Талийгаач ахлагч Б.Ариунболд амиа егүүтгэх гэж гранат дэлбэлсэн үү, зохион байгуулалттай хэрэг үү гэдгийг шалгаж байна

dgihqjcs5nid1p18ujs7kebqaТөв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн Очиртолгой гэх газарт гранат дэлбэрч Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн хоёр алба хаагч амь насаа алдаж, найман цэрэг хүнд, хөнгөн гэмтэл авсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ. 350 дугаар ангийнхан батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байх үед байлдааны гар гранат дэлбэрч хүн амиа алдаж, найман цэрэг шархдсан юм.  Тус хэргийг ТЕГ, Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн дэлбэрэлт юунаас болж гарсан гэдгийг эцэслэн тогтоохоор шалгаж байна.

Тэгвэл шалгалтын үеэр 350 дугаар ангиас хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн талаар “Өдрийн сонин” мэдээлжээ. Хээрийн сургуулилт хийх үед баримтлах ёстой хэд хэдэн чухал дүрэм байдаг аж. Гэтэл тэр дүрэм ноцтой зөрчигдсөн нь мөрдөн байцаалтын тодорхой болсон байна. Тодруулбал тус ангийнхан галт зэвсэг хэрэгслийг хадгалах байрнаас нь нэг хоногийн өмнө гаргасан байжээ. Учир нь тус ангийнхан хуваарь ёсоор энэ сарын 9-ны өдөр буудлага хийх байсан ч өөр ангийхан буудлага хийж байсан тул маргааш нь хийхээр болжээ. Энэ хооронд ангийнхан галт зэвсэг хэрэгслийг хадгалах байрнаас нь гаргасан байж. Хамгийн ноцтой нь гаргасан байсан РГД-5 загварын хоёр гранатын галыг угсарсан байжээ. Өөрөөр хэлбэл гар бөмбөгийн дэслэгчийг нь холбосон байсан байна. Тиймээс цагдаа тагнуулынхан хэн гар бөмбөгийн дэслэгчийг нь холбов,  яагаад бэлэн болгож тавив гэдгийг нарийвчлан шалгаж байгаа аж.

Түүнчлэн Талийгаач Б.Ариунболд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн гранатомётчин байсан. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд оролцож “Алтан медаль”, 2014 онд шагналт тавдугаар байрт шалгарсан. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн IY ээлжинд буудагчаар оролцсон нэгэн аж. Өөрөөр хэлбэл гранат дэлбэрэх үйл явцыг түүнээс сайн мэдэх хүн ховор үгүй. Гэтэл юуны учир гранатыг дэлбэлэх болов. Түүнд амиа хорлоход нөлөөлсөн хүчин зүйл байсан уу, гранатыг угсарсан хүмүүс хэн байв. Цаанаасаа гар бөмбөг дэлбэлэх нууц үйл ажиллагаа 350 дугаар ангид хийгдсэн юм биш байгаа хэмээн Тагнуулын байгууллага шалгаж байгаа аж.

Учир нь ахмад Мөнгөншагайгаар ахлуулсан салааныхан гар бөмбөгийн дэслэгчийг нь холбосон байсныг огт мэдээгүй аж. Талийгаач Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар цэргүүдээ тойруулан суулгаад гранат хэрхэн шидэх талаар хичээл сургуулилт хийж байсан гэнэ. Гэтэл ахлагч Б.Ариунболд галыг нь угсарч, дэлбэрэхэд бэлэн болсон гранатын хөшүүргийг дарж байгаад чагтыг нь мулталчихсан гэнэ. Энэ үед Б.Мөнгөншагай “Наадах чинь цэнэгтэй байна. Яаж байгаа юм бэ” гээд Б.Ариунболд руу очих үед гранатаа газарт алдаж дэлбэрэлт болсон талаар гэрчүүд мэдээлсэн байна.

Энэ хэрэгт эхний ээлжинд 350 дугаар ангийн н.Одбаяр гэх алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих