Башар аль-Асадын бурууг би л лав олж харсангүй

205523-18042017-1492503554-570862312-1Асад ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн, АНУ үүний хариуд далавчит пуужингаар цээрлэл үзүүлсэн тухай энд өгүүлэхгүй. Өөр өнцгөөс Асадыг зөвтгөснийг буулгасан болно.

Харьцуулалт хийж болохоор байна. Египетийн Мубарак, Ливийн Каддафи, Йемений Салех, Тунисийн Бен Али нар бүгд түүхээс арчигдчихаад байхад ганцхан Сирийн Асад тэсэж тогтоод, Орос, Иранаас дэмжигдээд, бараг ялж эхлээд байгаад дэлхий дахин оновчтой тайлбар өгч чадалгүй өнөө хүрлээ. Сири бол Арабын национализмын уламжлал бүхий Ойрхи Дорнодын хамгийн шашинжаагүй улс, зүйрлэвээс Турктэй төстэй. Зэвсэгт бослогын өнгөн дээр жирийн сиричүүдийн нүдэн дээр шашинжаагүй тэр байдал нь тэс өмнөө болжээ.

Зургаа дахь жилдээ дүрэлзэж буй Сири дэх иргэний дайны төгсгөлийг урьдчилан төсөөлөх дээрээ тулсан мэт. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Сиричүүд таван жил хагас хоорондоо алалджээ. Үр дүн нь маш баргар, лав хагас сая хүнээ егүүтгэсэн. Сая саяараа төрсөн гэр орон, эх орноосоо дайжлаа. Хөрш Ливан руу бараг нэг сая сири хүн дүрвэн орж энэ орныг хөл дарж хүнд ачаа үүрүүллээ. Ливаны таван иргэн тутамд нэг сири дүрвэгч ногдож байна. НҮБ-ын судалгаагаар дүрвэгсдийн 75 хувь нь 11 наснаас доош насны балчир үрс байна. 200 мянган сири хүүхэд дүрвэгсдийн хуаранд суралцаж байна. Үлдэх ихэнх хүүхдүүд нь гээгдсэн бүтэн үе болж төлөвшинө. Иргэний дайны шан нь энэ.

Оросын судлаачдын үзэж байгаагаар (магадгүй ОХУ-ын Засгийн газрын хүсэж байгаагаар) 1991 оноос дэгдээд 10 жил үргэлжилсэн Алжирын иргэний дайныг Сири дэх энэ дайн санагдууллаа гэх. Нэгэнтээ хэдэн жил тэсэж тогтоод, одоо унах нь тодорхойгүй байгаа Сирийн эрх баригч дэглэм 20 гаруй жилийн өмнөх Алжирынхтай тун төстэй байна хэмээн Оросын эрдэмтэн Р.Сулейманов үзжээ. Алжир сценар гэдэг нь нутаг дэвсгэрийнхээ үлэмж хэсгийг Засгийн газар нь хянана, исламистууд цөлийн зарим районыг хянана, тэндээсээ Засгийн газрын мэдлийн нутаг руу терроризм үйлдэнэ.

Ливаны таван иргэн тутамд нэг сири дүрвэгч ногдож байна

Алжирт 1991 онд Лалын аврах фронт гэх тулгуур үзэлт нам сонгуулийн эхний шатанд ялсан, ялалтыг нь цэргийнхний шахалтаар Ерөнхийлөгч хүлээн авалгүй, парламентыг тарааж, сонгуулийн дүнг хүчингүй болгосон. Ингэмэгц нь исламистууд нууц байдалд шилжин, эсэргүүцлийн тэмцлээ эхлүүлсэн, үр дүн нь тэдний гарт 250 мянган иргэн амиа алдсан, исламистуудын хяналтад буй Сахарын цөлд контрбанд, хүний наймаа цэцэглэсэн. Тэгвэл эдүгээ Сирийн нутаг дэвсгэрт яг гурван мини-улс оршиж буй тухай мэдээлэл хэр ортой бол. Бараг л зөв биз ээ.

Нэг мини-улсыг нь Асадын Засгийн газар хянаж байна. Баруун ба баруун хойд Сири бол лалын алавит сектийн нутаг тул Асад тэнд ялагдана гэж үгүй, тэнд нь бас шиитүүд, христианчууд үлэмж тоогоор, Орос цэргийн баазаа байгуулаад авсан;

Хоёр дахь мини-улс нь төв Сири, өмнөд Сирийг хамрах суннитүүд голлосон нэг анклав байна, түүнийг хэтдээ чөлөөлнө;

Гурав дахь нь зүүн хойд Сири дэх хоёр сая курдийн оршин суугаа салан тусгаарласан бас нэг мини-улс, үүнийг Турк заналхийлнэ, цаадуул нь бууж өгөхгүй.

Башар Асад бол дарангуйлагч, иймд энэ нөхрийг зайлуулах ёстой. “Муу муухайн тэнхлэг” хэмээн Вашингтонд Ж.Бушийн үед өгсөн нэр хоч Д.Трампын өнгөн дээр замхарлаа. Дарангуйлагч хэсэг улсыг нэрлэсний дотор Сири дээгүүр цохиж явсан бол эдүгээ терроризмын эсрэг тэмцлийн жигүүр улс болон Вашингтонд харагдаж эхэллээ. Энэ бол улс төрийн дэглэмийнх нь хувьд үзэн ядах өрнийнхний тайлбар, зөвтгөл үнэгүйдсэнийх. Ганц “но” үлдлээ. Вашингтоны, тэгэх тусмаа Трампын ойрын холбоотон Израильтай энх тайван тогтоохыг хүсэхгүй явж ирсэн яваа нь хожмын ял зэмлэлийн зөвтгөл болж мэднэ.

Асад унахгүй байх бас нэг шалтгаан, бүр гол шалтгаан бий. Тэр бол нефть, байгалийн хий байж болох юм. Сири нь хөрсөн дороо асар их баялагтай заяагдчихаж. Энэ баялаг Асадын дэглэмийн бат бэхийн нэг чухал, гол нөхцөл нь. Лалын ертөнцөд тохиож буй аливаа мөргөлдөөн, дайн, хувьсгал нь газрын тос, мөн байгалийн хийтэй ямагт уялдаж ирсэн. Эл шингэн болон хийн түлш өрнийнхөн, ялангуяа Америкийн эрх ашгийг хүчтэй хөнддөг. Түүнийхээ төлөө Б.Обама исламистуудыг харамгүй дэмжиж дэвэргэсэн, харин одоо Трамп тэгэхгүй байх.

Хомс хотынхоо хавьд асар их ирээдүйтэй байгалийн хийн орд илрүүлснээ Сири 2011 онд зарламагц дараахан нь ардчилсан бослого өрнөөд явчихсан. Сирийн Газрын тосны нөөцийн сайд Суфьян Алави гэгч SANA агентлагт ярилцлага өгөхдөө, Хомсын орд хоногтоо 400 мянган шоо метр хий олборлож байна хэмээн зарламагц нь бослого хөдөлгөөн эрчээ авч, цус урсаж эхэлсэн. Европыг байгалийн хийгээр хангахад Сири нь хамгийн чухал стратегийн түшиц нутаг хэтдээ байх төлөвтэй юм. Персийн булангаас Туркээр дамжуулан, тэгэхдээ Сириэс Газар дундын тэнгис доогуур хоолой татан Турк руу хүргэж, тэндээсээ Европыг хангах санал Катар Сирид хандан “Арабын хавар”-аас өмнө эрт дэвшүүлсэн. Катар бол Ирантай адил байгалийн хийн асар их нөөц эзэмшдэг. Гэтэл Асад шашин нэгт Иран дээр сонголт хийж, Катарын саналыг 2009 онд эсэргүүцсэн. Асадыг ингэж эсэргүүцэхэд нь Орос, Иран хоёр лоббидсон. Иймд Катарын өс хонзон эргээд буусан нь исламистууд ба “Лалын улс”- ыг санхүүжүүлснээр илэрсэн.

Сири нь байгалийн хийн нөөцтэй, тэр хэрээрээ газар доогуур ихээхэн хоолой татан, АНУ-ын холбоотон Катарын эрчим хүчний стратегийн хүч нөөцийг тасалдуулж мэдэхээс гадна Туркийг байгалийн хийн урсгалаас салгах аюул учруулж ирмэгц байдал бүр бишдсэн. Орос, Ираны өөгшүүлээд, Сириэр хийлгэх гээд буй “Лалын хийн хоолой” гэх өөр нэг төсөл өрнийнхний эрчим хүчний эрх ашигт ноцтой хохирол учруулах нь тодорхой болсон.

Энэ төсөлд Иран, Ирак, Сири 2010 онд гарын үсэг зурсан ба 3480 бээрийн урттай хийн хоолой барьж, 2016 онд нээлтээ хийн, Европын хэрэглэгчдийг хийгээр хангахаар заасан байсан. Хоолой ашиглалтад орсноор Иранаас өдөр бүр 3.9 тэрбум шоо фут байгалийн хий урсахаар байв. Иранаас гарсан хий Ирак, Сири, Ливаны өмнөд нутгаар дамжин Газар дундын тэнгисийн сав газар хүрэхээр тэр төсөлд заасан байв. Харин Сирийн иргэний дайн тэрхүү төслийг саатуулаад хэрэгжүүлсэнгүй, гэхдээ нэг их удаан саатуулаад байхгүй байлгүй.

Зөвхөн энэ хэдхэн баримт л Сири дэх өнөөгийн хэрэг явдлын цаад учир утга нь өрнийнхний нефть ба байгалийн хийн корпорациудын эрх ашгаар нөхцөлдсөн гэх хардлага төрүүлнэ. Хэрэв Сири байгалийн хийн нөөцгүй, дамжин өнгөрөх стратегийн чухал байршилгүй байсансан бол сиричүүдийн ардчилал, хувьсгал, шашны дайн хэнд хэрэгтэй вэ гэх асуулт тавьж болно. Өөр бүр ч том тоглоом Сири дээр бас харагддаг. Газар дундын тэнгисээс Хятад, Оросыг шахан гаргахын тулд Ливи дэх Каддафи, Сири дэх Асадыг түлхэн унагахыг бид хүсэж байна хэмээн хэдэн жилийн тэртээ Рейганы эдийн засгийн бодлогын зөвлөх асан Пол Робертс Ираны Press TV-д ярьж байсансан.

Зарчмын хувьд Робертс үнэнээс хол зөрүүлээгүй ярьж, таамаглаж байсан болж таарлаа. СССР-ийн залгамжлагч ОХУ нь сүүлийн 20 гаруй жилд Ойрхи Дорнодын олон улсын энхийн зуучлагчийн үүргээ дараалан алдаад, одоо Араб дахь холбоотнуудаасаа хагацаж эхлээд байгаа ба ганц Сири л сүүлчийн могикан нь болж үлдсэн. Хятадыг Ойрхи Дорнодын хэрэг явдал руу татан оруулахыг өрнөдөд хэн ч таалахгүй. Тэр утгаар Орос, Хятадын үхэн хатан дэмжээд буй Асадын дэглэм тэдний хувьд сүүлчийн цайз, түүнийгээ бэхжүүлээд авбал түүн дээрээ дөрөөлөөд Ойрхи Дорнодын шинэ, том тоглогчид болцгооно. Харин тэр цайзыг нураахаар өрнийнхөн хөдлөөд ашиг олж чадаагүй байтал түүнийг нь Трамп хүчээр зогсоочихлоо.

Сирид 2011 оны хавар дэгдэж эхэлж байсантай адил нийгмийн хувьсгалт тэмцэл эдүгээ Туркийг битүү, далдуур нөмрөөд байх шиг. Гэхдээ Турк дэх ирээдүйн бослогыг өрнийнхөн таашаахгүй. Лалын шашны ёс зүйг сахигч, шариатыг шүтэгч Эрдоганы дэглэм хувьсгалт тэмцлээр ойчих нь өрнийнхөнд ашиггүй. Учир нь тэр дэглэм Газар дундын тэнгист өрнийнхний бат бэх цайз бэхлэлт болж байгаад хэргийн учир оршиж байна. Гэхдээ Лалын шашны эсрэг хавар Туркэд тохиовол яаж ч чадахгүй.

НАТО-ийн гишүүн Туркээр дамжаад Вашингтон лалын ертөнцөд хяналтаа тогтоож ирсэн ба харин тэр нь хүчтэй ганхаж байна. Сирийн мөргөлдөөн бол түүний нэг үе шат байх магадлалтай хэмээн Оросын түүхч Константин Пензев үзсэн нь ноцтой дүгнэлт байх. Түүнийхээр бол АНУ Обамагийн өнгөн дээр Шинэ Ойрхи Дорнод төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж үзсэн. Тэр төлөвлөгөө нь Шинэ халифат буй болгох, тэр халифат нь Цагаан ордны хяналт дор ажиллах утсан хүүхэлдэй байхаар төсөөлөгдсөн.

Оросын их гүрний геополитикийн сонирхлыг тооцож үзэх үү

Үнэндээ Сири бол улс орны хувьд АНУ-д тэгтлээ ач холбогдолтой биш, энэ бол лалын ертөнцийг хянахад саад болж буй бас нэг л утсан хүүхэлдэй. Хэрэв АНУ исламистуудыг гартаа оруулж авбал нийт Ойрхи Дорнодыг байгалийн баялагтай нь бүрэн хянахаар байв. Тус тусдаа байгаа шейх, эмирүүдтэй төвлөрсөн ардчиллын схемээр ажиллахад АНУ-д хэцүү. Тиймээс нэг мөр лалын нэгдсэн ганц халифат байгуулж аваад зааж чиглүүлэх нь амар байсан хэрэг. Тэгж зааж чиглүүлэнгээ газрын тосыг нь шавхах ба тэгсэн цагт Египет, Тунис, Ливид зарлагадсан мөнгөө эргүүлж олж авна хэмээн Оросын түүхч Обамаг шоглон бичжээ.

Олон өнцгөөс авч үзвэл, энд Оросын их гүрний геополитикийн сонирхлыг тооцож үзэх нэг сонин санаа, дүгнэлт дээр цухалзаж байх шиг!

Шинэ Ойрхи Дорнод төлөвлөгөө хэрэгжүүлснээрээ Жорж Бушийн нэрлэсэн эрх чөлөө дутагдаж байгаа манай гарагийн 40-50 улсад, ардчиллын онолч Марк Палмерын нэрлэсэн XXI зууны 44 дарангуйлагчийг унагах гэгээн мөрөөдлийг нь АНУ биелүүлнэ гэж үзье. Даян дэлхийн бүх ардчилсан институцийг бэхжүүлэх зорилгоороо 2011-2013 онд “Арабын хавар”- ын эхний давалгаанаар нэг бүлэг удирдагчдын (Мубарак, Каддафи, Салех, Бен Али, араас нь Асад) халаа сэлгээ хийжээ.

Өөрөөр ардчиллын гэх тоймтой үр дүн гарсангүй. Тэгвэл 2014- 2017 онд Ойрхи Дорнод, Баруун Азид дараагийн нэг бүлэг удирдагчдыг халж солих хоёр дахь давалгааг Катарын Эмирийг хөөж буулгаснаар эхлүүлсэн боловч цааш нь үргэлжлүүлж чадсангүй. Кувейт, Эмират, Бахрейн, Саудын Араб гээд өтөл настай, бие муутай, нэр хүнд тааруу, дотооддоо асуудалтай хаад мөхлөө хүлээн суухыг үгүйсгэхгүй. Истанбулын Таксимын талбайд өрнөсөн, өрнөх залуу түрэгүүдийн тэмцлээр Эрдоганыг дараа нь огцруулах аян шалтаг гараад ирвэл ямар тайлбар өгөх вэ.

Олхонуд Д.Баярхүү профессор

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих