Муу хууль гэж хэлэхгүй ээ, гэхдээ жижгүүдээ мартчихаж
Сонгуулийн тухай хуулийн төслийг наанаа удтал хэлцэгдэж, цаанаа тойргийнхоо тохироог хийчихээд, Ардчилсан намынхан хуучин суудал дээрээ Ерөнхий нарийн бичгийн даргаа нэмээд 45:45-ийн харьцаан дээр тохирох, үлдсэн 10 хувьд жинхэнэ тулаан хийх үгүйн завсарт тунгааж сууна. Тунгаах ч гэж тохирчихсон гэхэд болно. Учир нь МАН-ынхан тойргоо жижиглэхийг хүсч байгаа бол АН-ынхан тойргоо томсгосон хэлбэрээр сонгуульд оруулахыг зорьж буй. Энэ тал дээр л гэнэт маргаан дэгдчихгүй бол Сонгуулийн хуулийн төсөл баяртай, хууль сайн байна уу болж байх шиг. Юутай ч 76 гишүүний 48-ыг мажоритар системээр буюу тойргоос нэр дэвшүүлэн сонгож, 28 нөхрийг пропорцониаль буюу намын улсын хэмжээнд авсан саналд нь хувь тэнцүүлэн хуваарилахаар тохирлоо. Ингээд УИХ-д Ардчилсан намын бүлэг одоо байгаа 27 суудлаа хадгалахын зэрэгцээ дээр нь Ерөнхий нарийн бичгийн даргаа болон ганц нэгэн хүнээ нэмээд, Ардчилсан Ерөнхийлөгчтэйгөөр 2016 он хүртэл МАН-аас хагацахгүй явахаар шийдлээ гэх ч яриа бий.
Мэдээж хамтраад, яамдаа хувааж аваад шүү дээ. Ерөнхийдөө одоо байгаа Засгийн газрын бvгэц, УИХ-ын бvгэц тэгтлээ их задралгүй, 2016 оны нүүрийг үзэхээр шийдэв үү гэмээр зураг харагдаж байна гэх. Ардчилсан Ерөнхийлөгчийн замыг бол аль хэдийнээ засчихсан. Н.Энхбаярт МАХН нэрийг, М.Энхсайханд МҮАН нэрийг өгчихсөн нь огт санаандгүй хэрэг биш. 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших нөхрийн саналыг хувааж АН өөрөө голоор нь өрсөлдөгчгүй гуйх төлөвлөгөө гэх юм билээ. Үүнийг нь харсаар байж МАН-ынхан дуугүй зөвшөөрч байгаа нь тэдний хооронд “Ерөнхийлөгч” гэсэн нэгэн тохироо эрт хийгдсэн байгааг үгүйсгэх аргагүй. Ийм ирээдүйн зурган дундаас жижиг намууд болон бие даагч гэсэн зүйл огт харагдахгүй байна. Мэдээж хууль болохоор цогц зүйл байгаа л байх. Гэхдээ энэ нөхцөлд бол огт үгүй юм байна.
Хэрвээ У.Хүрэлсүх Засгийн газрыг удирдана гээд дайрчихгүй бол дээрх зураг нэг их эвдэгдэхгүй гэж ажиглагчид өгүүлж байгаа юм. УИХ дахь намын бүлгүүд холимог тогтолцоон дээр сууддынхаа тохироог хийж байгаа нь хөндлөнгөөс дайрчих гээд байгаа зарим нэг нөхдүүдэд хаалт болж байгаагаар онцлог харагдаж байна. Тухайлбал, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын нөхдөд. Нөгөө талд хэдэн төгрөг халааслаж, түүнийг өсгөх гэсэн хэн нэгэн дурын нөхрийн горилдог талбар УИХ биш шүү гэдгийг ч харуулж өглөө. Өөрөөр хэлбэл, төрийн түшээ болохын тулд нэлээд олон хүнд таалагдах шаардлага гарахын зэрэгцээ тийм ч бага мөнгөөр сонгуульд оролцохгүй. Жишээлэхэд, Дундговьд, Дорноговьд тус бүр ганцхан мандат оногдож байгаа нь тэр хэрээр өрсөлдөөн бий болж, дараа дараагийн парламентад хэдхэн сумдад санал авдаг нөхөд биш ядахдаа аймгийн хэмжээний улстөрчид болон орж ирэх магадлал байна. Яахав үлдээд байгаа 10 хувьд нь жинхэнэ тулаан өрнөх нь мэдээж. Эндээс жинхэнэ шаанстай, хэн сэргэлэнтэж, заль гаргасан нөхөр УИХ-д орж ирэх нь. Тэгэхээр ирэх сонгуулиар хуучин гишүүд гардгаараа гарч, зөвхөн 10 хувийн тулаан явагдах бололтой. Жижиг намууд болон бие даагчид бол бараг л цаашаа юм байгаа биз дээ.
Сайн талууд нь гэвэл ийм л байна. Мэдээж шинэ тутам хэрэглэхээр оруулж ирж байгаа зүйл сөрөг талууд байдаг л байх. Тийм ч учраас УИХ дахь хоёр бүлэг тохиролцоо хийж болж байгаа юм. Ирэх дөрвөн жилд хамтраад цааш явах боломж олгож байгаа хамгийн энгийн тогтолцоо нь энэ ч байж болох. Хүн ам олонтой аймгуудад дөрвөн мандаттай байдаг бол хоёр болсон. Жишээлэхэд, Хөвсгөлийн дөрвийн хоёр нь туугдах болно. МАН ч яахав, Ө.Энхтүвшингээ ч юм уу, С.Баяраа намын нэрээр оруулаад ирнэ байх. Тэд аймагтаа үзээд унасан ч дараа нь намаас гараад ирж болохоор харагдаж байгаа юм. Тэгэхээр ирэх 2012 оны парламентад Хөвсгөлд мажоритараас хоёр, пропорцониалаас нэг, нийтдээ гурван гишүүнтэй байх нь гэх жишээний зураг гарч байгаа юм. Харин Дорноговиос бол яалт ч үгүй нэг л гишүүн байх болчихоод байна. Одоо УИХ-д сууж байгаа шинэхэн хоёр гишүүнийг аль аль нам нэрээрээ бөөцийлөөд УИХ-д суулгачихгүй л болов уу, тэгэхээр цэвэр өрсөлдөөн тэнд бий болно. Үнэхээр намдаа нөлөөлж чадвал Дорноговиос нэр дэвшихээр зэхэж, багагүй хөрөнгөө хаячихсан гэж яригддаг Н.Анандбазарыг ч юм уу, хэн нэгнийг намаас нь гаргаж ирснээр хоёр гишүүнтэй болох магадлал байгаа юм.
МАН-д ихээхэн мөнгө цацсан гэж яригдаад байгаа нялхсууд мажоритараар орохгүй пропорциональ буюу намын нэрээр орно л гэх байх. Тэгэхээр өмнө нь өгсөн мөнгөн дээр дахиад тийм хэмжээний мөнгө гаргах гэх зэрэг багагүй зүйл болох аж. Хэрвээ мажоритарт олонхи болчихсон намд бол мэдээж намаас сонгогдох хувь буюу пропорциональ тогтолцоонд давуу эрх оногдоно гэсэн vг. Тэгэхээр сонгуулийн штабт үнэнчээр зvггэж намаа мажоритар системд ялалт авчирсан нөхдүүд намын нэрээр орж ирэх боломж бас л нээгдлээ гэсэн үг.
Нийслэлд бол жинхэнэ тулаан болно. Нэр дэвшигчид 1.4 сая хүн амтай нийслэлд 14-хөн мандатан дээр уралцах нь байна. Хуучин 20 гаруй мандатад багтаж чадалгүй үймээн тарьж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар яахав ээ гээд асуудал бас гарах нь байна. Мэдээж энэ гурвыг ямар нэгэн намаас УИХ-д суулгачихгүй. Тэгэхээр биеэ даана уу, жижиг намуудаасаа дэвшүүлнэ үү, эдний л эрхийн асуудал. Гэтэл шинээр гарч байгаа хуульд, энэ мэт жижиг гаруудад хаалттай юм биш үү.
Ерөөсөө бие даагчид ЗАлтайгаар төгсгөл болох нь бололтой. 45:45-ын харьцаан дээр орж ирж байгаагийн үлдсэн Юхувьд хэдэн 100 Алтай өрсөлдөнө шүү дээ. Гэхдээ акул намын гишүүдтэй гээд бод. Ийм л хуулийг бидний өмнө боловсруулж тавив. Муу хууль гэж хэлэхгүй ээ, дэлхийн улс орнууд ч өнөөдрийг хүртэл ашигласаар ирсэн хууль гэнэ лээ. Харин гэм нь бие даагч нар болон жижиг намуудаа мартчихаж, тэр нь зөв ч байсан байж магад. Яагаад гэхээр баруун зүүн гэсэн хоёрхон сонгодог жишигт хуваагдахаар хэдэн жил ярьж байгаа энэ цагт болохгүй зүйл ч бас алга.
С.Ууганбаяр
mongoliin medee
URL: