Баллигалли шилтгээний аймшигт хий үзэгдэл
Хурц нартай өдөрт Баллигалли шилтгээний гаднах өнгө үзэмж үнэхээр нүд баясгам, Умард Ирландын тэнгисийн танан өнгийг санагдуулахуйц сайхан харагддаг бол харин өлөн салхи урьсан түнэр харанхуйд яг л тавиад оны аймшгийн киноны дүр төрхийг эрхгүй санагдуулна. Энэ шилтгээнийг чиглэсэн эрэг орчмын зам ч бас бүхнийг нууцалсан хар өнгөөр харлан зурайдаг бол хувингаар цутгах мэт бороотой шөнө хааяа нэг аянгын гялбаанд шотланд маягийн боржин чулуун хана хэрэм нь үнсэн саарал өнгөөр тодрон үзэгдсэнээ төдөлгүй харанхуйд уусан шингэх нь яг л хий үзэгдлэл мэт!
Шилтгээний хонгилын нэгээхэн буланд умардын салхи жижиг цонхоор нь нэвт шувт үлээж исгэрсэн багахан өрөө байх бөгөөд зарц, хаалгач нар түүнд хий үзэгдэл, сүнс гүйдэл, албин чөтгөр үүрлэсэн гэж хэлэлцдэгээс тэр үү тэнд хүн амьдрах байтугай үдэш оройн цагаар хэн ч тийшээ зүглэхээс зүрхшээх ажээ. Тэнд ийнхүү хэн ч үл амьдрах өрөө бий бөлгөө. Гэсэн хэдий ч Баллигалли шилтгээ өнөөдөр эртний шилтгээн байхаа болиод 1950-оноос хол ойрын гийчдэд дарагдсан гурван одтой буурчийн газар болон хувирчээ. Белфаст хотоос умар зүгт хорин бээрийн газарт байрлах энэ Баллигалли шилтгээг угтаа бүүр дээр үед, тодруулбал 1913 онд энэ нутагт ирсэн Шотландын Гринокоос гаралтай Жеймс Шоу гэгч анх байгуулсан гэдэг. Бараг таван футын зузаан ханатай энэ лут цайзыг тийнхүү барьж байгуул-саны дараахан тэр эр хатагтай Изабель Шоутай хуримлаж, улмаар тэдэнд нэгэн охин заяаснаас хойш энд хий үзэгдэл, сүнс гүйдэл хоргодох болсон гэж олноор хэлэлцдэг аж.
Охинтой биш харин удам залгах нуган үртэй болохыг туйлаас хүсч байсан Жеймс уурлан хилэгнэж, эхнэрээ тэнгисийн зүг харсан нэгэн өрөөнд ганц биеэр нь чандлан хориход цаадах нь цонхоор унаж үхсэн, тэрчлэн Жеймс Шоугийн тушаалаар зарц хиа нь Изабелийн гараас охиныг булааж шатны уруу шидэж амийг нь хөнөөсөн аймшигт явдал энд болжээ.
Энэ тухай ингэж сонссон надад уг явдал нэг л хуумгай санагдлаа. Мэдээж хэрэг хэдийгээр охин төрсөн ч Жеймс Шоуд дахиад нуган үр төрөх боломж байсан болохоор дээрх домог таамаг тийнхүү хуумгай саанагдаж, эл явдлыг сайтар нягталсны эцэст огт өөр хувилбар бүхий нэгэн гунигт түүхийг мэдэж билээ. Хатагтай Шоу нөхрөөсөө далдуур нэгэн усан цэрэгтэй учир ургуулсанаас үүдэж Жеймс, Изабель хоёрын анхны тэр хүүхэд нь хууль бус, харин хэргийн эзэн нөгөө усан цэргийн нууц хүүхэд байсанд хилэгнэж хорссон гэрийн эзэн эхнэрээ чандлан хорьсон ажээ. Ингээд хатагтай Шоу цонхоор нисч үхсэн эсвэл зандалчны гарт хөнөөгдсөн байж болох тэрхүү аймшигт хэрэг болж өнгөрсөнөөс хойш хэдэн ч жаран, зуун жил улиравч эмгэнэлтэйгээр нас нөгчсөн эзэгтэйн сүнс хуучин шилтгээндээ, тодруулбал хонгилын булангийн гэгдэх нөгөө өрөөндөө хий үзэгдэл, албин болон хоргодон үлдсэн гэдэг. Гэвч Баллигалли нэртэй энэ хуучны шилтгээнд зөвхөн эзэгтэйн сүнс хоргодож үлдээгүй бас бус учир явдлууд оршдог гэнэм.
Ольга Хенри ахайтан хуучны шилтгээ бүхий Баллигалли буурчийн газрын эрхлэгчээр 2003 оны нэгдүгээр сараас эхлэн ажилласаар өнөө хүрэхдээ урьд өмнөхийн тэр болсон явдал, өнгөрсөн түүхийг огт сонсоогүй байсан бөгөөд сонссон ч сүнс сүг, албин гүйдлийн тухай нэг их тоох ч үгүй нэгэн ажээ. Хэр баргийн цуу ярианд нэг их итгэдэггүй, ёс журмыг хатуу баримталдаг Хенри ахайтан саяхнаас “Би элдвийн хий гүйдэл, сүнс сүгний тухай домог яриаг энд ирээд сонссон ч энэ бол зохиомол цуу гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр манай энэ буурчийн газарт үнэхээр нэг юм байх шиг ээ!” гэж догдлон хэлэх болжээ. Буурчийн газрын гүйдэлтэй, бас сүнстэй ч гэгдэх нөгөө булангийн өрөөний харалдаа доод давхарт зочдод зориул-сан дөрвөн хэсэг тасалгаатай өрөө байх бөгөөд айлчин гийчдийн зарим нь зориудаар тэнд тухлахаар урьдчилан захиалдаг нь алив нэгэн учир явдлаас үүдэлтэй ажээ. Холоос ирсэн нэгэн хархүү тэнд тухлаад дуг нойрондоо дугжирч байхдаа этгээд хачин зүүд зэрэглээтэй учирчээ. Гэрт нь түүний дөрвөн хүүхэд үлдсэн аж. Яг шөнө дунд тэрээр түрүүлгээ харан унтаж байхад ар нуруунд нь хэн нэгний цэл хүйтэн бяцхан гар хүрэхийг мэдэрсэн гэнэ. Алс хол суугаа хүүхдүүдийнх нь нэг нь юунд энд ирэв? гэж нойрон дундаа бүүр түүр бодсон нөгөө эр цочин сэрэхэд харин нэгэн үл таних жаахан хүүхэд өрөөн дотор ганцаараа инээж гүйж байснаа төдхөн алга болчихжээ. Айсан нөгөө хүн дан шалбууртай чигээрээ хонгилд гүйн гарч ирээд байдгаараа орилоход үйлчлэгч, хаалгач нартай хамт Хенри ахайтан сандралдан хүрч очоод зочноос энэ бүхнийг сонсоод өөрсдөө ч айж орхисон гэнэ.
Энэ шилтгээн буудалд хооллох зориулалт бүхий хоёр хэсэг өрөө байх бөгөөд нэгийг нь Бүрэнхий, харин нөгөөг нь 1625 гэсэн нэртэй ажээ. Урьд өмнө нь Бүрэнхий өрөөг гяндөн өрөө гэж нэрлэдэг байсан хэдий ч Хенри ахайтан өөрөө тэнд байрлах болсоноор нэрийг нь арай өөрчлөн нэрлэх болжээ.
Нэгэн удаа тэр газрын нэр хүндтэй хэдэн хүмүүс тус шилтгээнд зоог барих захиалга өгөхөд Хенри ахайтан Бүрэнхий өрөөг урьдчилан бэлдэж, бүтээлэг дэвсэж ширээ засан бүх юмыг жин тан болгосон байна. Зоог барих зочид хүлээлгийн танхимд цугларан өөр хоорондоо мэндчилэн хуучлаж эхлэх үеэс ахайтан Бүрэнхий өрөөг онгойлгон орж ирэхэд хэдхэн мөчийн өмнөхөн бүх юм жин тан, гялалзаж гялтганаж байсан бүхэн нь бөмбөгдсөн юм шиг хөглөрч байжээ. Хундага, сэрээ, аяга, таваг дээр дооргүй хөглөрсөн байхаас гадна сайтар арчиж зүлгэсэн хуучны дугуй толь, лааны тавиур дээр хэдэн арван жилийн хур зузаан тоос сааралтан бүрхсэнийг үзээд өрөөний ганцхан хувь түлхүүр зөвхөн өөрт нь байсныг сайтар мэдэх ахайтан зочдыг өөр өрөө рүү оруулж зоог барилтыг зохион байгуулжээ. Тэр явдлаас хойш шилтгээ буудлын нөгөө гүйдэлтэй өрөөнөөс гадна бусад өрөө, тасалгаа, хонгилоор нялх хүүхэд инээж гүйх, эмэгтэй хүний торгон хувцас сэржигнэн, хэн нэгний хөлийн чимээ сонсогдохоос гадна эзгүй өрөөнүүдийн хаалга нээгдэх, крант нээж ус гоожуулах, хана туурга, хаалга цонх нүдэх чимээ шуугиан байсхийн болдгоос болоод сүүлдээ айж жихүүцсэн зочид тэнд бууж тухлахаа байжээ. Баллигалли шилтгээн-буудлын чөтгөр шулам, хий үзэгдлийн тухай яриа амнаас ам дамжин яригдсаар сониуч зантай хэвлэл мэдээллийнхний сонорт хүрчээ. Ялангуяа Изабель Шоу хатагтайн сүнс нь гүйдэлтэй өрөөндөө хамгийн ихээр илэрдэг тухай сонссон Радиогийн Би-Би-Си агентлагийн сурвалжлагч хатагтай Ким Ленагхэн нэвтрүүлэг хийхээр хуучин шилтгээнд ирэхэд ахайтан түүнд бүхий л болсон явдлыг өгүүлжээ.
Гэтэл К.Ленагхэн:
- Зул сар дөхөж байгаа тул түүнд зориулсан хөгжилтэй нэвтрүүлэг хийе! Хүмүүс сүг сүнс, хий үзэгдэл байдаг тухай нэвтрүүлэгт их л шимтэх болохоор би өөрөө хий үзэгдэлтэй тэр өрөөнд хонож үзье! гэж гуйхад ахайтан нөгөө л үзэж харсанаа ахин өгүүлэв. Харин сурвалжлагч бүсгүй түүний хэлсэн бүгдэд үл итгэн инээд наргиа болгох тул хүссэн ёсоор гүйдэлтэй өрөөнд хонуулах болжээ. Ким Ленагхэн бүсгүй тэр тухай ийн өгүүлсэн байна. Кимтэй урьдчилан тохирсон ёсоор түүнийг тэр өрөөнд хуучны нууц тарнийг эзэмшсэн Сэлли хэмээх бясалгагч удган авгайн хамт хонуулжээ. Нөгөө л өлөн салхи улин исгэрсэн хүйтэн өрөөнд тэд хамтдаа, удган авгай далд сүнс, албин чөтгөртэй харьцах уншлага тарниа уншсаар яг шөнө дундын үе хүргэхэд хаа нэгтээгээс эхүүн үнэр хамар цоргиж, өрөө тасалгаанд тэднээс өөр хэн нэгэн орж ирсэн мэт сандал ширээ, ханыг зураг цонхны шил чичиргэн доргиж эхлэв.
Сүнс, хий үзэгдлийг хүлээж байсан Ким төдхөн халууцаж дуу хураагуурын товчлуураа даран удган болон түүнтэй харьцаж буй сүнсний яриа хөөрөөг бичиж авч байв. Өрөөнд эмэгтэй хүний орилох, Роберт гэж дуудах чимээ гарч хамаг юм чичрэн доргиж байснаа төдөлгүй намжив. Харин удган уншлагаа уншиж ,дуусч байна. Удганыг уншлагаа уншиж тарни бясалгалаа хийж эхэлмэгц өрнөсөн энэ явдал ердөө долоо найман минут хэртэй болж өнгөрөхийг өөрийн нүдээр харсан сурвалжлагчийн ар нуруу нь хүйт оргиж айсандаа үг хэлж чадахгүй байхыг сая л анзаарсан удган түүнийг тайвшруулаад:
- Тэр бол хатагтай Шоугийн сүнс. Түүнээс нялх охиныг нь булаан авахад тэрээр өгөхгүй гэж хичнээн тэмцэвч хүчинд автжээ. Эцэстээ тэр хатагтай охиныхоо төрсөн эцэг Роберт хэмээх усан цэргээ дуудаад арга ядсанаа уйлан хэлж байна. Түүнээс айх хэрэггүй. Тэр ердөө золгүйгээр эрсдсэн охиноо л эрж хайсаар сүнс нь энд ийнхүү олон зуун жилээр хоргодсон бөлгөө! гэж тайлбарлаад гарч одлоо.
Ганцаар үлдсэн Ким Ленагхэн цүнхнээсээ шарз дарс гарган нэлээд балгав. Зориг орсон бүсгүй үүр цайтал тэр өрөөнд байхаар шийджээ. Харин үүр цайхын өмнө гүйдэлтэй өрөөнөөс хар тэнхээгээрээ хашгиран гарч ирээд үүдний шалан дээр ухаан алдан унасан Кимийг хаалгач нар өргөн аваачиж асарч сувилсаар өглөөг хүргэв. Өглөө нь Хенри ахайтны өмнө дагжин чичрэн байж урьд шөнийн үзсэн харсанаа өгүүлсэн Кимийг аргадан тайвшруулсан ахайтан түүнийг дагуулан нөгөө гүйдэлтэй өрөөнд ороод өчигдөрхөн арчсан толин дээр олон арван жилийн өнгөр зузаан тоос тортог тогтож, харин түүн дээр “Ким” гэж хэн нэгэн бичсэнийг үзлээ. Тэр бол сурвалжлагчийн үлдээсэн гарын үсэг биш. Харин нөгөө л золгүй сүнс үүрээр дахин амь орохдоо нялх балчирдаа золиос болон үрэгдсэн бяцхан охиноо эрж нэрийг нь бичсэн байж, болох юм хэмээн Хенри ахайтан өөртөө таамаг дэвшүүлэв. Төдөлгүй урьдын тэр шилтгээн рүү сониуч нэгэн ч ирэхээ байж хий үзэгдэл хоргодсон сүнснээс айсан хаалгач, зарц нар төдийгүй Хенри ахайтан тэндээс бүрмөсөн зайлан оджээ. Эзгүйрч хоцорсон шилтгээний түүх ийм л учиртай бөлгөө.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: