Бөхчүүдийн уул хаших “өвчин”
Улсын өндөр цолтой бөхчүүдийн уул хашдаг “өвчин” Дархан аварга Х.Баянмөнхөөс эхтэй гэж ярьдаг. Гачууртын Шар хоолойд уулын нэгэн амыг олон жилийн өмнө хашиж авсан аварга маань энэ талаар нь асуусан сэтгүүлчийн амыг “Би модонд хайртай хүн. Надаас илүү хайртай хүн байвал би энэ амыг чөлөөлж өгөхөд бэлэн байна” хэмээн таглаж байсан гэдэг. Х.Баянмөнх аваргаас хойш бөхдөө хайртай монгол түмэн тэдэндээ уулыг ам амаар нь өгөх болсон. УИХ-ын гишүүн болоод байгаа аварга А.Сүхбатыг нэгэн ам Төв аймагт дүнхийж байдаг. Үхэхдээ үүрээд явахгүй нь тодорхой ч үр хойчдоо үлдээнэ гэж боддог байж магадгүй тул шууд үгүйсгэхэд хэцүү юм. Харин, ам хашиж авчихаад булаг шандыг нь бас давхар “хашдаг” увайгүй явдал сүүлийн үед гарах боллоо.
Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр уулын амыг хашиж, эзэн суужээ. Уулын аманд эзэн суух нь хүний эрх юмаа гэхэд уулын энгэрээс урсах булгийн урсацыг нь хаан, тэр хавийн мал амьтныг усаар гачигдуулах эрхийг Газрын албаныхан өгөөгүй л баймаар. Тус дүүргийн малчид хорооны даргадаа энэ талаар удаа дараа гомдол тавьснаар, арслангийн хашааг буулган хүн мал устайгаа золгосон ч удалгүй дахин хашаад авсан гэнэ. Түүнээс хойш дахин хашаагаа нээгээгүй ба горхи нь яагаад ч юм арслангийн хашаан дотор “шурган”, хүн малд хүрч урсахаа больжээ. Энэ тухай нь тэр хавийн малчид “Д.Мөнх-Эрдэнэ арслан маань урьд төрөлдөө их л ундаасаж байсан юм байлгүй дээ. Тэгээд л булаг хашаа л даа” хэмээн шоглон хэлэлцдэг байна.
share.mn
URL: