Намаа базна гэсэн АН-ын дарга МАН-д базуулсан уу?

527-14927375033cva4mehnl2q4kaitoh045qh2c_bМАН-ын дотоод “зодоон” савнаасаа хальж, түмний нүднээс нуугдахаа болив. Ажиглагчдын хэлэх нь, сөрөг хүчингүй эрх баригчдын дүр төрх ийм байдаг гэх. Уг нь АН 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудал авч, бүлэгтэй ажиллаж байгаа. Гэвч энэ намынхан сөрөхөөсөө илүү тал засч, эсвэл таг дуугүй суудаг болсон. Тэгэхээр олны яриа ортой гэгчээр сөрөг хүчин байхгүй гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхтэй мантай байгааг учир мэдэх хүмүүс бас хэлж байна. Учир нь дотоод хагарал нь туйлдаа хүрч, гарах нь гарч, үлдэх нь үлдэх дээрээ тулаад байгаа юм байх. Ийм үед АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа эв нэгдлийг хангаж, эмх журманд оруулах учиртай. Гэвч түүний санаснаар болохгүй байгаа бололтой юм. Тэрээр саяхан хэвлэлд ярихдаа “…Хэрвээ АН-д дургүй бол гараад явна биз. АН-ын гишүүн хүн байж намаа муулаад л, сөрөг мэдээлэл цацаж байгаа атлаа энэ намд байх ямар хэрэгтэй юм. Тэр хүмүүст хариуцлага тооцох тогтолцоог чангатгана. Шуудхан хэлэхэд, жаахан хатуу гараар л ажиллана. Дотоод сонгуулийн үеэр эхнээс нь жаахан хатуу гараар харьцаад эхлэхээр маш их шүүмжлэл ирлээ” гэчихсэн сууж байна. Өөрөөр хэлбэл намынхнаа базна гэж мэдэгдэж байна. Уг нь АН-ыг хатуу гараар удирдах имиж С.Эрдэнэд янзтай зохино. Тэгж чадах ч хүн
Гэхдээ АН-ыг базна гэхээсээ МАН-д үг хэлдэг байх нь өнөөдрийн АН-ын даргын гол үүрэг болоод байгаа юм. Энэ нь өнөөх үгүйлэгдээд байгаа сөрөг хүчнийг хэлж байгаа хэрэг л дээ. Гэвчиг С.Эрдэнэ даргад МАН-д үг хэлж, сөрж ажиллах бяр хүч баахан дутах бололтой юм. Түүнийг юм ярихаар л өөдөөс нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө яриад л нам болгочих ажээ. Өнгөрсөн оны сүүлчээс олон удаа “нэг сэдэв”-ээр амаа таглуулж байхыг харлаа. 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний чуулган дээр УИХ-ын гишүүн С.Чинзориг “…Өмнө нь С.Эрдэнэ сайд байхдаа Үндэсний зөвлөлийг өөрөө ахалдаг болсон. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд сайнаас илүү муу нь давамгайлсан. Тэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин, хашаа хайс барьсан” гэв. Мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн чуулган дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Нийгмийн даатгалын санг С.Эрдэнэ та дампууруулсан” гэж нам “алгадсан” байдаг. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 10-ны чуулган дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “…Нийгмийн даатгалын сан дампуурчихсан нь үнэн. Үүнд С.Эрдэнэ буруутай нь үнэн. Энэ тухай баримт дэлгэнэ” гэв. Энэ мэтээр АН-ын дарга С.Эрдэнийг нам дуугүй болгодог болсон. Хүмүүс ярих нээ, АН-ын даргыг МАН базчихаад байна гэх ажээ.
Юу юугүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байдаг. АН олигтойхон байсан бол МАН-ыг ингэж хоорондоо хэмлэлдэж байхад нь хөөрхөн “цагаан” кандитат сойгоод төвөггүйхэн Ерөнхийлөгчийн сэнтийд залж, үүнтэйгээ хамт намынхаа нэрийг тэнгэрт тултал мандуулж болох л байв. Харин одоо эсрэгээрээ явж байгаа. Учир нь, намаа базна гэсэн АН-ын дарга МАН-д базуулчихаад байна гэлцэж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

URL:

Tags: , ,

Сэтгэгдэл бичих