Өрөө бүрт халуун тогооны хүүхдүүд

haluun_togoo

Мөн хажуугийн орон дээр хоёр гараа марлиар боолгосон дөрөв орчим насны хүүхэд хамартаа хүчилтөрөгч залгуулан унтана. Ээжийгээ сүүтэй цай чанаж байхад нь санамсаргүй тогоотой цайнд унасан гэж ээж нь дуу муутайхан хариулна. Энэ бол сэхээн амьдруулах тасаг дахь хүүхдүүд юм.

Гэмтлийн эмнэлэгийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан өдөртөө 2-3 мэс засал хийдэг. Түлэгдэлтийн ихэнх тохиолдол нь ахуйн орчинд болдог. Ялангуяа монгол гэр дотор хүүхдүүд их түлэгджээ. Өглөө, орой хоол хийх үеэр эцэг эхчүүдийн анхааралгүй байдлаас болж хүүхэд нь түлэгддэг байна.

Өөр өрөөнд цээжин хэсэг болон баруун гараа цагаан марлиар битүү ороосон охин орон дээрээ цомцойн томоотой сууна. Учир нь хамаагүй хөдөлвөл шархаа хөндөх аюултай гэв. Ой ч хүрээгүй бяцхан хүү таван хошуу адил дээш харан унтаж байлаа. Түүний гар болон цавь орчим нь түлэгдсэн учир ийм байрлалтай байлгах ёстой гэж ээж нь ярьсан. Яагаад түлэгдсэн талаар лавлахад нөгөө л нэг тогоотой хоол, цайнд түлэгдсэн гэнэ. Хэвтэн эмчлүүлж буй гурван хүүхэд тутмын нэг нь халуун тогооны гэх тодотголтой байна.

Жилд түлэгдсэн шалтгаанаар нас барсан арван хүний долоо нь 0-5 насны хүүхэд байна. Нас барсан хүүхдүүд бүгд биеийн олон хэсгийн гуравдугаар зэргийн түлэгдэлт оноштой байжээ.

Энэ тасгийн өрөө болон хонгилоор гар, хөлөө боосон, цамцныхаа ар хэсгийг нуруунаасаа хөндийрүүлж барьсан, ёолж, шаналсан царайтай үрс явж ядна.

Түлэнхийн төвөөс дараах зөвлөмжийг гаргажээ.

Түлэгдлийн үед үзүүлэх анхны тусламж

1-р зэргийн түлэгдлийн үед авах арга хэмжээ болон шинж тэмдэг:

·         Арьс улайх, хавагнах, хорсох

·         Түлэгдсэн хэсгийн хувцас, эд зүйлсийг яаралтай тайлах

·         Түлэгдсэн хэсгийг 10-15 минут хүйтэн урсгал усанд хөргөх

·         Өвчин намдаагч эм өгөх

·         3-4 хоногт бүрэн эдгэрнэ

2-р зэргийн түлэгдлийн үед авах арга хэмжээ болон шинж тэмдэг:

·         Цэврүү үүснэ, өвдөлт маш их, цэврүүг хэрхэвч хагалж болохгүй халдвар орно

·         Түлэгдсэн хэсгийг 10-15 минут хүйтэн урсгал усанд хөргөх

·         Өвчин намдаагч эм өгөх

·         Ариутгасан бинт, боолтоор дарж боох

·         10-14 хоногт бүрэн эдгэрнэ

3 ба 4-р зэргийн түлэгдлийн үед авах арга хэмжээ болон шинж тэмдэг:

·         Арьсны бүх давхарга гэмтэнэ

·         2-р зэргийн түлэгдлийн үед авах арга хэмжээг авах

·         Өвчтөн ухаантай, хэвлийн дотор эрхтэн гэмтээгүй бол шингэн сайн өгөх

·         Шокийн эсрэг арга хэмжээ авах

·         Эмнэлэгт яаралтай хандана

Анхаарах ёстой зүйл

·         Түлэгдсэн хэсэгт элсэн чихэр, элдэв тос, саван түрхэхгүй

·         Түлэнхийн талбай нь таван алга нийлүүлсэн хэмжээнээс их, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр хөл түлэгдсэн үед түлэгдлийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандана.

 Л.Булганчимэг

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих