Балчир үрс маань балмад “новшуудын” гарт амиа алдсаар байх уу
Томчууд бид хүний эрх хэмээн цээжээ дэлдэж тэмцэлдэх дуртай.
Гэтэл яагаад хүүхдийн эрх гэж ярьж болохгүй гэж. Эхэс дээдэс нь Оюутолгой, Тавантолгойгоор талцан муудалцаж байхад энгийн ажилчид нь цалин хөлсөө нэмүүлэх гэж тэрсэлдэнэ. Харин “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг үрс маань хараа хяналтгүй хөсөр хаягджээ.
Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлдгийг энэ цагийн эрх мэдэлтнүүд умартсан бололтой. Өнгөрсөн хугацаанд өлгийтэй нялхасаас авахуулаад өсч торнисон хүүхдүүд хүртэл гэмт халдлагад өртөж амь насаараа хохирлоо. Хуулинд заасан үндэслэл журмын дагуу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай (насанд хүрсэн) гэж тооцоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг “хүүхэд” гэж үзнэ хэмээсэн байдаг.
Гэтэл гэмт хэргийн халдлагад өртөж буй хүүхдүүдийн дийлэнх нь 0-18 насныхан байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаар энэ оны эхний арван сарын байдлаар насанд хүрээгүй 71 хүүхэд нас барж, 551 хүүхэд гэмтэж бэртсэн байх юм. Мөн насанд хүрээгүй 320 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол өдөрт 2-3 хүүхэд гэмт хэрэгт өртдөг байна. Хуулинд зааснаар бол энэ насныхан эцэг, эх асран хамгаалагчынхаа хайранд жаргаж байх учиртай.
Гэвч үнэндээ гэр бүл гэсэн нэрийн дор гудамжинд гарч гуйлга гуйх нь энүүхэнд болж. Энэ байдал нь өнөөх хүүхдийн эрх гээчийг нь бүдүүлгээр зөрчиж буй хэрэг юм. Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаас л эрх нь зөрчигдөж, бусдад адлагдаж хүний орчлонд хөл тавьж чадалгүй буцдаг болж. Бүүр цаашлаад амьд нэгнийг нь гялгар уут, саванд хийж гуу жалганд хаяна. Өнөөх хүүхдийн төлөө “За” гэсэн уриа, лоозон яасан бэ. Тэдэнд “За” гэж хэлэх нь байтугай “Үгүй” гээд харц бууруулаад байгаа хэрэг юм биш үү. Энэ бүгдээс харахад монголчууд бидний ухамсар хэрхэн доройтсоныг харж болох нь.
Хүүхдийн эрхийг хамгаална хэмээн сүржин уриа сүрхий нэртэй байгууллагууд цөөнгүй бий. Бидэнд олдсон мэдээллээр хүүхдийн эрхийг хамгаалдаг 700 гаруй байгууллага улсын бүртгэлд бүртгүүлжээ. Гэтэл эдгээр байгууллагын үйл ажиллагаа юунд чиглэгддэг, ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхой бус байсаар. Хүүхэд бусдын хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах, бусдад зодуулах, хулгайлуулах гэх мэтээр гэмт хэргийн золиос болсоор байхад ганц үг ганхийхгүй нүд сохор, чих нь дүлий “Үлгэр ярьж” үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна.
Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь хэрээс хэтэрлээ. Хүүхдийн нэрийг урдаа барьж хулгай, дээрэм хийлгэх, адаг сүүлд нь амийг нь хөнөөх явдал улам гаарлаа. Албан байгууллага хэмээх нэрийдлээр ашиг олж байх хойгуур чинь алдрайхан үрс маань балмад “новшуудын” гарт тарчилан зовж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна уу.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Бага насны хүүхэд хулгайлдаг бүлэглэл баригдлаа”, “Бага насны хүүхдийг мөчилж хөнөөжээ”, “Туул голын бургаснаас нярай хүүхдийн цогцос олдлоо”, “Зочид буудлын өрөөнөөс нярай хүүхэд олдов”, “Бага насны хүүхдийг хүчирхийлж, мөчилж алжээ”, “Амь насыг нь хөнөөгөөд, цогцсыг нь шатаажээ” гэсэн гарчигтай сэтгэл сэртхийлгэм мэдээлэл цацагдах болсон нь нийгэмд аюулын харанга дэлдэж буй.
Гэтэл үүнийг эцэг, эхийн буруутай үйлдлээс болж ийм хэргүүд гарч байгаа хэмээн хүүхдийн эрхийг хамгаалах болон хүчний байгууллагууд буруутгадаг. Энэ нь үнэний ортой ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах нь тэдний хийж гүйцэтгэх ёстой ажил баймаар. Бага насны хүүхдүүдээр гарынхаа чилээг гаргаж буй гэмтнүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хийсэн нүглийг нь эдлүүлэх учиртай.
А.Лхагважав
URL: