одоо журмын нөхөд нь хэр хандаж байна. Хоёр хүүд нь дэм болж, эргэж тойрч байгаа биз дээ?
-Манай хүн үнэхээр олонтойгоо хүн байсан. Тэр маань арван жилийн ангийнхнаасаа эхлээд эргэн тойрныхоо олон хүнийг гудамжинд гахай явган, нохой нүцгэн байхад нь өөд нь татаж, сугандаа хавчуулж ажил амьдралтай нь залгуулсан. Гэтэл хүн гэдэг сонин юм. Өнөөдөр тэднээс нэг нь ч “Та гурав минь яаж байна даа” гэж ядахдаа утсаар ч ярихгүй байна. Харин гэтэл эсрэгээрээ нэг их сайн танихгүй ч нөхрийн минь ажил үйлсийг мэддэг хаа хамаагүй хөндлөнгийн хүн учир байдлыг минь сонсоод өчнөөн тус хүргэж байна.
-Намынхан нь ирж байгаа биз дээ?
-Үнэхээр тэр шинэ намынх нь нөхдийн тухайд хэлэх ч үг олдохгүй, ёстой нэг урагшгүй, увайгүй улсууд байна. Манайх 200 метр квадрат талбайтай баар рестораны зориулалттай хувийн байраа өөрсдийн хөрөнгөөр 20 гаруй сая төгрөгөөр засварлаад ҮШН-д сарын нэг сая төгрөгөөр л түрээслүүлж байсан. Тэгээд 2008 оны зун долоодугаар сард түрээсийн мөнгөө авъя гэхэд санхүү хүнд байнаа гэхээр нь хүлээж л байлаа.
-Талийгаачийн үр хүүхдэдээ хэлж ярьдаг байсан үнэ цэнэтэй сургаал бий байлгүй, үйлсийг нь залгамжлах хөвгүүд нь ч өсөж том болж дээ?
-Тийм ээ, манай хүн эднийгээ ном их унш гэдэг байсан. Алтан бөгжийг сугалаад л авчихна, харин тархинд чинь байгаа юуг ч хүн дээрэмдэж чадахгүй гэдэг. Бид дурсгалыг нь хүндэтгэх арга хэмжээ хийж “Их үйлсийн үргэлжлэл…” гэж нэрлэсэн. Түүнийхээ үйл хэргийг тасралтгүй үргэлжлүүлэх гэж бид хичээж байна. Талийгаачийн “Алтан сав”-ыг нээлгэхэд “Үр хүүхдүүд минь үйлсийг минь үргэлжлүүлээсэй” гэж бодсон байна гэж гарсан. Бас хүрэн цүнхэндээ хоргодсон байна гэж буусан даа. Тэр минь осол болсноос хойш хоёр минут орчим амьд байсан гэсэн. Тэр хооронд л бодоод өнгөрч дээ. Тэр хүрэн цүнхэнд ажлаа хийж барьж явдаг юм. Тэр өдөр ч авч явж байсан. Анх очсон цагдаа тэр цүнхийг нь уудлаад Засгийн газрын гишүүний үнэмлэхийг нь олж харж таньсан гэдэг юм билээ.
-Тэр өдрийн осол дан ганц талийгаачид тохиолдоогүй. Дундговиос хоёр тийш салж явсан машин хоёулаа ижил зайд ойролцоо осолдож хүний алтан амь эндсэн. Хэрвээ улстөрийн аллага бол заавал ингэж хүний анхаарал татахаар сонин тохиолдлыг давхцуулна гэж байх уу?
-Энэ тал дээр би нэг сонин юм хэлье. Талийгаачийн үхлийг аллага гэж хэлсэн тэр хүн надад ингэж тайлбарласан. Манай хүний үхэл өмнөөс тодорхой байсан байх. Тийм болохоор түүнд хар юм ихээр цугласан нь ойлгомжтой. Тэгээд тэр хөдөө арга хэмжээнд оролцоод хоёр тийш салж явж байгаа хүмүүс чинь бие биенээ “Баяртай, сайн яваарай” гээд гар бариад сална биз дээ. Тэгэхээр тэр цаад хүмүүст нь нөгөө хар юм үсэрсэн байхгүй юу. Ердөө тийм л юм болсон гэж ойлгуулсан даа. Би үүнийг үнэн байх гэж боддог юм. Нэг юмыг том чулуугаар цохиход хэлтэрхий нь үсрээд өөр юманд жижигхэн ч гэсэн сэв суулгадаг биз дээ. Түүнтэй л адилхан.
-Талийгаачаас хойш та өдөр хоногийг яажшуухан барж байна даа? Одоо нэг үеэ бодвол хоног хугацаа бас ч гэж яваад өгчээ?
-Бүтэн уужуу амьсгаа авч чадахгүй л явна шүү. Ердөө нойр хүрэхээ байсан. Унтаж чадахгүй, өдөрт хоёр цаг унтчихвал баярлаад байгаа юм бишүү. Арга ч үгүй биз, гучин хэдэн жилийг хоёр биенгүйгээрээ төсөөлж ч чадахгүй ижилсэж явчихаад нэг нь үгүй болчихно гэдэг хэцүү. Биеэрээ туулж явна. Хүн өнгөрөхөд авсан авгай, гаргасан хүүхэд хоёр л үлддэг гэж үнэн юм билээ.
-Таны бие жаахан ядруу харагдах юм. Та эмнэлэг, сувилал бараадаж нэг сайхан эмчилгээ хийлгэвэл яасан юм бэ?
-Чадахгүй юм даа, гэртээ сэтгэл хоргодоод. Хэд хоног хэвтээд эмчлүүлээч гэж ойр тойрныхон, найз хүүхнүүд маань хэлдэг. Яагаад ч юм гэр лүүгээ яараад л, нөгөөх минь цай хоолыг минь хүлээгээд сууж байгаа юм шиг санагдаад л гэр лүүгээ гүйчихнэ.
-Хоёр хүү тань юу гэх юм бэ?
-Хүү маань хэлж байсан, “Надад аав өнгөрлөө гэж сонсонгуут л хариуцлага гэдэг үг орж ирсэн. Ээж аавтай хамт явна гэж байснаа үлджээ, ээж явсан бол яанаа” гэж бодсон гэж… Одоо ханийн минь дээлийг өмсөж, үйлсийг нь залгуулах хөвгүүд минь ухаан суужээ. Миний хүүхдүүдэд аавын буурь, ухаан бий.
-Талийгаач нутаг орондоо юм хийж яваад өнгөрсөн. Нутаг оронтойгоо их ойр байсан?
-Тийм шүү, манай хүний нутагт Өөшийн элс гэдэг сайхан газар бий. Уртаашаа таван километр гаруй үргэлжилдэг дан элстэй. Тэндээ 2000 онд сувилал байгуулсан. Дөрвөн ээлжээр 80-100 хүн хүлээж авах хүчин чадалтай, 200-гаад сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй сайхан сувилал бий болгосон доо. Тэнд Хатанбаатар эмч ганц л хоноод ирье гэж очоод дөрөв хоноод ирсэн юм. Тэрээр “Ийм сайхан газар төрсөн хүн л ийм уужуу сайхан хүн байдаг юм байна гэж өөрийн эрхгүй бодлоо” гэж байсан. Өөшийн элсийг их энергитэй гэдэг. Нэг сонин юм нь гэвэл тэр газарт 1955 онд кинотеатр гарч байсан киноных нь хальс нь орооцолдсоноос болж шатаад тэнд кино үзэж байсан хүүхэд голдуу 40-өөд хүн нас барсан юм билээ. Гэтэл тэр хүмүүсийн нас барсан өдөр нь яг манай хүний өөд болдог өдөр байсан. 11 сарын 12-ны өдөр давхцаж таарсан. Энийг бид саяхан мэдсэн.
-Та Ерөнхий сайдын гэргий байсан ховорхон азтай бүсгүйчүүдийн нэг. Тэргүүн хатагтай байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Хүндэтгэлтэй үедээ хүндэтгэлтэй, төвөгтэй санагдах үе ч бий. Анхандаа гэнэт хамгаалалтанд ороод л, хүн урдуур орж надаас түрүүлж хамаг юм хийгээд байхаар ухас ухасхийгээд дасаж өгөхгүй л байсан. Гэхдээ манайд нэг юм учир дутагдалтай санагддаг. Манай хүнийг Ерөнхий сайд болоход надад Төрийн ёслолын албанаас нэг ном л уншуулсан. Тэр ном нь бидний аль хэдийнэ мэддэг халбагаа ингэж барина, энэ тэр гэсэн л юм байсан. Манайд төрийн өндөрлөгүүд, тэдний гэр бүлд үйлчилдэг мэргэжлийн имиджмэйкер байхгүй. Тэгээд нөгөө Ерөнхийлөгчийнхөө эхнэрийг тийм ч малгай өмсчихөж, ийм ч нөмрөг нөмөрчихөж гээд байдаг. Яг үнэндээ өөрсдөө л хувцсаа зохицуулж байгаа нь тэр шүү дээ.
-Манайд Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон, анхны ерөнхийлөгч П.Очирбатын эхнэр Ш.Цэвэлмаа, М.Энхсайханы гэргий Шүрэнцэцэг зэрэг нөхрийнхөө амжилтанд нөлөөлсөн гэгддэг чадалтай бүсгүйчүүд олон бий. Тэдний ар гэрт өрнөсөн яриан дундаас гарсан шийдвэрүүд Моголын ард түмний амьдралд нөлөөлж байсан удаа цөөнгүй гэлцдэг. Хотын мээрээр олон жил ажилласан, Ерөнхий сайдын гэргий байсны хувьд танд ийм зүйл тохиолдож байсан уу?
-Тэгэлгүй яахав. Нэг биш асуудлыг хань минь надтай ярьж байхдаа шийдэж байсан. Хүн ямар нэгэн асуудалд шийдэлд хүрч чадахгүй гацахаараа хамгийн түрүүнд ханилсан ханьтайгаа хуваалцдаг байх. Нараа минь хааяа нэг шйидэж чадахгүй гацаад байгаа бололтой сууж байхад нь хажуугаас нь бодсоноо хэлэхээр яг тийм байна ш дээ гээд л босоод ирдэг. Тэгж хийж байсан зүйл цөөнгүй бий.
-Та хоёрыг “поездны хоёр” гэдэг гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Аан, бид хоёр чинь анх галт тэргэнд танилцаж байсан байхгүй юу. Хойшоо сургуульд явж байхдаа танилцаад гурван жил үерхээд суусан. Харин манай хадам ээж намайг анх харангуутаа шууд л “Ээ, энэ хариугүй жижигхэн, туранхай охин яаж хүүхэд төрүүлнээ” гэж бодсон гэдэг.
-Талийгаачийн хамгийн сайн зан чанар гэвэл юуг хэлэх вэ?
-Маш нямбай хүн. Энэ үзэг энд байх ёстой бол энд нь л байлгана. Юманд их мэдрэмжтэй ханддаг. Одоо энэ гэрийнхээ тавилгуудыг манай хүн өөрийнхөө мэдрэмжээр байрлуулсан. Бид үүнийг нь өөрчлөхгүй ээ. Бас манай хүн чинь хутга, хөөрөг их цуглуулдаг байсан. Нас барахаасаа хэд хоногийн өмнө Монголын хутга цуглуулагчдын холбоог байгуулчихаад ирлээ гээд орж ирсэн. Одоо энэ их хутга нь байж л байна. Уг нь Төрийн ордноос юмыг нь авахаар очиход хадгалуулах юм байвал хадгалж өгдөг үйлчилгээ бий шүү гэж байсан. Тийш нь аваачаад хийчихье гэхээр юмыг нь гадуурхаад гаргаад хаях гэж байгаа юм шиг санагдаад ердөө чаддаггүй. Пивоны аяга бас их цуглуулдаг. Би өнгөрснөөс нь хойш пивоны аягыг нь л нэгээр нэмсэн дээ.
-Энэ ажлын ширээ их эртний эд бололтой?
-Тийм ээ, энэ ширээ бол маршал Х.Чойбалсангийн ширээ. Манай хүн Х.Чойбалсангийн ширээн дээр ажлаа хийдэг. Биднийг Их тэнгэрт байхад энэ ширээ хөл нь хугарчихсан зүгээр хэвтэж байхад нь бид янзлаад авсан юм. Бас Х.Чойбалсангийн орыг мөнгийг нь төлөөд худалдаж авсан.
-Нөхөр чинь таны хувцасны хэмжээг сайн мэдэх үү?
-Ёстой нэг сайн мэднэ дээ. Надад хэзээ ч нэг ширхэг юм өгч байгаагүй. Өсгийтэй гутал авлаа гэхэд хажуугаар нь нэг намхан ултай гутал аваад л ирнэ. Дандаа өсгийтэй гутал өмсвөл хөл нь ядарна гээд. Гоёлын нэхий авахаараа энийг нь ажилдаа өмсөөрэй гээд бас нэг нэхий зэрэг авчихсан л байдаг. Би харин түүнийхээ авч өгсөн хувцаснаас нэгийг нь ч хасуулна, янзлуулна гэж оёдолчин руу барьж гүйгээгүй болохоор намайг их сайн мэддэг байж.
-Хүний төлөө хүн гэж их хэлдэг, тэр л зангийнх нь илрэл байх даа?
-Нөгөө “Эрэл”-ийн Эрдэнэбатыг сайдаасаа огцрох гээд буман нарны гэрлийн бөөн хэрэг мандахад Эрка ч манай хүн рүү утасдаад “Яах уу” л гээд байсан. Гэтэл манай хүн бүр шөнө “Нямдорж даргынд Эрка бид гурав сууж байнаа” л гэсэн. Тэгээд л маргааш нь Эрдэнэбат суудалдаа үлдэж байсан. Тэгэхээр тэр үед манай хүн өөрт нь хамаагүй ч гэсэн тэрийг зохицуулалцаад л явж байсан байгаа юм. Хотын дарга байхдаа хотын гадаад харилцааг тэлэхээс эхлээд их олон юмыг хийсэн. Би бүр нөхрөө “Баахан сахилгагүй, гэмт хэрэг хийдэг хүүхдүүдтэй айлын аав шиг л байх юм” гэдэг байсан. Нараа маань ер нь шөнийн хоёр цагаас эрт амарч үзээгүй л хүн дээ. Түүнийхээ хамаг бүхнээ зориулж явсан Улаанбаатар хотдоо л их юм хийнэ гэж хүү бид хэд бодож явна.
-Ярилцсанд баярлалаа.
massmn
URL: