Л.Гүндалай: Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн хэрүүлээс нэг нууцыг мэдэж авлаа

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.

-Германы  хэвлэлд Монголын улс төрч манай улсын канцлер Ангела Меркельд дурлажээ гэсэн утгатай мэдээлэл цацагдсан байна лээ?
-Германы канцлер Монголд анх удаа айлчилж байгаа нь энэ. Ангела Меркель Монгол Улсын, монголчуудын талаар их сайхан үг хэлсэн юм.


Би Германд сурч байсан болохоороо ч тэрүү Ангела Меркелийг хүндэлж явдаг. Европын төдийгүй дэлхийн хамгийн хүчирхэг  улстөрч эмэгтэй шүү дээ. Энэ хүнийг сайхан үг хэлсэнд нь баярлаад “Таныг Монголд айлчилж байгаад тань талархаж байна,   гишүүдийнхээ болон Монголын ард түмний өмнөөс  баярласан сэтгэлээ илэрхийлж үнсэж болох уу л” гэж асуусан. Ангела Меркель тэгээ л гэсэн. Тэгэхээр нь хоёр хацар дээр үнсч л орхисон дог.
-Дипломат ёсонд байхгүй бүдүүлэг авирласан гээд зарим хүмүүс шүүмжилж байсан. Та сонссон л байх?
-Өө тэгж шүүмжилсэн юм уу. Намайг ямар нэгэн юм хийхээр зарим хүмүүс элдвээр хэлж л байдаг юм. Тэрийг би тоодоггүй шүү дээ. Харин германы хэвлэлүүд эерэг талаас нь  мэдээлж байсан гэсэн. Монголчууд манай улсын канцлерийг хүндэтгэлтэй хүлээж авлаа гээд зураг нь гарахад миний үнсэж байгаа дүрсийг цацаж байна лээ.  Парламентын нэг гишүүн нь манай канцлерыг ард түмнээ төлөөлөн үнссэн, дурласан ч байж магадгүй гээд сайнаар гаргаж байсан гэсэн шүү.
-Ливийн удирдагч Каддафи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан  Кондайла Райст дурлаад тэр улсад зочлоход нь  үнсч, үнэтэй бэлэг сэлт өгсөн гээд хэвлэлээр шуугиж байгаа. Түүн шиг та арай дурласан юм биш биз дээ?
-Тийм ч юм болоогүй ээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, сайд Ц.Нямдорж хоёр хоорондоо үзэлцэж булхайгаа уудалж байна. Энэ талаарх  үйл явцыг ч та ажиглаж байгаа байх?
-Хоёр хэрээ бие биенийхээ харыг гайхаад хөгөө чирцгээж байна даа. Эд нар угаасаа ийм л баагийнууд байхгүй юу даа. Монгол Улс ямар хөгийн, жудаггүй, арчаагүй хүмүүсээр удирдуулж байсан, удирдуулж байгаа нь харагдаж байна. Энэ хоёрын  дэлгээд байгаа баримтууд  нь муухай зүйлийн өчүүхэн хэсэг нь. Цаана нь мэдэгдээгүй үй түмэн “но” той зүйл байж л таараа.
-Ц.Нямдорж сайд таныг барьж нэг хоног хориод суллаж байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ талаар сөхсөн байна лээ?
-Энэ хоёрын хэрүүл дундаас  нэг нууц мэдэж авлаа. Би Н.Энхбаяр л үүрэг өгч хориулсан гэж боддог байсан юм.  Ерөнхий сайд  Н.Энхбаяр  Завханд болсон том наадамд оролцохоор явсан тэр үетэй давхцуулаад намайг барьж хорьсон. Тэр үед Хууль, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын тэргүүнийг орлоод үлдсэн байсан юм байна. Н.Энхбаяр гуайн одоо дэлгэж байгаа яриагаар бол намайг барьж хорьсон хүн нь Ц.Нямдорж л болж таараад байна шүү дээ.
-Таныг 24 цаг хориод л сулласан байх аа?
-УИХ-ын гишүүнийг прокурорын зөвшөөрөлгүйгээр нэг өдөр хорьчихоод маргааш нь ямар ч тайлбар хэлэхгүй сулласан. Намайг барьсны маргааш өдөр нь 10 мянга гаруй хүн жагссан юм гэсэн.
-Хятадын тагнуул гэж баримт дэлгээд та буруутгагдсан бил үү?
-Хилээр гарч болохгүй гээд барьж байсан шүү дээ.
-Гэхдээ та тэр үед хятадын тагнуул гээд 45 хуудас материал гаргаж дуулиан дэгдээж байсан шүү дээ?
-Тэр үед энэ баримтуудыг дараад л өнгөрсөн. Миний ойлгосноор  бол  Ц.Нямдорж сайд хятадын тагнуул биш, Монголын талаас хятадыг тагнах гэж явсан болж л хувирсан. Сүүлдээ надад тэгж л хэлээд энэ хэргийг хаасан. Манай тагнуулыг илчилчих юм, олон долоон юм битгий яриад бай л гэсэн дэг.
-Одоо Н.Энхбаярын талын хүмүүс  хятадын тагнуул гэсэн 45 хуудас материалыг задлаад  эхэлсэн байх юм. Улс төржүүлээд байгаа юм биш үү?
-Тийм үү. Бүрэн эхээрээ байна уу. Н.Энхбаяр тэр үед  Ц.Нямдоржийнхоо талд байсан болохоор хэргийг дараад өнгөрүүлсэн нь мэдээж. Одоо муудалцахаараа үнэнийг сөхөж байгаа хэрэг. Авлигатай тэмцэх газар даргатай болоод ажил нь  жигдрэхээр нууж дарсан зүйл байвал олж илрүүлэх юм байгаа биз. Яагаад эд нар  дураараа дургидаг байсан гэхээр өөрсдийнх хийсэн  хэргийг нь илрүүлдэг, мөрддөг хүмүүс байхгүй. Тэд нарыг тойроод өнгөрдөг байсан болохоор яасан ч яахав гээд оодорч юу ч хийж болдог л байсан байгаа байхгүй юу даа. Цагдаа, прокурор хэргийн сэжүүрийг олоод мөрдөж эхэлбэл дээрээс  нь дараад арга хэмжээ аваад материалыг ил гаргахгүй,хэрэг үүсгэхгүй дарчихдаг. Бүх шатанд нь бүх асуудлыг ингэж л нам жим болгодог байсан хэрэг. Харыг ч цагаан болгож цайруулж чадах эрх мэдэлтэй байсан юм. Одоо энэ эрх мэдэл нь хумигдаад ирэхээр сандарч байгаа л даа, эд нар. Банк, улсын үйлдвэрийн   хувьчлал гээд оролцоогүй юм байхгүй байх аа. Эд нар булхайтай, муухай зүйл олон хийсэн.  Гэтэл нэг өдөр Ерөнхийлөгч нь өөр хүн болоод хамгаалдаг зүйл нь нураад эхлэхээр гэнэ алдаж байгаа юм. Гэгээн цагаан өдөр гэнэт хар үүл бүрхээд цахилгаан цахиад эхэлсэн шиг үйл явдал эд нарт тохиож  байгаа биз.
-Таныг  гэнэт баривчлагдлаа гэхээр нь намын дарга байсан М.Энхсайхан гадаадад ажлаар явж байгаад  орхиод ирж байсан юм уу?
-М.Энхсайхан  тэр үед намын дарга байсан юм. Камбожид сонгуулийн туршлага  судлахаар очоод нэг ч хоноогүй байхад нь  намайг баривчлагдсан гэж сонсоод бүх зүйлээ хаяад онгоцонд суугаад хүрээд ирсэн нь үнэн юм шүү. Энэ түүхийг би өөрөө ч мартчих дөхсөн байна. М.Энхсайхан мэдлэгтэй, намын сайн дарга байсан юм. Гэвч одоо л төөрчихөөд байгаа болохоос биш.
-Яагаад АН-аас өрх тусгаарлаж Ард түмний нам байгуулж гарсан юм бэ?
-Нам байгуулж үзлээ, улс төрийн хавчлаганд өртөж байлаа. Юм юмыг л үзлээ дээ, энэ хугацаанд. Нам байгуулсан нь надад том сургамж, туршлага болсон юм. Сайн ч, муу ч тал бий. Ер нь хүн сайн, муу олон зүйлийг үзэж харж, өөрийн амьдрал дээр туулж  байж л ухааждаг, туршлага, намба суудаг юм байна. Нам байгуулсныг буруу зүйл хийсэн гэж боддоггүй ээ.
-Авлигын хэргээр шалгаад  гишүүний бүрэн эрхийг тань түтгэлзүүлнэ гээд байхаар  хамгаалалт хэрэгтэй болж   “төрхөмдөө” буцахаас аргагүй болсон уу?
-Аргагүй улс төрийн хавчлаганд орох нь орсон л доо. Одоо АН-даа тууштай байна аа. Өөр нам сэлгэж явах сонирхол ч алга. Олон дахин орж гарч болохгүй.
-Ард түмний намынхантайгаа уулздаг уу?
-Ард түмний намд одоо бараг хүн байхгүй байх аа. Намайг яваад өгөхөөр яана аа гээд үлдсэн. Тэгээд тараад бутарсан даа.
-Та өмнө нь мөн ч дэггүй, дандаа л шуугиан дэгдээж байдаг байсан. Одоо их намдуухан болжээ. Нүдний шил хүртэл  зүүгээд  л?
-Ойрын хараа муудаад шил зүүж байгаа. Тэгээд ч бас улс төрд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад сэлэм эргүүлээд хол явахгүй.   Нэг  хүнээс хамаарахгүй,  багийн тоглолтоор улс төр хийдэг юм байна.
-Парламентад гурван удаа дараалан сонгогдож байна. Шалгуулж, хоригдож ч байсан. Энэ үед улстөрийн хүрээнийхэн дундаас таныг дэмжиж, хүнийх хувьд хүндэтгэж нөхөрлөж байсан хүмүүс бий биз дээ?
-Манай намынхан, ялангуяа Зүүн хойд Ази фракцынхан дэмжиж байсан. Э.Бат-Үүл, Баабар, Лу.Болд, молекул Батбаяр нар намайг байнга дэмжиж байсанд баярлаж явдаг.
-Та Зүүн хойд Ази  фракцдаа хэвээрээ юу?
-Би гарсан шүү дээ. Фракцгүй л явж байгаа.
-Ирэх сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвших үү?
-Дэвшинэ ээ.

-Хүүхдүүддээ бичсэн захидал гэсэн ном бичсэн. Хүүхдүүддээ олон захиа бичдэг юм. Түүнийхээ нэг хэсгээс нь ном болгож гаргалаа. Би таван хүүхэдтэй шүү дээ.

Д.Доржпагма    www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих