Ямаа самналт жигдрээгүй, ноолуурын ханш тогтворгүй байна
Энэ жил ноолуур өндөр үнэ ханштай эхэлсэн байна. Өмнөх жилд 40 мянган төгрөөр эхэлж байсан бол энэ жилийн тухайд 60 мянган төгрөгөөр эхэлсэн. “Эмээлт” зах дээр өнгөрсөн гуравдугаар сарын 22 –ны байдлаар нэг кг ноолуурыг 60 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол энэ сарын эхээр 80-95 мянган төгрөг болж нэмэгдсэн байв. Гэвч сарын сүүл буюу энэ дөрөвдүгээр сарын 20- ноос эхлэн эргээд буурсан байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуур 95000 төгрөг хүрсэн боловч өнгөрөгч долоо хоногоос үнэ ханш нь унаж одоогоор 80-88 мянган төгрөгөөр ченжүүд худалдан авч байна. Үнэ буурсан шалтгааныг ченжүүд ноолуурын татвар өссөнтэй холбон тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, энэ жил нэг кг ноолууранд ногдуулах татварыг тодорхой хэмжээгээр нэмжээ. Үүнтэй холбоотойгоор ноолуурын үнийг хиймлээр өсгөдөг хятадуудын худалдан авалт эрс багассан байна. Татвараас болж ноолуурын үнэ унасанд малчид дургүй байгаа юм. Малчдын хувьд бэлэн мөнгө байдаггүйгээс ноос, ноолуурын үнэ өсөхийг хүлээж байдаг. Энэ жилийн тухайд төв болон баруун, зүүн аймгийн нутгаар хүйтэн салхитай эм ямаа хээл хаяж тураг, борлон туниа муутай онд орсон. Тийм болохоор хүйтэн салхитай байгаа энэ үед эрт самнавал ямаа гарздах магадлал байгаа тухай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хоёрдугаар багийн малчин Б.Сэргэлэн, тус багийн малын эмч Д.Жавзансүрэн нар ярьж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байгаа учраас малчид ямаагаа самнаж жигдрээгүй хөөрсөн том ямааг самнаж байгаа гэнэ. Харин нэг ямааг 3500 төгрөгөөр самнуулж байгаа бөгөөд ямаа самналт жигдрээгүй байна. Цаг агаар дулаарвал дараа долоо хоногоос ямаа самналт жигдрэх төлөвтэй байгаа ажээ.
Ц.БАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: