Сөүлд барилгын нурангинд дарагдсан хоёр Монгол хүнийг аварчээ
СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн бямба гарагт Сөүл хотод барилгын нурангинд дарагдсан Монголын хоёр иргэнийг аварчээ.
Өмнөд Солонгосын Ганнам дүүргийн Гал түймэртэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, тус дүүргийн Йоксам хорооны нэгэн барилгыг нураан буулгаж байх үед барилгын ажилчид болох хоёр монгол хүн нурангинд дарагджээ. Тэд өөр дөрвөн хүнтэй ажиллаж байсан аж.
Зоорийн гурван давхар бүхий таван давхар барилгыг бямба гарагийн өглөөний 9:57 цагт экскаватораар нурааж эхэлсэн байна.
Аврах албаныхан барилга дахин нурахаас сэргийлэн барилгын нурангийг гараар зөөн холдуулж, үдийн 12:00 цагийн үед эхний хүнийг, үүнээс 1 цаг 30 минутын дараа хоёр дахь хүнийг аварчээ.
Хоёр ажилчныг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн гэж Гал түймэртэй тэмцэх газрын аврагчид мэдэгдлээ.
Хариуцсан хүмүүс барилгын талбай дахь аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн эсэхийг мөрдөн шалгана гэж Цагдаагийн газар хэлэв. /2017.04.22/
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг
URL: