Үхэж өгдөггүй Үнжэ, жаргаж өгдөггүй Жангүмийг биш бүргэдчин охиныхоо киног үзмээр байна!
Саяхан сошиалд нэгэн бухимдсан хэрэглэгч үхэж өгдөггүй Үнжэ, жаргаж өгдөггүй Жангүмийг давтан давтан үзүүлдэг, Солонгос савангийн хөөсүүдээр ард түмнээ угжиж байдаг телевизүүд ч Монголын нэрийг дэлхийд сурталчилж байгаа Айшолпан охины тухай киног үзмээр байх юм хэмээн бичсэнтэй таарав. Үнэхээр ч манай телевизүүд энэ тал дээр санаачилга гаргасангүй, борооны дараахь мөөг шиг болсон болоогүй олон монгол кинонд булуулж, багагүй ашиг олдог кино театрууд ч үүнийг бодолцоогүйг ажиглалаа.
Гэтэл Айшолпан охиныг монголчууд төдийгүй дэлхий нийт сонирхож, дэлхийн хамгийн “залуу бүргэдчин”-ээр онцолсон, улмаар Арабын Нэгдсэн Эмиратад Шувуун анчдын наадамд оролцсон, АНУ-ын “Harper’s Bazaar” сэтгүүлээс гаргасан 2016 оны эрэлхэг эмэгтэйчүүдийн нэгээр тодорсон, тэр бүү хэл охины амьдралаар “The Eagle Huntress” хэмээх кино бүтээгдэж Торонтогийн олон улсын кино урлагийн фестивалд урилгаар оролцож, Америкийн кино академийн Оскарын шагналд нэр дэвшсэн гээд мэдээлэл хөврөх болжээ.
Охиныг болон түүний аав ээжийг Холливудын алдарт жүжигчин Оскарын шагналт Леонардо Ди Каприогийн ээж үдийн зоогонд урьсан гэх мэдээлэл ч гадны хэвлэлүүдэд тавигджээ. Гадныханд, олон улсын кино ертөнцөд үнэлэгдэж байгаа Айшолпан охины амьралаас бүтээгдсэн “The Eagle Huntress” кино харамсалтай нь Монголд гарсангүй удаж байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилгаар энэ кино Монголын кино театруудаар гарах боломж нээгдэж байгаа талаар чих дэлссэн юм. Энэ мэдээ үнэн эсэх нь тодорхойгүй ч “The Eagle Huntress” кино ямар нэг байдлаар монголчуудынхаа сонорыг мялаахаар болж байгаа нь баттай аж.
Бүргэдчин охин Айшолпан 2014 онд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг “Саят толгой” хэмээх газарт болсон “Хыран 2014 Бүргэдийн баяр”-ын “Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан”-д 13 настайдаа түрүүлж, BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд бууснаас хойш олны анхааралд өртөж тэр байтугай дэлхийн хүн болчихоод байгаа гэхэд ч хилсдэхгүй.
zaluu.com
URL: