МАН МОНГОЛ ДАХЬ ХЯТАДЫН САНХҮҮГИЙН КОЛОНИЧЛОЛЫГ ДЭМЖЛЭЭ
Сүүлийн үед олон улсын эдийн засаг, улс төр судлаачид өнөөгийн глобалчлагдсан дэлхий ертөнцөд асар их байгалийн бялагтай ч Төв Азийн хөөрхийлөлтэй нэгэн улс Монголыг Хятад гүрэн хэрхэн колоничлон эзэлж байгаа талаар сануулан бичих болов.
Одоогоос 7 жилийн өмнө Америкийн эдийн засагч, олон улсын харилцаа судлаач Параг Ханна дээрх үйл ажиллагаа нь эдийн засгийн аргаар тайван замаар явагдаж байгааг сануулаад, “…Монголд юу болж байгааг харцгаая. Хятад Монголыг эзлээгүй харин худалдаж авч байна. Хуучин үед улс орнуудыг эзэлж авч байсан бол харин одоо худалдаж авч байна” гэж өгүүлсэн байдаг.
Сүүлийн үед барууны бусад судлаачид ч Монголд үнэхээр ийм зүйл болж байгааг харж, бичих болсон. Тэдний бичсэнээр “… өнөөдөр Монголд хятадын 1000 гаруй компани ажиллаж байхад оросынх бол харьцангуй цөөн. Нийтийн хоолны салбар үндсэндээ хятадуудын гарт байна. Оёдол, хөнгөн үйлдвэрлэлийн тал, ноолуурын үйлдвэрлэл бараг бүхэлдээ хятадуудын мэдэлд. Арьс ширийг бас л хятадууд хянаж байгаа.
Үүний зэрэгцээ Хятад монголын сэхээтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарч хэдэн зуун монгол оюутныг үнэгүй сургаж байна. Энэ бол монголын маргаашийн элитүүдийн нэлээд хэсэг болно. Энэ мэтээр Тэнгэрийн орон Хятад маргааш гэхэд энэ хүмүүс монголын засагт гарч ирнэ…” гэжээ.
Тэгвэл, дээрх судлаачдын сануулга биелэлээ хэрхэн олж буйг монголчууд одоо өөрийн биеэрээ шууд харж, мэдэрч эхэлж байна. Монголын төрийг гартаа оруулсан өнөөгийн эрх мэдэлтнүүд Хятадад Монгол орныг улам бүр найр тавьж, үүнийг болох ёстой зүйл мэтээр нууж хаалгүй ил тод ярьж ухуулах болсон төдийгүй Монголыг Хятадын колони болгох бодлогыг бодитоор хэрэгжүүлж эхэлжээ.
Тухайлбал, энэ оны өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэгч “Монголд 5 сая хятадыг чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй” гэж хэлж байсан бол УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: саяхан “БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна” гэж мэдэгдэв. Түүний энэ бодлого удалгүй биелэлээ олжээ. Тухайлбал, Монголын дорнод хилээр орж ирэх хэдэн мянган хятадын эхний ээлж болох 200 орчии хятад иргэн ирж төвхнөөд байна. Удахгүй тэдэн дээр 1000 орчим хятад нэмэгдэх гэнэ.
Өнөөгийн засгийн эрх барьж буй МАН-ын ЗГ монголчуудын дээдлэн шүтдэг шашны тэргүүний эсрэг явуулж буй Хятадын бодлогыг дэмжин зөвтгөж, монголчуудын шашин шүтэх эрхийг ил тод боогдуулж эхэлсэн байна. Энэ нь Монголд хийсэн Далай ламын айлчлалтай холбоотойгоор тодорхой болов. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Далай ламын Монголд хийсэн айлчлалд… Монгол Улсын Засгийн газар харамсч байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй” гэж олон улсад зарлан мэдэгдэв.
Мөн Монголын гол хэвлэлүүдээр Хятадыг үлэмж ихээр сурталчлах болжээ. Тухайлбал, Монголын гол хэвлэлийн нэг “Өдрийн сонин”-д Хятадууд Монголд визгүй зорчих нь шударга явдал болно. “Бид визгүй орж болдог юм чинь тэд яагаад болохгүй гэж?”, Монгол Улс “Хар хүйтэнд хаалга үүдээ нээгээд орхисон ч хэн тоож орж ирэх юм” (2017 оны 1-р сарын 26-ны дугаар) гэж бичсэн байна.
Дээрх үйл явдлуудын зэрэгцээ Монголын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдан, сүүлчийн гол тулгуурууд нь нуран унах гэж байна. Монголын уул уурхай, санхүүгийн салбарыг хятадуудын гарт нэг мөсөн атгуулах бодит алхамыг МАН-ын Засгийн газар, УИХ шуурхайлан явуулж эхэлжээ. Монголын Засгийн газар дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын тоонд орох “Таван толгой”-н ордыг зөвхөн Хятадын төрийн өмчит “Шинхуа” групптэй хамтран ашиглаж, бараг тэн хагасыг нь тум с компанид өгөхөөр тохирсон байна.
Тэгвэл, энэ долоо хоногт МАН-ын гишүүд зонхилсон УИХ монголчуудын хувьд эдийн засгийн маш аюултай бас нэг шийдвэр гаргалаа. Энэ бол УИХ Хятадын банкуудыг Монголд байгуулах хуулийн төслийг дэмжин хэлэлцэхээр болсон явдал юм. Б.Жавхлан тэргүүтэй УИХ-ын хэсэг гишүүний өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын банкны тухай” нэртэй хуулийн төсөл нь гадаадын банкууд, тэр тусмаа Хятадын банкны салбаруудыг Монголд байгуулж, улмаар санхүүгийн зах зээлийг тэдний мэдэлд өгөхөд чиглэсэн бөгөөд эцсийн дүнд Монгол орныг томоохон аж ахуйн нэгжүүдийнх нь зээлийн барьцаа болон засгийн газрынх нь өрийн бичгээр дамжуулан гадаадын банкны барьцаанд оруулах аюул агуулжээ.
МАН-ын Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн дээрх үйлдлүүд нь Монголыг хятадууд хэрхэн тайван замаар эзэлж байгааг сануулсан гадаадын судлаачдын сануулга зөв байсныг харуулав.
Ш.Лантуу
http://gashuun.mn/2830
URL: