Парисын хэлэлцээрийн биелэлт үр дүнгээ өгөхөд ойртлоо

0f22ce91410e8abc78e9b284bddb29d8_x3Өнөөдөр БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч З.Батжаргал, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Ганбаатар, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн дарга Каваниши Масато нар Японы “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурлаа.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тооллогыг 1990 оноос хойш 3 удаа явуулахдаа тухай бүрд богино хугацааны зөвлөхийн баг бүрдүүлэн хийж гүйцэтгэж байсан.  Хүлэмжийн хийн тооллогыг тогтмол, үнэн зөв, ил тод, олон улсын шаардлагад нийцсэн арга зүйн дагуу  хийх чадавхийг бэхжүүлэх, хүлэмжийн хийн тооллогын дүн мэдээг цуглуулахад үндэсний хэмжээний хүлэмжийн хийн тооллогын явцийг сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Иймээс уг төслийг хэрэгжүүлсэнээр хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тооцооны үнэмшил, нарийвчлал сайжирч Монгол Улсаас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах, шингээгчийг нэмэгдүүлэх арга стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд үндэслэл болох ач холбогдолтой. Үүнээс гадна, улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавхи бий болж, тооллогын нэгдсэн системийн тогтвортой байдал хангагдах боломжтой болох юм.

“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь”-ийн урьдчилсан суурь судалгааны ажил хийгдэж дууссан бөгөөд уг судалгааны үр дүн, тайлан мэдээг төв байрандаа танилцуулсаны үндсэн дээр гэрээ эцэслэн шийдэгдэж ийнхүү хоёр улс хамтран ажиллахаар болсон байна. Гурван жилийн судалгааны ажлын үр дүнд төсөл хэрэгжихэд бэлэн болсон бөгөөд төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжин 2021 онд дуусах юм.


URL:

Сэтгэгдэл бичих