Франц: Э.Макрон, Марин Ле Пен нар тунаж үлдлээ

2d6oq2v4ho4mkkclm26tn64rid_bФранц улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 11 нэр дэвшигч өрсөлдсөнөөс төвч үзэлт, “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн Э.Макрон, хэт барууны үндсэрхэг үзэлт “Үндэсний фронт“ намын дарга, хатагтай Марин Ле Пен нар хамгийн өндөр санал авч, хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр тунаж үлдлээ. Энэ сарын 22-нд болсон санал хураалтад 36 сая орчим сонгогч саналаа өгснөөс 23,82 хувь нь Макроныг, 21,58 хувь нь Ле Пенийг дэмжсэн байна. Тэдний ард хэт зүүний үзэлт Жан-Люк Меланшон 19,49 хувийн саналаар бичигдсэн байна.

Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгүүдээс сонгуулийн албан ёсны дүн зөрөөгүйг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн нэр дэвшигчийн  хэн нь ч 50 хувийн босго давж чадах боломж харагдахгүй байгаа  учраас сонгууль хоёр үе шаттай болох,  олон нэр дэвшигчийн хэн нь ч 50 хувийн босго давах боломжгүй тус  энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр шаттай болно гэж үзэж байсан судалгаа болон шинжээчдийн таамаглал ийнхүү батлагдав. Энэ нь тус улсын түүхэн  дэх хамгийн дуулиантай бас урьдчилан таамаглах аргагүй сонгууль болж байгаа гэдгийг РИА Новости мэдээлжээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт  тавдугаар сарын 9-нд болж, тус улс шинэ Ерөнхийлөгчөө угтан авна.

Европын холбооны нөлөө бүхий орон Францын хувьд шинэ Ерөнхийлөгч хэн байхаас хамаараад олон өөрчлөлт гарах магадлалтайг шинжээчид сануулж буй. Тухайлбал, хэт барууны үзэлт Марин Ле Пен Ерөнхийлөгчөөр сонгогдвол Францын эрх ашгийг хамгаалахын төлөө лалын шашны хэт давруу үзэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Д.АРИУН /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих