МАН-ынхан өөрсдийн Засгийн газраа ажиллуулахүй болтлоо хагарчээ

310c2968ff8d7dc67531667eec65f213_1200Долоон концессын гэрээг нуун дарагдуулж, Засгийн газрын сайдууддаа хуваагаад өгчихсөн хэрэгт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уначихаад байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн тодотголын үеэр яригдсан 744 тэрбум 90 сая төгрөгийн үнэ бүхий долоон төслийг ямар ямар компани барих, хэнд өгсөн бэ гэсэн улстөрчдийн маргаан нийгмийн анхаарал татсан нэг сэдэв болчихоод байгаа юм.
Эдгээр долоон концессоос заримыг нь онцолвол, “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”,  “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогццэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”, “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл, Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам барих, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих зэрэг дандаа чухал чухал төслүүд байгаа юм.
Олон жилийн турш яригдсан, нэг компанийн гэхээс илүү Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудын амьдралд хэрэгтэй том бүтээн байгуулалтын төслүүдийг Засгийн газар хөдөлгөхөөр зориг шулуудсанд нь талархууштай. Концессын гэрээгээр барина гэдэг нь компани эхлээд өөрийн хөрөнгөөр тухайн бүтээн байгуулалтыг хийж дуусгаад дараа нь төрөөс мөнгөө авахаар гэрээ байгуулахыг хэлдэг. Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрууд ч концессийн гэрээгээр маш олон бүтээн байгуулалт хийлгэж байлаа.
Концессын асуудлыг Аж үйлдвэрийн сайдад даатгаж, улмаар баруун замыг нийслэлтэй холбох автозамын ажлыг концессын гэрээгээр хийж байсан жишээ байна. Тэгэхээр энэ өчигдөрхөн л гарч ирсэн шинэ зүйл биш. Ж.Эрдэнэбат гэж нөхөр шинээр сэтгэж, баахан тендерийг хувийн харилцаагаар тараагаад байгаа асуудал огт биш гэдэг нь ч тодорхой. Тухайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд “цүнхтэй” компанид тендер өгч болохгүй. Заавал өөрийн гэсэн хөрөнгөтэй, ажиллах хүчин, техник технологийн боломжтой байх шаардлага тулгарна. Өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад дараа нь төрөөс мөнгөө авахын тулд цаасан дээр компани байгуулаад ажил авах боломж огтхон ч байхгүй юм.
Тиймээс долоон концесс хэн нэг сайдын эсвэл даргын халаас руу орно гэсэн мухар сохор хардлагад итгэх итгэл төрөхгүй нь. МАН-ынхан дотооддоо бужигнаантай, зодоонтой байгаа нь худлаа биш. Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн энэ намд ил далд өрнөж байгаа. Тиймдээ ч Засгийн газрыг муухай харагдуулж /үүний цаана намын даргаа муухай харагдуулах/, оноо авах гэсэн улстөрчид энэ асуудлыг дэвэргэсэн юм биш үү гэсэн хардлага байгааг ч нуугаад яахав. Үнэхээр Ерөнхий сайд хууль зөрчөөд концессыг тараачихсан бол яагаад Ц.Нямдорж гишүүн ганцаараа дуугарав. Өнөөх хүчтэй хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг сөрөг хүчний эсэргүүцэл хаана байна вэ. Засгийн газарт ажиллаж байгаа тэр сайдын компани авлаа гэсэн баттай баримт байхгүй учраас энэ асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгуулахад нэг ч гишүүн орохыг хүсээгүй гэнэ лээ.
Уул нь төрийн ажил, намын ажил хоёр салангид байх учиртайсан. Гэтэл улстөрчид төрийн ажлыг өөрийн нэр хүндээ өсгөх гэсэн ядмагхан пиартай ашиглаад байгаа учраас монгол төрийн нэр хүнд шалдаа хүртэл уначихаад байгаа юм. Эдгээр долоон концесс дунд өөрийн мөнчгөрөөр, цэвэр өрсөлдөөнөөс ялж гараад тендер авсан компаниуд чамгүй олон байгаа юм билээ. Тухайлбал, өмнөх компани нь өртөг мөнгөө авчихаад хаяад алга болсон Хан-Уул дүүргийн 300 ор бүхий төрөх эмнэлгийн асуудал байна.
Төсөвт өртгөө хэд дахин нэмж орхиод мөнгийг нь идчихсэн компанийн гайг олон мянган ээжүүд үүрсээр байгаа. Төрөхийн орны хүрэлцээгүй байдлаас болж олон мянган ээжүүд эмнэлгийн шалан дээр унтаж, бараг төрж байгаа нь худлаа биш. Гэтэл энэ ажлыг чинь үргэлжлүүлээд өгье хэмээгээд зориг гаргаад орж ирсэн компанийг “Чиний ард хэн нуугдаж байна. Чамайг шалгана аа” хэмээн дарамтлаад байгаа нь хэр зохистой асуудал вэ, улстөрчид өө. УИХ-ын дарга Ц.Нямдорж саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө би цагдаагийн байрыг 10 тэрбумаар бариулж байсан хэмээн ярьчихсан байна билээ.
Гэтэл хэдэн зуун ортой, цагдаагийн байрыг хоёр гурав ч нугалахаар том эмнэлгийн байрны өртөг 25 тэрбум байх нь тийм ч хардаж сэрдэж гүйх асуудал биш л байлтай. Ёстой л Ерөнхий сайдын хэлсэнчлэн та нар улс төрөө хийж, Засгийн газар нь ажлаа хийж болдоггүй юм уу. Монгол Улсын эдийн засаг сайнгүй байна. Бүтээн байгуулалт хийнэ гэж зориглох байтугай, компаниа дампууруулахгүй үлдэхийн тулд хаа хаанаа чардайж байна. Төр нь ажил хийх мөнгөгүй. Тийм атлаа ажлыг чинь хийгээд өгье, алдагдалтай байсан ч хамаагүй гээд ороод ирж байгаа компаниудыг цааш нь түлхэх бус харин ч уриалгахан хүлээж аваад ажлыг нь хийлгэвэл зүгээрсэн. Улсын ажил уг нь улс төрөөс ангид байх учиртай бус уу. Засгийн газар ч ялгаагүй.
Энэ мэт явган хэрүүл, улстөрчдийн оноо авах гэсэн шоуг үл тоож ажлаа хиймээр байгаа юм. Улстөржиж суусаар байтал улс орны амьдрал хэцүүдлээ. Төрийн ажлаа явган хэрүүлээс болж зогсоохгүй гэж найдъя. Хатуухан хэлэхэд, өнөө цагт концессын гэрээг төртэй хийх компани байгаа нь талархууштай асуудал юм биш үү. Өмнөх компаниуд нь мөнгөө авч чадахгүй жагсаал цуглаах хийхдээ тулж байлаа. Зарим нь ажлаа хийснийхээ төлөө “хэцүү нэрт”-д ачигдах шахсан тохиолдол ч бий.
Зарцуулсан мөнгөө авч чадахгүй дампуурлаа зарлаж байгаа ч компани их байгаа. Тийм байхад энэ ажлыг чинь хийгээд өгье гэж ороод ирэх чадалтай компани байна гэдэг нь олзуурхууштай хэрэг юм. Долоон концессын гэрээг хэлэлцсэн бүлгийн хуралдаан зүгээр ч нэг дэлгэгдээгүй. Үүнийг задлах сонирхол МАН-ын нэр бүхий улстөрчдөд байсан. Зарим нь өөрийнхөө компанийг оруулж чадаагүй учраас хор шар, атаархлаас болж асуудлыг дэврээж байхад нөгөө хэсэгт нь ард түмэнд “гоё” харагдах, оноо авах чухал байсан нь хэнд ч илхэн харагдаж байгаа юм.
Монголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих