Хүн нь чоно, нөхөд ноход болсоор байх юм уу?

Миний мэдэх социалист нийгмийн үед монгол хүмүүс бурхад,ноёд, найз нөхөд “сайн хүний үрс, сүүтэй гүүний унага” байсан нь үйлийн үргүй үнэн билээ.

Гэтэл өдгөө цагт Монгол эх оронд минь хүмүүн галзуу чоно, нөхөд гэдэг зуудаг ноход болсон байна. Явган хүний замаар алхаж явтал хорин хэдэн настай болов уу гэмээр нэгэн залуу утсаар хэн нэгэнтэй гудамжинд ярьж байна.

Тэрбээр өгүүлрүүн:
– “Чи алаад өгөөч. Арьсыг нь өвчөөд хуулаад хая. Амь насыг нь золиод, ар өврийн жалганд шидчих” гэж чарлаж ярихыг нь сонсоод сэтгэл эмтэрч, зүрх шархирах шиг болов.

Хүүхэд, залуус юм л бол хариугүй юман дээр ч гэсэн хүний нүнжиггүй, хүний хударгагүй өс хонзон санаж, тэр бусармаг өлзийгүй санаагаа ичих эмээх явдалгүй гүйцэлдүүлж, эрдэнэт хүний амь насыг хайр найргүй егүүтгэж, бах таваа хангадаг болсоор удлаа. Уул шугамандаа монголчууд бид “Эр эмийн хооронд илжиг шиг бүү жороол” гэж алтан сургаалиа айлдаж суудагсан.

Сүүлийн үед өдөр тутмын сонин сэтгүүлийн хуудаснаас “Гэр бүлээр нь амь насыг нь егүүтгэжээ”, “Хайрт хань, үр хүүхэд, хадам эцэг эхийнхээ амь насанд өс хонзонгоос болж цөв суулгажээ”, “Гэмт этгээд залуу талийгаачтай янаг амрагийн харилцаатай байжээ” гэх мэт хүний ёсноос ангид гадуур зэрлэг харгис цус үнэртэж, үхэл дагуулсан мэдээ салахаа больсон.

Миний нэгэн танил сайхан бүсгүй урьд нь нэгэн хар хүнтэй хэдэн жил ханилж суугаад хүү, охин хоёртой болсон ч таарч тохирохгүйн улмаас салж, хоёр хүүхэдтэйгээ хэдэн жил өрх толгойлон амьдарч байгаад хоёр дахь амь зуулгаа зохиож, хэдэн жил болсон ч завсартай төрсөн үр хүүхдийн улмаас болж, анхны хань ижилтэйгээ амьдарч байснаас, ганцаараа амьдарч явснаас долоон дор хар тарлан амьдралыг туулах болжээ.

Амьдрал нь амьдрал биш бөөн хар зовлон болж хувирсан байна.
Тэрбээр энэ зовлонгоо дааж эс чадан, зүрхээ чангалан архи уусан үедээ согтуу ирээд ухаангүй унтаж байсан нөхрийнхээ хоолойг хурц хутгаар хэрчиж амь насыг нь хохироосон байв. Энэ хэргийнхээ төлөө эрх чөлөөт амьдралаа хасуулж, одоо арван таван жилийнхээ ял, үйлээ эдэлж явна.

Энэ оны зургадугаар сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хадам эхийнхээ амь насыг хохироож, хадам аав, 15 настай хадам дүү, талийгаачийн ээж, /Хадам эмээ/, 85 настай Б нарыг хутгалж хүнд гэмтэл учруулан эхнэр, төрсөн охиноо барьцаалсан Монгол эх орны минь нутаг дэвсгэрт урь өмнө нь бараг гарч байгаагүй шившигт гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг хүн байтлаа галзуу чоно, хүргэн байтлаа архирдаг, хаздаг, зуудаг нохой болсон Э хэмээх залуу үйлджээ.

Энэ галзуу чоно, зуудаг нохой эхнэр, хүүхэддээ хутга тулган барьцаалж, бүүр “Даварч даварч Дагвын орон дээр” гэдэг шиг цагдаагийнхнаас гурван сумтай буу, авто машин өгөхийг шаардаж байсан гэдэг.

Мөн л энэ оны эхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нэгэн аймшигт, хүний ёсноос мянга дахин гажууд санашгүй муухай гэмт хэрэг гарсан. Худгийн ам хэмээх газарт хаваржаандаа буугаад байсан гэр бүлийн хоёр бас л хүргэн хүүгийнхээ гарт алтан амь насаа гүн эмгэнэлтэйгээр алдсан залхаг заваан гэмт хэрэг гарсан. Эл шигшүүрт гэмт хэргийг тус сумын иргэн 26 настай Нямхүү хэмээх галзуу чонын бэлтрэг, зуудаг нохойны гөлөг үйлджээ.

Эрдэнэт хүмүүний биеийг олж наран гэрэлт хорвоод мэндэлсэн, ээжийн цагаан сүүг хөхөж өссөн хорин нэг дүгээр зууны хүмүүс яагаад ийнхүү хор идсэн баавгай, галзуу туссан чоно, зуудаг золбин ноход шиг болном бэ?

Миний уншиж мэдсэн, ухаарч ойлгосноор бол энэхэн буурал замбуулин хорвоод гурван төрлийн капитализм байдаг бололтой. Зах зээлийн эдийн засгийн баримжаатай, хүмүүнлэг энэрэнгүй үзэл баримтлалтай капитализмыг Швед, Англи, Норвег, Швейцарь тэргүүтэй дэлхийн улс гүрнүүд байгуулж явна.

Харин зах зээлийн хатуу үзэл баритлалтай улс гүрнүүд цөөнгүй. Бүх юмыг мөнгө, зоосны нүхээр хардаг, амьдарч чадвал баяж, эс чадвал үхэж далд ор гэсэн дэндүү харгис хатуу, хүний ёсноос илүү зөрүүд, гажууд, эрлэгийн элч шиг хэрзгий капитализмын нийгмийг байгуулж байгаа улс гүрэн олон.

Манай Монгол улс хүн ам цөөтэй, газар нутаг уудамтай, хөрсөн дороо байгалийн эрдэс баялгаар арвин эх оронд амьдарч байж, хүн арддаа хамгийн харгис хэрзгий, хүмүүнлэг биш араатанлаг капитализмыг Монгол эх орондоо нутагшуулснаас Монголын хүн ам, хүмүүс, хөгжлийн ирээдүй үнэгүйдсэн. Цэнхэр дэлгэцээр нэгэн эдийн засгийн нэгэн тоймч ярьж байна.

Монголын хүн амын дөнгөж 5 хувь нь хэмжээлшгүй баян, хорь хүрэхгүй хувь нь чинээлэгдүү амь зуулгатай гэхэд хэцүүтэй, 30 хувь нь дунд зэргийн амь зуулгатай бараг 40 хувь нь үгээгүй ядуу зүдүү амьдарч байна.

Манай улсын хүн амын 5 арай хүрэхгүй хувь нь Улаан чулуут, Цагаан давааны хогийн цэг дээр, бас нийслэлийн гудамжинд архины шил, элдэв хуванцар сав суулга, цаас, уут, хоол ундны хаягдал түүж, хогийн цэгт тушааж амьдарч байна гэж мэдээлж байхыг харлаа, Үнэнд илүү ойр болов уу гэж бодогдлоо. Африкийн элсэн цөл, дайн дэгдэж, дарийн утаа ханхалсан Ливи оронд бол бас өөр хэрэг.

Энх амгалан, ирээдүй нь сайхан Монгол эх оронд минь ийм зиндааны ядуурлын давалгаан яагаад нүргэлж байна вэ? Цадиггүй, хатуу, харгис, хүмүүнлэг энэрэнгүй биш ёрын капитализм манай эх оронд цэцэглэж байгаагаас тэр байхгүй юу даа.

Ажилгүйдэл илүүтэй, өлөн зэлмэн, амь зуулгын хүрэлцээгүй, ирээдүйгүй, богд байх бор гэргүй, хаан байх хар оромжгүй хүмүүс галзуу чоно, зуудаг нохойн амь зуулгыг сонгохоос өөр аргагүй болдог бололтой.

Монгол хүмүүс галзуу чоно, хор идсэн баавгай, архирдаг, хаздаг, зуудаг нохойн амь зуулгаар шар нартай өдөр, бор жавартай шөнийг төөрүүлсээр байх юм уу?

Эх орны минь эрхт төрийн жолоо цулбуурыг атгаж суугаа эрхэм дээдсүүд минь нэгийг санаж сэдэж, хоёрыг бодож тунгаах бололцоогүй гэж үү? Сайхан амьдрах итгэлээ алдсан хүмүүс нохойн заяа, замд өөрийн эрхгүй хальтран ордог бололтой. Хүмүүсээ хүн ардаа яаж нохойн заяа замаа ангижруулж, хүний заяа, замд өөд нь татаж оруулах вэ?

Ч.Содномдорж

Эх  сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих