М.Нандин-Эрдэнэ: 24 секундэд өрсөлдөгчөө ялснаа хэзээ ч мартдаггүй
БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбооноос зохион байгуулж буй нэг сая ам.долларын төлөөх тулаанд Монголын хоёр тулаанч оролцож байгаа билээ. Бид өмнө нь самбо, жүдогоос холимог тулаан руу “урвасан” олон улсын хэмжээний мастер Х.Амартүвшингийн ярилцлагыг хүргэж байв. Тэгвэл энэ удаа боксын спортын олон улсын хэмжээний мастер М.Нандин-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр саяхан нэг сая далларынх төлөөх эхний тулаанаа хийсэн бөгөөд ялалт авахад түүнд ердөө л 55 секунд хангалттай байлаа. Нэгдүгээр үеийн 55 дахь секундэд өрсөлдөгчөө буулган авсан Нандиа хоёр тулааныхаа бэлтгэлд хэдийнэ оржээ. Солонгос улсад ажиллаж, амьдрахын хажуугаар холимог тулаанд хүч сорьж буй М.Нандин-Эрдэнэтэй онлайнаар ярилцлаа.
-Өндөр шагналтай тулаанд манай хоёр тулаанч хоёулаа яллаа. Эхний тулааныхаа талаар товч ярих уу?
-Энэ бол “Road FC” холбооноос 70 кг жинд зохион байгуулж байгаа тэмцээн юм. Хүрээгээ тэлж, шинэ тамирчид төрүүлэх зорилгогой энэхүү тэмцээнд 400 гаруй тамирчин бүртгүүлсэн юм билээ.
Миний хувьд сонгон шалгаруулалтын хоёр тулаандаа нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан учраас нэг саяын төлөө тулалдах эрхтэй болсон болов уу. Дээрээс тухайн үед надад ялагдсан хоёр тамирчны рейтинг нөлөөлсөн байх. Тэр хоёрын нэг нь мөн энэ сая долларын тэмцээнд орж байгаа. Өнгөрсөн сард өрсөлдөгчөө нэгдүгээр үе дээр хүнд цохилтоор ялсан зэрэг амжилтууд маань энэ тэмцээнд орох эрхийг нээж өгсөн гэж бодож байна. Тулааны хувьд маш богино хугацаанд болж өнгөрлөө. Бэлтгэл сайн хийсний хүчинд өрсөлдөгчөө амархан хожсон. Бразилийн Бруногийн хувьд зүүн гарын цохилт нь нэлээд хүчтэй юм билээ. Тиймээс оногдохгүйг хичээсэн. Яг л өөрийн төлөвлөсөн тактикаар тулалдаж ялалт байгуулсандаа баяртай байна. Энэ ялалт надад дараагийн тулаанд орох их эрч хүрч хайрласан.
-Дараагийн тулааны тов болон өрсөлдөгч тодорсон уу?
-Яг албан ёсоор гараагүй. Урьдчилсан байдлаар хальт сонссон ч энэ талаар эцсийн мэдээлэл батлагдаагүй байхад яриад дэмий байх. Ямар ч байсан урьдчилсан байдлаар мэдэгдсэн учраас өрсөлдөгчийнхөө арга барилд тохируулж бэлтгэлээ хийж байна даа. Дүрэм нь их хатуу шүү дээ. Холбооноос албан ёсоор тамирчдыг зарлаагүй тохиолдолд оролцогч түрүүлж нэр зарлахыг хориглодог.
-Сонирхогчийн боксоор хичээллэдэг байхаас л таныг хүчтэй цохилттой гэж ярьдаг болсон. Өрсөлдөгчөө хялбар ялахад энэ нь нөлөөлсөн болов уу?
-Магадгүй юм. Гэхдээ олон талын хүчин зүйл нөлөөлнө л дөө. Зөвхөн цохилтоор ялсан гэвэл арай худлаа болох байх.
-Өдөрг хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ?
-Гурван удаа бэлтгэл хнйдэг. Нэг хийхдээ 2-3 цагийг бэлтгэлд зарцуулж байна.
-Эхний тулаанд 13 кг жин хассан шүү дээ. Гэхдээ харьцангуй бага ядарсан харагдсан шүү?
-Тулаан болох цагийг нэлээд тулгаж жин хассан болохоор ядарсан. Долоо хоногийн дотор долоон кг хасна гэдэг тийм амар байгаагүй. Гэхдээ өөрийн болон багийнхаа тактикаар тулалдсан учраас ялалт байгуулсан гэж бодож байна. Дараагийн тулаандаа эртнээс жин болон бэлтгэлээ тохируулах болно. Одоо өрсөлдөгч нар улам л хэцүү байх биз. Угаасаа шилдгүүд нь л тунаж үлдэнэ шүү дээ.
-Бразил эрийн тухай судалсан л биз дээ. Ямархуу өрсөлдөгч байв?
-Судлалгүй яах вэ. Намайг бодвол хэд хэдэн тулаан хийсэн. Харьцангуй туршлагатай эр байсан. Зүүн гараар нэлээд хүчтэй цохидог юм билээ. Сул тал нь гэвэл хөдөлгөөн удаантай.
-Хэрвээ шүү. Монголын тамирчин Х.Амартүвшинтэй шийдвэрлэх тулаанд тунаж үлдвэл яах вэ?
-Мэдээж хэн нэг нь ялж л таарна. Мэргэжлийн тулаан бол найраагүй спорт. Нэг сая доллар тийм ч амар олдох зүйл биш. Тэр утгаараа бүх чадлаараа тулалдаад л өнгөрөх байх даа.
-Одоо дахиад таван тулаан үлдлээ?
-Тийм ээ. Угаасаа нэг сая долларыг тийм амархан өгөхгүй шүү дээ. Тухайн хүнээс байдаг бүхнийг шавхаж, тэвчээрийг дээд цэгт нь хүртэл шалгах биз. Тэвчээртэй, бэлтгэл сайтай хүн л эцсийн мөчид сая доллар авах байх.
-Хэрвээ та авбал?
-Тодорхой төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ одоо хэлээд яах вэ.
-Ингэхэд та бэлтгэл сургуулилтаа хаана, хэрхэн хийдэг вэ. Танд туслаж дэмждэг хүн бий юү?
-Яг энэ спортоор дэмжиж туслаад байдаг хүн байхгүй ээ. Өөрөө өөрийгөө дэмжээд, бэлтгэлээ алдаг оног, цаг заваараа л хийсээр ирсэн. Ер нь ажил хийгээгүй үедээ бэлтгэлээ хийдэг юм. Ажил тогтсон цагт тардаггүй болохоор тэр шүү дээ. Бэлтгэл дээр нэг очвол алдаагаа засаад, бэлтгэлээ сайтар хийдэг учраас цаг хугацааг нэг их анзаараад байдаггүй юм. Бэлтгэл сургуулилтын хувьд яаж тоглох талаар, өрсөлдөгчөө ч мөн судалж байна.
-Сөүлд амьдарч байна уу?
-Тийм.
-Яг ямар ажил хийдэг юм бэ?
-Энд ажилладаг монголчууцын нэгэн адил янз бүрийн л ажил хийж байна. Ажлыг голж болохгүй. Гол нь сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Хаана ч ажилласан хамаагүй. Ажлаа л чин сэтгэлээсээ хийх ёстой гэж боддог. Бидний олонхи нь цагийн ажил хийж байна. Энд байгаа монголчууд дунд үндсэн ажилтан цөөхөн. Тэгээд ч одоо гурван сараар ирж, буцдаг болсноос хойш манайхан цагийн ажил хийх гэж л ирдэг юм. Тэр нь арай илүү өндөр цалинтай.
-Солонгост очоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Яг хэзээнээс, яаж яваад мэргэжлийн тулаанаар хичээллэх болов?
-2014 оноос л юм даа. Өмнө нь бокс болон кикбоксоор хичээллэдэг байлаа. Тэгээд Солонгост ирснээс хойш хуучны юм хөдлөөд болдоггүй. Хааяа мишок нүдмээр санагддаг. Тиймээс нэг клубт очиж мишок нүддэг болсон. Тэр цагаас л мэргэжлийн тулааныг сонгосон доо. Тэртээ, тэргүй сонирхогчийн боксоор дахиж хичээллэхгүй юм чинь. Тийм боломж ч байхгүй. Нэгдүгээрт, нас явж байна. Хоёрдугаарт, Солонгост сонирхогчийн боксоор бэлтгэл хийлээ гээд тэмцээнд оролцож чадахгүй шүү дээ. Бас гартай байдаг бага зэргийн хүчиндээ найдаад л мэргэжлийн тулааныг сонгосон. Цаашдаа туушдаа хичээллэнэ л гэж бодож явна.
-Зөвхөн бокс гэлтгүй тулааны спортод нэлээдгүй амжилт үзүүлсэн байх аа, та?
-Тийм ээ. Сонирхлоороо л явдаг байлаа. Боксоор Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, шигшээ багт хүртэл багтаж явлаа. Дараа нь жиншисэн каратэгээр Азийн аварга болдог юм байна. Кикбоксоор улсад дөрөв түрүүлж, олон улсын таэквондогоор ч мөн адил улсдаа дөрөв түрүүлсэн байна. Монгол зо зулааны улсын аварга, гардан тулааны тэмцээний аварга болсон. Тулааны бүхий л төрлийг сонгосон доо.
-Харь оронд бэлтгэл хийж, тулаанд орно гэдэг тийм амар биш. Шантармаар үе байдаг уу?
-Байсан ч өөрийн сонирхол учраас шантрахаас халширч явсангүй. Гэрээсээ хол байгаа учраас Монгол гэдэг нэрийг л өөрийнхөө хэмжээнд сайнаар гаргахыг хичээдэг. Энэ бол тамирчин хүний цусанд байдаг зан. Тамирчин хүн бүр л тэмцээнд орохдоо улсынхаа нэрийг л боддог.
-Тулааны спортоор . хичээллэх эрсдэлтэй биш үү?
-Мэдэзж тулааны спорт болохоор аюул ихтэй. Толгой тархи өвдөнө, хөл гар хугарна гэх мэт. Яагаад дуртайгаа мэдэхгүй ч нэг л мэдэхэд татагдсан. Эргэж гарч чадахааргүй болтлоо шүү. Тийм болохоор өнөөдөр ч гэсэн тулалдаад л явж байна.
-Танай гэр бүлд тулааны спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Би айлын гурав дахь хүүхэд. Аав, бага эгч, дүү гурав маань мөн тулааны спортын хүмүүс байсан. Гэвч спортоо орхисон. Одоо би ганцаараа зүтгэж байна.
-Тэгвэл гэрийнхэн бас сайн дэмжинэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Гэрийнхэн ойлгохгүй бол хэцүү шүү дээ. Хань минь хүртэл миний энэ спортод дуртайг мэддэг болохоор хориглож чаддаггүй. Харин ч байнга түшиж, дэмждэг. Тийм болохоор л өдий зэрэгтэй яваа байх.
-Таныг ид байх үедээ спортоо орхисон гэж дасгалжуулагч нар тань ярьдаг юм билээ. Яагаад спортоо орхисон юм бэ?
-Одоо нэгэнт спортоо орхисон юм чинь энэ тухай яриад яах вэ. Болохгүй л байсан юм байгаа биз. Гэхдээ спортынхоо буянаар олон сайхан найзтай болсондоо баярлаж явдаг. Спортоо орхиход нөлөөлсөн олон шалтгаан бий.
-Монголын тамирчид бусдаас юугаараа давуу гэж та боддог вэ. Таныг юу гэж байх юм?
-Монгоп тамирчдын хувьд цаанаасаа л бүгд бяртай, зоригтой тулаанч байдаг. Миний хувьд гэвэл бяр муутай л даа. Ер нь онцлоод хэлэх зүйл байхгүй, зориг л байна. Одоо ингээд том холбоонд тулалдаад, сайн тамирчид нь бэлтгэлээ таслахгүй хийдэг. Харин би таслаад, хоцроод, ажлаа хийхийн хажуугаар заваараа бэлттэлээ хийнэ. Ингэсэн ч тэмцээндээ оролцоод ялчихаар солонгосчууд “Сонин юм даа…” гээд их гайхдаг юм. Ер нь тэд монголчуудыг бяртай, зоригтой л гэж хардаг юм билээ.
-Өмнөх тулаануудынхаа талаар ярихгүй юу. Хамгийн эгзэгтэй бас ганыг олонд таниулж өгсөн тулаан хэзээ тохиов?
-Бүгд л эгзэгтэй байсан. Мэдээж ялагдах эрх байхгүй шүү дээ. Эхний тоглолт их гоё санагддаг юм. Анхных байсан болохоор бусдад өөрийгөө харуулах боломж болсон байх гэж боддог. Тийм болохоор 24 секундэд өрсөлдөгчөө ялсан минь хэзээ ч мартагдахгүй.
-Холимог тулааны спортын хамгийн чухал зүйл юу вэ?
-Энэ спортын хувьд гар хөл орж, хэвтээ байрлалд өчиж боож болдог болохоор амьдралд их ойрхон. Бусдаас биеэ хамгаалах, гэр бүлээ хамгаалах гэх мэт олон сайн зүйл байгаа. Бас тулааны спорт эр хүнийг их даруулгатай болгодог юм шиг санагддаг. Ер нь энэ тулаанд хазах, мөргөх, эмзэг эрхтэн рүү цохихоос бусад довтолгоог зөвшөөрдөг юм.
-Таныг их задгай тоглодог гэж хүмүүс ярих юм. Тулааны үед та ямар дүрэм баримталдаг вэ?
-Харин тийм ээ, хүмүүс тэгж ярьдаг юм. Тулалдаж байх үедээ улайраад гар бууж, задгай зодолддог болсон байна. Уг нь ийм байгаагүй юм, алдаан дээрээ анхаарч, бас засч байгаа. Хичээх болно оо.
-Тулаанд орохын өмнө та сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Сэтгэл зүй их чухал. Хүн бүр догдолдогтой адилхан надад ч бас догдлож, эмээдэг үе байдаг. Заримдаа “Цохиулаад үхчих вий дээ” гэх мэт бодол толгойд орж ирнэ. Гэхдээ бүх зүйл болоод өнгөрнө шүү дээ гэж бодоод тайвширдаг.
-Тэмцээний үеэр таныг дэмжихээр монголчууд очдог уу. Тэд таныг хэрхэн дэмждэг вэ?
-Дэмжилгүй яах вэ. Очиж дэмжихээс илүүтэй телевизээр шууд гардаг болохоор хүлээж байгаад л үздэг юм билээ. Тэгээд мессэж бичиж урам өгдөг дөө.
-Гаднын улс оронд Монголынхоо нэрийг дуурсгах мөчид танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Мэдээж хилийн чанадад байгаа болохоор ялагдаж болохгүй шүү, миний биш эх орны минь нэр гарна гэж бодож тулалддаг. Заримдаа гадуур явж байхад солонгос хүмүүс хамт зургаа авахуулъя гэдэг. Мөн холбооны пэйж хуудас дээр миний тухай сэтгэгдэл бичсэн байхыг хараад тодорхой хэмжээнд баярладаг. Хамгийн инээдтэй нь хар ажил хийж байгаад намайг таньдаг солонгос хүнтэй таарах. Их сонин юм билээ. Нэг удаа ажил хийж байсан чинь “Нандин-Эрдэнэ биз дээ, хамтдаа зургаа авахуулъя” гээд. Хамт байсан хүмүүс бүр гайхаад, би улайгаад, халтар хувцастайгаа гялс зургаа даруулчихаад л явуулсан даа.
-Одоо та спортын болон хувийн амьдралдаа юу төлөвлөж байна вэ?
-Спортын хувьд өөрийнхөө холбоондоо түрүүлж, аваргын бүсийг нь эзэмшихийг хүсч байна. Мэдээж нэг сая доллар авбал гоё шүү. Хувийн амьдралын тухайд Монгол орондоо жижиг үйлдвэр нээж, хэдэн хүнийг ч болтугай ажлаар хангаад, ажиллуулах чадалтай компанитай болно гэж боддог.
Б.МӨНХЗҮЛ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
amjilt husii avarga bolooroi