ХОЁР ЛАМЫН ЯВДЛЫГ ХАРАХААР ХОРВООГИЙН МӨН ЧАНАР ХООСОН БИШ ХООЛТОЙ ЮМ ШИГ
Осгонбаяр ламыг эртний эдлэл, хөөргийн дэлгүүр нээв гэж баахан шуугив. Мань эр ч мөчөөгөө өгсөнгүй “Хөөрөг цуглуулахад юуны буруу байгаа юм” гэж гөжүүдлэв. Нээрэн ч хувь хүний эрх талаасаа юу нь буруу байх вэ. Муугаар бодоход ямар нэгэн дайн дажин боллоо гэхэд хоосон сургааль номлолоос илүү ламтны цуглуулсан хөөрөг хэд гурван хүний амины золионд явах нь явах юм шүү уг нь. Осгонбаяраас илүү Баасансүрэн гэж улаан үоучин лам байна. Хархорины хийдийн хамба ламтан гэл үү дээ. Энэ хүн “Амьсгаагаа күү, күү гээд тат. Татаад бай. За яаж байна. Дэлбэрэх гэж байгаа биз. Өгөх нь авахаасаа илүү буянтай” гэх мэтээр уран панаалны юм ярьж үзэгч, сонсогчдын мөнгийг харин ч нэг хүүлж байна.
Ачир дээрээ энэ хоёр ламын үйлдэл шашин талаасаа мөнгө хүүлж байна, эд олж байна гэдэг утгаараа хэлний болоод үйлдлийн талаасаа ав адилхан нүгэлд тооцогдох байх аа. Явж явж муу юм болоход Осгонбаярын үйлдэл нь харин ч материаллаг талдаа буян болж, Баасансүрэнгийн амнаас гарсан хий бүхэн нүгэл болох нигуур машид их өндөр. Хов хоосноос эд мөнгийг бий болгож халаасалж байгаа гэдэг утгаараа тэр шүү дээ. Харин Осгонбаярын хэдэн хөөрөг яах вэ дээ, авдартаа хэвтэж байсан ч хүнд нэг их гай бололгүйгээр хожмын өдөр буянтай үйлд зарцуулагдахыг хэн ч хэлж мэдэшгүй юм. Мянган сайхныг худлаа номловол түмэн нүгэл болохыг ламын ёсны эрхмүүд мэддэг болчихвол, эсвэл ном айлдах боллоо ч гэсэн ядарсан түмэндээ сэтгэл зүрхний бэлэг болгоод үнэгүй хүргэчихвэл түүн шиг тус хаа сан билээ.
Л.Батцэнгэл (“Өдрийн сонин”-ы 2017.04.26-ны лхагва гарагийн дугаарт хэвлэгдсэн болно)
URL: