С.Эрдэнийн дарангуйлалын эсрэг нэгдэл
Н.Алтанхуяг сэлэм далайж, Р.Амаржаргал дэмнэх хувилбар.
АН-ын дарга С.Эрдэнэ “Хэрвээ АН-д дургүй бол гараад явна биз. АН-ын гишүүн хүн байж намаа муулаад л, сөрөг мэдээлэл цацаж байгаа ахлаа энэ намд байх ямар хэрэгтэй юм. Тэр хүмүүст хариуцлага тооцох тогтолцоог чангатгана. Шуудхан хэлэхэд, жаахан хатуу гараар л ажиллана. Дотоод сонгуулийн үеэр эхнээс нь хатуу гараар харьцаад эхлэхээр маш их шүүмжлэл ирлээ” хэмээн хэвлэдд өгсөн ярилцлагаараа дамжуулан гишүүддээ жавтий хүртээв.
Хариуд нь нийтлэлч Баабар “Юу вэ, энэ чинь шорон биш шүү дээ. Улс төрийн нам бол сайн дураар орж гарч болдог нээлттэй, улс төрийн олон нийтийн байгууллага. Улс төрийн намыг чанга гараар удирддагддаг гэмт хэргийн бүлэглэл болгох гээд байнаа даа?” хэмээх шүүмжийг өөрийн бичсэн нийтлэлээрээ дамжуулан намын даргадаа дайв.
Сонгуулийн дараалсан ялагдал, намын даргын сунгаа, дотоод сонгуулийн үйл явцаас Ардчилсан намын дотоод уур амьсгалд хэдийнэ шуурга дэгдээд буй. Нэг үгээр хэлбэл, Монголын улс төрийн нам, хүчнээс хамгийн том шинэчлэлийг өрнүүлсэн хэмээх эерэг мессежид дөрөөлсөн нам доторх эрх мэдлийн хуваарилалт нь С.Эрдэнэ ба бусад гэсэн механик нэгдлийг бий болгосон хэрэг. Үүгээр үндсэндээ С.Эрдэнэ хийгээд “Шонхор”, “МоАХ” гэсэн хоёроос бусад фракц нь өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, намын дарга, нэгээхэн хэсэг бүлгийн эсрэг тэмцэлдэн босох цаг ойртсоор байна. Өнгөрсөн хугацаанд болон өнөөдөр ч өрнөж буй улс төрийн акц, үйл явдлын хураангуйгаас харахад энэ бослогын эхний эгнээнд Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”, “МоАН” фракцынхан зогсож байгаа мэт. Харин Н.Алтанхуягийн АН-ын удирдлагууд руу далайх сэлмийг дэмжих, дэмнэх хүн нь МҮДН-ын Р.Амаржаргал тэргүүтэй эрхмүүд байх нь дамжиггүй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд Засгийн газрыг нь огцруулсан үеэс АН-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нартай зөрчилдөж эхэлсэн байдаг. Тэгэх нь ч аргагүй. Ахлах зөвлөхөөс нь эхлээд ах, дүү нарыг нь Авлигагай тэмцэх газраас уяж эцэстээ түүхэндээ хамгийн удаан хугацаанд ажилласан тодоттолтой Засгийн газраа АН-ынхан өөрсдөө огцруулахад “Шонхор”, “МоАХ” фракцынхан голлох үүрэгтэй оролцсон нь Н.Алтанхуягийн хувь заяаг шийдэх чуулганы нэгдсэн хуралдаанд эсрэг санал өгсөн гишүүдээс нь тодорхой харагддаг. Энэ үеэс л Н.Алтанхуяг болон “Алтангадас”-ын нөлөөг АН-аас нэгмөсөн шахан зайлуулах “Шонхор”-ын төлөвлөгөө “МоАХ”-ны дэмжлэгтэйгээр хүчтэй өрнөсөн байдаг.
Улс төрд “Шонхордох” гэсэн нэр томъёог хүртэл бий болгосон тус намын зодоон эцэстээ бусад фракцуудаа гадуурахад, хажиглахад хүргэснээр АН-ыг нэг хүн, нэг фракцын хэмжээнд аваачихад хүргэсэн юм. Үр дүнд нь тэд сонгуульд үнэмгохүй ялагдаж, цагаан туг өргөсөн билээ. Хачирхалтай нь, намаа ялагдалд хүргэсэн эрхмүүд нь шинэчлэл нэрийн дор уснаас хуурай гарч чадсан нь тэднээс хариуцлага нэхсэн маргааны галд тос нэмж байх шиг. Хажуугаар АН-ыг гишүүн төвтэй “амьд” нам болсныг тодотгосон С.Эрдэнэ дарга нь хатуу гараар ажиллахаа илэрхийлсэн нь тэрхүү сэдлийг нь улам дэвэргэж орхилоо. АН-ын хувьд МАН-ыг бодоход дотоод зөрчил нь байсхийгээд савнаасаа хальчихдаг гэмтэй. Гэвч үүнийгээ тэд дотоод ардчилалтай холбон тайлбарлах нь бий. Тийм ч байж болох. Гэхдээ намын даргынх нь тодотгосноор АН удахгүй дотоод ардчилалгүй ч болж мэдэх нь. Учир нь, намын дарга С.Эрдэнэ АН-д дарангуйлал тогтоохоо шууд илэрхийлчихлээ. Хатуухан гараар гэж зөөллөсөн болохоос АН-д нэг хүний, нэг фракцын дарангуйлал тогтож эхэлсэн нь нууц биш.
Харин энэ удаад намын дарга нь албан ёсоор хатуухан гараар үзэхээ илэрхийлсэн нь нэг бус нэлээд олон фракцын эгдүүцлийг хүргэж эхэлсэн нь тодорхой. Ялангуяа АН шиг дотоод зөрчил нь, зодоон нь савнаасаа амархан хальчихдаг бусдадаа хурдан халдварладаг намын хувьд шүү дээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүнээс ялгаж, салгаж харах боломжгүй “Алтангадас”-ынхны хувьд АН-д эзлэх байр суурь, хүч нөлөө нь хараахан суларчихаагүй байгаа идеал. Үүн дээр Р. Амаржаргал тэргүүтэй нийгэмд, масст хүчтэй нөлөөлдөг, намынхаа гишүүдээс дэмжлэгтэй фигурын хүрээлэл нэгдвэл С.Эрдэнийн дарангуйллын эсрэг том нэгдэл үүсэх нь тодорхой. Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнэ тэргүүтэй “Шонхор” “МоАХ”-ны эсрэг Н.Алтанхуяг, Р.Амаржаргалаар удирдуулсан бусад фракцын бослого АН-д гарах нь цаг хугацааны л асуудал болжээ. Ингэхдээ Н.Алтанхуяг сэлэм далайж, Р.Амаржаргал дэмнэх хувилбар явах магадлал нь өндөр байна.
Сонгуулийн өмнөх хийгээд үр дүнгээр бий болсон АН-ын хагарал ийнхүү зарим лидерийг нь нэгдэлд оруулж, намын удирдлага руугаа ноцоход хүргэж эхэллээ. Засгийн газрыг нь унагаасан, АН-д эзлэх байр суурийг нь өдрөөс өдөрт ганхуулж, бүр намаасаа шахаж эхэлсэн Н.Алтанхуягийн хувьд энэ удаад зүгээр нэг сэлэм далайгаад өнгерөхгүй. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших том амбийц тээж яваа хүний хувьд хөнгөн хуумгай хандахгүй нь лав. Үүн дээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй эрхмээр тодроод буй Р.Амаржаргал ч тийм зөөлхөн боорцог биш билээ. Эндээс харахад Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нарын хослол Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нь АН-д бас нэгэн гал дэгдээх бололтой. Ингэхдээ Н.Алтанхуяг сэлэм далайж, Р.Амаржаргал дэмнэх хувилбараар явж мэдэх нь.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: