Үзэл баримтлал, өнгө будаг ялгаагүй өрсөлдөгчид

Улаан, цэнхэр, ногоон… өнгө өнгийн намууд нэр дэвшигчийн жагсаалтад өөр өөрийн нэрээр бичигдэн ирэх сонгуульд өрсөлдөх нь бараг тодорхой боллоо. Өмнө нь энэ жагсаалтад зөвхөн Амараа, Баяраа, Ваанчиг нар бичигдэж, бид тэдний ард “нуугдсан” нам гээчийг мартан санан байж саналаа өгч ирсэн юм. Ирэх сонгуулиар улс төрийн намуудыг ч, хувь нэр дэвшигчдийг ч аль алийг нь сонгох болж байна.

Төрийн эрх хэнээс хэний гарт шилжихийг шийдэх Сонгуулийн тухай хуульд дээрх холимог тогтолцоог хуульчлахаар УИХ дахь хоёр намын бүлэг өнөөдрийг хүртэл зөвшилциж ирсэн юм. Хэрэв ирэх оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь гарцаагүй дээр юм бол одоо хуулийг нь хэдхэн хоногт амжиж батлахгүй л бол бүх зүйл хуучнаараа үлдэхээс өөр аргагүйд хүрээд буй. Учир нь сонгууль явуулахаас дор хаяж зургаан сарын өмнө хууль батлагдсан байх ёстой. Хугацаа тун бага үлдээд байгаа энэ үед хоёр талаас хүлээн зөвшөөрч болох хувилбар даваа гаргийн МАН-ын бүлгийн шийдвэрээс тодорхой болсон. Энэ нь улс төрийн намуудын авсан саналын хувиар УИХ-ын 28 суудлыг хуваах хувилбар. Энэ тооны их, бага дээр хоёр намын бүлэг санал зөрж магадгүй ч ирэх сонгуульд пропорциональ буюу хувь тэнцүүлэх элемент орж ирэх нь тодорхой болсон гэсэн үг. Ингээд намуудын улаан, цэнхэр, ногооны ялгаа одоо л хэрэгтэй болж, тэд шууд утгаараа нэр дэвшигч болох эрх зүйн нөхцөл үүслээ.

Төрийн эрх мэдлийг зөвхөн улс төрийн намуудаар дамжин хэрэгжүүлдэг. Сонгуульд ялсан намын бодлого төрийн бодлого болж хэрэгжинэ гэсэн үг. Тэгэхээр тухайн нэр дэвшигч чухал ч, түүний намын бодлого бүүр ч чухал зүйл юм. Бид намын бодлого харж сонголт хийж дадаагүйн учир шалтгаан нь хүнийг шууд сонгодог мажоритари тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, мажоритари тогтолцоонд нэр дэвшигчийн буюу хувь хүний хүчин зүйл хүчтэй нөлөөтэй. МАХН-ын сүр хүчний нөлөө сулраагүй шилжилтийн эхэн үед олонд танигдсан дарга байх нь сонголтод хүчтэй нөлөөлж байсан бол сүүл рүүгээ мөнгө чухал хүчин зүйл болж хувирчээ. Одоо намууд бодлого хайхгүй, тойрогтоо нөлөөлөх мөнгөтэй нэр дэвшигчийг эхлээд хайдаг болсон.

Хэдийгээр мажоритари давамгайлах боловч пропорциональ элементийг сонгуульд оруулж ирсэн нь дэвшил авчирна гэж олон хүн үзэж байна. Пропорциональ гэдэг нь намуудын нэрээр санал авах хэлбэр. Намууд авсан саналынхаа хувиар парламентад суудал авах боллоо. Саналын төлөө өрсөлдөх намууд одоо хэрхэн яаж ажиллах вэ гэдэг чухал бөгөөд сонирхолтой үйл явц энэ удаагийн сонгуулиар өрнөх болно.

Парламентад үнэмлэхүй олонх, цөөнх болж эрх мэдлээ ээлжлэн солилцож байсан МАН, АН хоёр өнөөдөр хамтарч Засгийн эрх барьж байна. Нэг нь зүүний, нөгөө нь барууны бодлоготой гэгддэг ч хамтарсан дөрвөн жилдээ халамжийн бодлогыг хавтгайруулсан. Үзэл баримтлалын өнгө будгийн ялгаагаа энэ үеэс алдсан гэж болно. Өнөөгийн МАН МАХН байх үедээ газар өмчлөлийг хэрэгжүүлсэн бол Ардчилсан нам тэр үед зүүний маягийн шаардлага дэвшүүлж, цалин тэтгэвэр нэмэх, халамжийг нэмэгдүүлэх уриалга дэвшүүлж байсан. МАН, АН-ын аль аль нь цаг үеийнхээ захиалгаар либерал бодлогыг ч, зүүний бодлогыг ч хэрэгжүүлж явсан гэхэд болно. Өнөөдөр тэдний өнгө улам илүү сүлэлдэхэд нөлөөлсөн зүйл нь хамтарч Засгийн газар байгуулсан явдал. Гэлээ ч тэд сонгуулийн өмнө салж, өөр өөрсдийн өнгөндөө орох л хэрэгтэй болох байх.

Хоёр намын тогтолцоо руу шахдаг мажоритари тогтолцоогоор сонгууль явуулж ирсэн ч УИХ-д гуравдагчид байсаар ирсэн. Тэдний тууштай төлөөлөл болох ИЗН. Д.Энхбатын Ногоон нам өнөөдөр парламентын гуравдагч хүчнээр нэрлэгдэж таарна. ИЗН сонгогчдын 10 орчим хувийн саналыг тогтмол авч ирсэн гэж үздэг. Пропорционалиар тооцвол парламентын суудлын 10 хувь буюу дор хаяж бүлэг байгуулах хэмжээний найман гишүүн гэсэн үг. Иргэний зориг нам үзэл баримтлалаа консерватив, ерөнхийдөө барууны чиглэлийн гэж тодорхойлдог. Харин Ногоон намтай нэгдсэнээс хойш чухам юу болсон нь тодорхойгүй. Яагаад гэхээр Ногоонтнууд зүүний жигүүрт багтдаг гэсэн ойлголт бий.

Өмнөх сонгуулиар Иргэний эвсэлд нэгдэн өрсөлдөж байсан НН, МСДН, Иргэний хөдөлгөөний намууд эвслийн үйл ажиллагаагаа цаашид явуулахаа мэдэгдээд байгаа. “Ногоон намыг цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг Улсын дээд шүүх олгосон нь Иргэний эвслийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэх боломж өглөө” гэж мэдэгдээд байгааг анзаарах ёстой. Дээрх гурван нам Ногоон нам дээр нэгдэн төвлөрөх, ингэснээрээ намуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэх давуу талыг олж болох юм. Намуудын бүртгэл, нэрсийн жагсаалт дахь дэс дугаар яагаад ч юм ач холбогдолтой байж ирсэн.

Гэхдээ одоо сонгогчдод намуудын нэрийн дээр дороо бичигдэх нь сонин биш, бодлогын ялгаа л уг нь чухал байна санж. Парламентад эрх барьж байгаа хоёр нь  хамтарсан тодотголтой. Гуравдагч болсон хоёр нь ч нэгдсэн тодорхойлолттой. Гаднахууд нь ч нийлэх төлөвтэй. Энэ салаа замын алинаар нь явах вэ гэдэг шиг энэ олон ижил намуудын алийг нь юугаар нь ялгаж сонгох болж байна аа гэж сонгогчид асуух хэмжээнд хүртлээ намууд хосолж, бас хоосорчээ. Тэдэнд үзэл баримтлал, өнгө төрх гээч юм бараг алга. Заримд нь үүх түүх ч байхгүй.

Сонгогчдыг нэр дугуйл, эсвэл нам дугуйл гэж хэлэхэд амархан л даа. Гэтэл тэдэнд сонголтоо хийхэд бас “материал” хэрэгтэй шүү дээ. Сонголтын жагсаалтад хуулиар ороод ирж буй намууд нэг нэгнээсээ ялгарах дуу хоолой, үзэл баримтлал, өнгө будгаа одоо л сонгогчдод ялгаж салгаж өгөх хэрэгтэй байх. Уг нь өнөөдрийн намууд анх үүсч байхдаа үзэл баримтлалтай байсан санагдана, улаан, цэнхэр гэхчлэн… Өнөөдөр тэд үзэл баримтлалын ялгаралгүй болтлоо уруудсан мэт. Эсвэл сонгогчид өнгө ялгадаггүй болчихсон юм болов уу.

З.БОРГИЛМАА

“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих