Сонголт /Өгүүллэг/
Намайг хэзээ ч ямар ч үед хэн гэдгээс минь хамааралгүй сэтгэл зүрхээрээ хайрладаг бүх хүмүүст энэ өгүүллэгээ зориулав. Та нар минь миний дэргэд байдагт би бурханд ямар их талархана вэ.
Гэрэлтуяа нүүр хуудсаа нээтэл шинээр шуудан иржээ. “Бид удахгүй хуримын аялалдаа явлаа. Чи харин бидний замд саад болоод байлгүй түүнээс хурдан холд. Тэр чамайг биш намайг сонгосон.
Азгүй хүүхэн минь”. Дахиад л нөгөө улигт хар шуудан урилгагүй зочин аятай түүнийг угтах нь энэ. Тэрээр биеэ барихыг хичээсэн ч хар аяндаа зүрх нь часхийн хөндүүрлэж, хэвлийгээр нь базлах шиг болов.
Үгүй би чинь одоо ээж болох гэж буй хүн тайван байх ёстой. Энэ бол хэн гэдгээ ч хэлэхээс хулчийсан ердөө нэг муу сэтгэцийн эмгэгтэй хүнээс ирсэн юу ч биш зүйл. Тэрээр дотроо ингэж бодсон ч гомдол харуусал дорхноо түүнийг эзэмдэн нулимс асгаруулж орхив. Нүүрээ даран хэсэг мэгшин уйлаад угаалтуурын өрөө орж хүйтэн усаар нүүрээ шавшаад арай дотор нь онгойв.
Гэвч “Тэр чамайг биш намайг сонгосон” энэ доогтой үг үе үе бодогдсоор л байлаа.
“Чи сайхан бүсгүй. Даанч би чамд тохирох хүн биш. Чамайг жаргалтай байлгаж би чадахгүй. Чамд ирээд байгаа “хар мэйлүүд”-ийн талаар мэдэх юм алга. Намайг хайрлаж хүндэтгэж явдаг өөр бүсгүй байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ тэр тэгэх хүн биш.” Жаргалтай сүүлчийн удаа уулзахад хэлсэн эдгээр үгс бас л чихэнд нь цууриа мэт давтагдан орж ирэв. Тэр надад итгээгүй. Харин тэр хумсаа нуусан муур шиг хуурамч хүүхэндээ итгэсэн. Одоо тэд нээрээ хуримын аялалдаа мөн ч жаргалтай явж байгаа байх даа. Гэтэл миний байж байгааг дээ. Толинд өөрийгөө харвал уйлж бөлцийсөн цөхрөнгүй харцтай огт танихгүй эмэгтэй урьдаас нь ширтэж байх аж. Гэрэлтуяа өөрөө өөрийгөө ч танихад бэрх болжээ.
“Энэ чинь би гэж үү дээ. Үргэлж инээд хөөр баясал нүдэнд нь гэрэлтсэн. Юм л бол дуу аялан явдаг Гэрэлтуяа мөн гэж үү. За яахав би одоо энэ хэвлийд буй бяцхан амьдралын төлөө амьд явах ёстой.” гэж бодоод тэрээр биеэ эзэмдэн тайвширлаа. Нээрээ өнөөдөр хяналтын эмчдээ очиж үзүүлэх ёстой. Уймарч байгаад таг мартах шахлаа. Тэрээр яаран сандран хувцаслаад эмнэлэг үрүү явж очив.
Хэвлийг нь хэт авиан оношлогооны чагнуураар нухацтай чагнах зуур дэлгэц дээрх дүрсийг харж суусан эмчийн царай гэнэт үл мэдэг түгшүүртэй өнгөөр солигдоод ирэх шиг.
-Яасан бүх зүйл хэвийн үү? Гэрэлтуяа эмчийн нүүрэнд илэрсэн түгшүүрийг зөн совингоороо мэдэрвүү гэлтэй ийн асуув.
-Жаахан таагүй л байна даа. Ургийн зүрхний цохилт тун сулхан байна. Зүрхний цохилтын тоо байх ёстой хэмжээнээсээ цөөхөн байна. Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Одоо тун болгоомжтой байх үе нь. Гэрийнхнээсээ тусламж ав. Хэвтрийн дэглэмд байх шаардлагатай. Нөхөртөө одоо л гэргийдээ хайртай бол халамжтай байх цаг нь шүү гэж хэлээрэй.
Эмчийн хэлсэн энэ үг Гэрэлтуяаг бүүр ч ихээр гуниглуулж орхив.
Иш чааваас миний хүүхдэд эцэг гэх хүн байхгүй ээ. Тэр одоо өөр эмэгтэйтэй шинэ жилийн баяр бас бал сараа тэмдэглээд хаа ч юм тун аз жаргалтай энэ хорвоо дээр Гэрэлтуяа гэж золгүй бүсгүй байдаг эсэхийг ч мартчихсан явж байгаа. Гэвч одоо энэ бүх нүцгэн үнэнтэй эвлэрэхээс өөр ямар ч сонголт түүнд байсангүй.
-За тэгнээ, эмч ээ. Би гэртээ хэд хоног амрая даа. Гэрэлтуяа тун сулхан ингэж хэллээ.
Юун гэртээ амрах ажлаа хийхээс өөр зам түүнд байхгүй шүү дээ үнэндээ бол. Нөхөргүй гэдгээ эмчид хэлэхээс санаа зовж ингэж худлаа хэлсэндээ Гэрэлтуяагийн нүүр үл мэдэг улсхийв.
Хүүхэдтэй болсон гэдгээ Жаргалд хэлэх үү яахав. Үнэндээ хэлэх гээд ч нэмэргүй л дээ. Тэр утсаа ч хариулахгүй байгаа. Өөр хүүхэнтэй хуримын аялалдаа явах гэж буй хүнд хэлээд ч нэмэргүй шүү дээ. Үүнийг л хэлэхгүй юм шүү. Бурханаас заяасан үрээ би л лав эцэгтэй эцэггүй байсан ч хамаагүй үгүй хийж чадахгүй. Өөрөө өсгөж дөнгөнө. Дахиж л түүнийг царай алдахгүй юм шүү.
Жаргалтай уулзсан сүүлчийн болзоог одоо ч санахад хүнд хэвээр байлаа. Яагаад ч юм хайрлаж дурласан тэр хүнээ өөр бүсгүйтэй өөрөөс нь ч илүү дотно гэдгийг бусдаас сонсох үнэхээр хүнд байсан. Тэр энэ бүхнийг худлаа байгаасай, Жаргалыг “Үгүй дээ хонгор минь би чамд л хайртай. Чамтай л хамт байна” гэдэг үгийг л хэлээсэй гэж хүсч уулзсан нь тэр. Гэхдээ гомдож тунирхсандаа болоод биеэ барьж чадаагүй. Тэр угийн түргэндүү амтай бардам, бас хуурамч зүйлд дургүй. Хайртай залуугаа өөр хэн нэгэнтэй хуваалцах гэж үү. Хайр гэдэг ариун нандин зүйл. Ингээд л тэрээр шулуун шударга зангаар “Хэрэв чи өөр бүсгүйтэй бол түүнийгээ сонгож буй бол хоёулаа ингээд салья” гэж цүл пал хийтэл хэлж орхисон. Хариуд нь Жаргалын хэлсэн үг харин одоо хүртэл чихэнд нь хадагдаж үе үе цуурай мэт сонсогдсоор л. “Би чамд юу ч амлаагүй шүү дээ Гэрэлээ тэгээд ч би чамд тохирох хүн биш . Чиний яриад байгаа тэр авгай хүүхнүүдийн хов живэнд чинь би хутгалдахгүй. Би ингээд хэсэг зуур цор ганцаараа амьдармаар байна. Тэгээд ч би удахгүй холын аялалд явах гэж байгаа” гэж тэр хэлсэн. Хэнээс ч юунаас ч илүү итгэж байсан хүнээсээ ийм хааш яаш үг сонсох газар тэнгэр хөмөрчих шиг л болсон. Тэр үнэхээр тохирох хүнээ олчихож л дээ. Жаргал ийм хуурамч хүн байсан гэж үү. Гомдож цөхрөөд Гэрэлтуяа олигтой зүйл ч ярьж чадаагүй. Хоёр нүдийг нь нулимс бүрхэж дэмий л уйлж уйлж салсан.
Гэрэлтуяа одоо хэвлийдээ буй бяцхан тэр амьдралыг бодож дахин уйлахгүйг тун их хичээж байлаа. Харин өнөөдөр өглөө ирсэн хар шууданг авмагц хамаг бие нь зарайж хачин ихээр шаналж эхлэв. Ийм хурдан уу. Тэр надад огтхон ч сэтгэлгүй байж дээ. Тун хэдхэн сарын өмнө түүний нүцгэн биеийг хайр дур тачаал шатсан халуун биедээ нааж чихэнд нь “Чи ямар сайхан юм бэ” гэж дуу алдаж байсан залуу ийм хурдан өөр хэн нэгэнтэй хуримын аялалд явчихлаа гэж үү. Эр хүн гэдэг ийм л хуурамчхан байдаг байж. Энэ бүхнийг бодох тусам зүрх сэтгэл нь урагдах шиг болно. Гэвч тэр хар шууданд огт хариу бичилгүй орхиж чадсангүй. “Чи тэр Жаргалыгаа бүүр аваа. Надад хэрэггүй. Хоёр нүүртэй хэд хэдэн хүүхний дунд явдаг өөдгүй хуурамч эр надад огт хэрэггүй. Би өөрийгөө тэгж доромжлуулж чадахгүй” гэж бичээд явуулж орхив. Тийм ээ. Хэвлийд байгаа үрд минь тийм өөдгүй хоёр нүүртэй эцэг хэрэггүй гэж бодоод зориг орох шиг болж уртаар шүүрс алдлаа.
За одоо тэдний тухай би дахин бодохгүй түүнийг дахин хэзээ ч дурсахгүй. Би ээж болно. Хэвлийд минь юутай ч зүйрлэшгүй бүхэл бүтэн хүний амьдрал бүрэлдэж байгаа. Гэрэлтуяагийн уйлж хавдаж гунигласан нүдний харцанд үл мэдэг гэгээ сүүмэлзэх тэр агшинд утас нь жингэнэн дуугарлаа.
-Та манай санал болгосон ажлыг сонирхсон хэвээр үү? Бидэнтэй үргэлжлүүлэн хэлэлцээр хийх үү? Утасны цаанаас англиар ингэж хэлэх нь сонсогдлоо.
Нээрээ тийм л дээ. Би энэ тун ирээдүйтэй сонирхолтой ажлын саналыг бараг л хүлээгээд авчихсан шүү дээ. Харин одоо гадаадын ийм том байгууллагад тэгье ээ гэж хэлчихээд хэдхэн сарын дараа би хүүхэд төрүүлнэ жирэмсэн гээд явчихалтай нь биш дээ. Бизнес бол хатуу. Шударга хандахгүй бол болохгүй.
Гэрэлтуяа юу гэж хариулахаа хэсэг эргэлзэж зогссоноо нэгэнт шийдсэн өнгөөр аль болох эелдэгээр:
- Уучлаарай. Танай ажлын санал үнэхээр сонирхолтой сайхан байлаа. Даан ч харамсалтай нь би өөр төлөвлөгөөтэй болсон гэж сулхан хэлэв.
- Өө тийм үү. Хэрэв та цалин бонусын талаар сэтгэл хангалуун бус байгаа бол дахин ярилцаж болно шүү. Бид таныг энэ ажилд яг тохирох хүн гэж сонгоод байгаа юмсан. Түнш нь бараг л шалдаа буусан өнгөөр ийн хэлэв. Гэрэлтуяа дахин эелдэгээр татгалзаад тэдний ажилд амжилт хүсээд утсаа таслав.
Хэдийгээр энэ миний мөрөөдлийн ажил ч одоо яая гэх вэ. Яг үнэндээ энэ бол Гэрэлтуяа шиг өдий хүртэл гэр бүлтэй ч бололгүй зөвхөн кареер хөөсөн бүсгүй хүний хувьд тун ч сайхан боломж байлаа. Амьдралыг нь бүхлээр нь өөрчилж мэдэх үндэстэн дамнасан том компанид ажилд орно гэдэг хэн бүхний мөрөөдөөд ч бүтчихдэг зүйл биш. Гэвч одоо яалтай билээ дээ. Цаг нь л арай болоогүй байсан бололтой. Би эх хүн болно. Энэ тэр ажлын саналаас хамаагүй учир утгатай зүйл. Би сонголтоо хийсэн. Миний хүүхэд эцэгтэй байх үгүй нь огт хамаагүй. Тэр өөрийг нь хайрлан өсгөх ээжтэй. Ээж минь амьд сэрүүн байсансан бол ямар их баярлах байсан болоо. Ээж минь миний сонголтод маш их баярлах байсан даа. Одоо ч ээж минь намайг тэнгэрээс хараад ухаантай охиндоо баярлаад сууж байгаа ч юм билүү. Тэр ингэж бодоод тэсгэлгүй уйлж орхив. Нулимс нь ийм гашуун байхыг тэр урьд өмнө хэзээ ч үзсэнгүй. Аманд нь бөөн бөөн давс орчихов уу гэлтэй гашуунаас гашуун амтагдана. Хэсэг мэгшүүлсний дараа арай тайвширч дотор нь цэлмээд ирэв.
Тэрээр яагаад ч юм Жаргалд мессеж бичмээр санагдав. Бүсгүй хүн тэр тусмаа жирэмсэн бүсгүй хүн гэдэг зан нь суудал дээрээ л хэд өөрчлөгдөж байдаг хойно доо. Түрүүхэн л тэр Жаргал уруу шарандаа утсаар ярих юмуу эсвэл мессеж бичихгүй юм шүү гэж нэг гараараа нөгөө гараа барьж суусан нь дорхноо өөрчлөгдөв.
“Сайн байна уу сайхан аялаж явна уу. Баяр хүргэе. Та хоёрт аз жаргал хүсье.” Тэрээр ийн хэдэн үг арай ядан нүүр хуудасныхаа шууданд бичтэл нүдийг нь мөнөөх л нулимс нь бүрхээд ирэв. Жаргал ч хариу бичихгүй л дээ. Бал сараа тэмдэглээд завгүй яваа биз. Гэхдээ л яахав. Гэрэлтуяагийн дотор арай л уужраад ирлээ. Тэр ч бас өөрөө сонголт хийсэнээ Жаргалтай зүгээр л хуваалцмаар санагдсан юм.
Гэтэл санаанд оромгүй зүйл болж өмнөөс нь Жаргал хариулж байна.
“Сайн. Чи сайн уу?”
Өөр араас нь юу гэж бичих бол. Дараагийн ирэх үгийг хүлээх хэдхэн хором Гэрэлтуяад үнэндээ бүтэн жил шиг л болов. Зүрх нь түг түгхийн чангаар цохилж байлаа. Гар нь ч бас салганан чичирч байв.
“Чамаас ганцхан зүйл хүсье. Надад дахин бүү төвөг бол. Гэрэлээ би сонголтоо хийчихсэн. Намайг ойлгоорой” гэсэн мөрүүдийг уншаад Гэрэлтуяагийн хэвлийгээр дахин хүчтэй базлах шиг болов. Хэдэн хором тэр бараг амьсгалж ч чадсангүй. Гэнэт доошоо пүл хийн бүлээн зүйл урсах шиг. Юу вэ энэ чинь одоо цус уу даа. Үр минь чи даанч яав даа. Яагаад ээжийгээ голов оо. Би уг нь чамайгаа сонгосон байсан шүү дээ.
Гэрэлтуяа нэг сэргэтэл цав цагаан адар л нүдэнд нь харагдав.
-За ашгүй ухаан орлоо гэж хэн нэгэн баярлан дуу алдах сонсогдов. Хажуу дээрээс нэг л дотно царай харагдсан нь охин дүү нь тонгойж байлаа.
Гэрэлтуяа гэнэт цагаан халаадтай эмчийг хараад эмнэлэгт байгаагаа мэдэв. Би яасан бэ гэж хэлэх гэтэл таг аргасан хоолой нь олигтой дуу гарсангүй.
-Гээгээ минь одоо зүгээр. Бүх зүйл сайхан болно гэж дүү нь хэлээд түүний аманд бүлээн цай амсуулав.
Гэнэт Гэрэлтуяа миний хүүхэд гээд хэвлийгээ дарж үзлээ.
-Хүүхэд нь зүгээрээ чи одоо өөрөө тайван бай гэж эмч итгэлтэйгээр хэлэв. Энэ үгэнд юу юунаас илүү баярласан Гэрэлтуяа царай нь гэрэлтээд ирэв.
-Миний хүүхэд тийм байлгүй дээ. Ээжийгээ юу гэж үр минь голох билээ дээ гэж Гэрэлтуяа аяархан дуу алдав.
Гэрэлтуяа үүнээс хойш эмнэлгийн орноос бараг л хадаатай шахам байж 7 сар болгоод хөөрхөн хүү төрүүлэв. Олон хоног сар тэр бурхнаас зөвхөн хүүг нь төрүүлж өгөхийг л гуйж залбирч байв. Заримдаа дагжтал чичрэн халуурч хонох ч тэр шүд зуун тэвчсээр тэр бүхнийг ардаа орхиж билээ.
Жаргал харин хуримаа тун чиг нижгэр хийж бал сараа гадаад дотоодгүй аялан жуулчилж өнгөрүүлэв. Бал сар нь харин дуусах цагаар тэр гэнэт яагаад ч юм нэг өдөр Гэрэлтуяа гэх нэр шигээ гэгээ татуулсан гэнэхэн ч бас энхрийхэн бүсгүйг дурсан боджээ. Хамгийн хачирхалтай нь тэр нэгэн өдөр тунчиг бардмаар хаяад одсон тэр зоримог жаалхан бүсгүйг Жаргал хэзээ ч ер мартаж чадаагүй юм. Заримдаа үе үе Гэрэлтуяаг зүүдэлдэг ч байлаа. Тэр түүнийг хаана юу хийж яваа бол гэж сураг ажиг тавьсаар л аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн явааг нь сонссоор байсан билээ.
Энэ явдлаас хойш 10 жил өнгөрчээ. Гэрэлтуяа одоо нөхөрт гарч дахин үрийн зулай үнэрлэж өнөр өтгөн аз жаргалтай айлын гэргий болжээ. Тэднийх саяхан шинэхэн сайхан байранд нүүж оров. Хувь заяа тохуурхав уу гэлтэй тэр Жаргал болон түүний эхнэртэй хүүгээ дагуулан явж байгаад орцонд улаан халз тааралдаж орхив. Яагаад ч юм тэр нэгэн өдөр Гэрэлтуяаг “Тэр намайг сонгосон. Азгүй хүүхэн минь” гэж харааж загнаж байсан эхнэр нь гал цоггүй нүдээр Гэрэлтуяаг бас Жаргалтай усны дусал шиг адилхан хүүг нь ээлжлэн атаархангуй харах шиг болжээ. Харин тэр нэгэн цагт Жаргалын сонгосон эхнэр нь түүнд нойтон сормуустай үр заяагаагүй гэдгийг Гэрэлтуяа айл хөршийн хүнээс олж сонсоод тэр эхнэр тэгтлээ атаархангуй харсны учрыг олж билээ. Тэр Жаргалын эхнэрээр сонгогдсон ч харин үрийн заяа тэднийг сонгосонгүй. Ай хүний хувь заяа гэж хэзээ нэгэн цагт сонгосон сонголт буюу хүний үйлийн үр амьдралд заавал ирдэг буюу.
Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот
2015 оны 1 дүгээр сарын 1
URL: