29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 29 дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж буй талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Нийслэлийн засаг даргын захирамж гарч тус сургуулийн захирал Б.Батсайханыг хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн өнөөдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ талаар нийслэлийн Боловсролын Газрын дарга А.Даваажаргалаас тодруулахад, “29-р сургуулийн Б.Батсайхан захиралыг хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, Мэргэжил ур чадвар нь ажил үүрэгтээ тэнцэхгүй гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөллөө. Бидний нотолсон зүйл бол хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. Харин эрүүгийн шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, нотолно” гэв.
Харин Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ, “БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 29-р сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орлон гүйцэтгэгчийг томилохоор шийдвэр гарлаа. Бусад тусгай сургууль дээр ч мөн ийм асуудал байж магадгүй гэж үзсэн учраас Нийслэлийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулж, тусгай зургаан сургуульд хяналт шалгалт явуулан зохих арга хэмжээнүүдийг авахаар болно” гэв.
Одоогоор 29-р сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна.
Т.Гэрэл
URL: