Зиндаа зиндаандаа тэрсэлдэнэ буюу “Ц.Нямдорж VS Н.Энхбаяр” нарын дуулиантай зэрэгцэн генерал П.Даш комиссар Ч.Сангарагчааг дуэльд дуудлаа
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр Монгол улс хоёрхон хүнтэй болчихдог гэдэг шиг өнөөдөр Монголд Н.Энхбаяр, Ц.Нямдорж гэдэг хоёрхон хүн байна. Энэ тоо одоо дөрөв болж өслөө. Дээдчүүл орд харш, идсэн ууснаа тоололцож байх зуурт дараагийн түвшний түшмэд “дайтахаар” шийджээ. Ардчилсан Монгол улсын хэлмэгдүүлэлтийн амьд жишээг биеэрээ үзүүлж яваа гэгддэг ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш АТГ-ын дарга, комиссар Ч.Сангарагчааг хэн нь авлигач болохоо харуулж нотлох тэмцэлд дуудав.
Суудаг сандал дороос нь өргөс хатгахын цагт Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “20 гаруй авилгачийн нэрийг зарлана” гэсэн ганц өгүүлбэрээр л УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлээд албан тушаалаа түдгэлзүүлэлгүй өөрийгөө хамгаалаад үлдэж байсныг бүгд мэднэ. Харин тэр 20 авлигач Ч.Сангарагчаатай хамт чимээгүй өнгөрөх үү? Авлигатай тэмцэх газар 20 авлигачийн нэрийг зарлахгүй бол Авлигыг Хамгаалан Хаацайлагч Газар гэсэн нэр зүүх хэрэгтэй. Эрхэм комиссарын дээрх үгнээс дур нь хүрвэл хэнбугай ч байсан хаацайлж, дургүйг нь хүргэвэл хэнийг ч хамаагүй авлигачаар нь цоллож болдог юм байна гэсэн хар бууж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “… та нар жинхэнэ акулыг нь барихгүй жараахайтай хөөцөлдөөд байна…” гэсэн нь ч үүнтэй холбоотой. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “…би авилгач нартай зэрэгцээд сууж байна…” гэж хэлээд өөрөө АТГ-т дуудагдаад хэцүү нэрт рүү явчихаа шахсан. Ийм нэг “Хэлье гэвч хэлж болдоггүй… Үгүй гэж үгүйсгэж болдоггүй…” хэмээн дуунд гардаг шиг зарлаж болдоггүй сүг сүүдэр шиг үзэгддэггүй хэрнээ Ш.Сайхансамбуутай зэрэгцээд сууж байгаа авлигач нар байж л байна. Ер нь АТГ авилгач нарыг илрүүлэх гэсэн, авилгатай тэмцэх гэсэн хүнд тун халгаатай байгууллага. АТГ УИХ-ын гишүүн С.Эрдэнийг улс төрийн шалтгаанаар зохиомол гэмт хэрэгт холбогдуулан шалгаж хэлмэгдүүлсэнн, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг өмнө нь хашиж байсан албатай холбоотой асуудлаар одоогийн албан тушаалтай нь холбогдуулан эрүү үүсгэн шалгаж байсан зэрэг олон баримт бий.
Ингэж хэлмэгдэгсдийн нэг нь өнөөдөр Ч.Сангарагчааг дуэльд дуудаад байгаа генерал П.Даш бөгөөд тэрээр “Намайг хэлмэгдүүлсэн хэлмэгдүүлэгч, захиалагч нарыг тогтоож өгнө үү?” хэмээн Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавд хүсэлт гаргалаа. Түүний хүсэлтэд ноцтой хэмжээнд авч үзэх, шалгах хэрэгтэй олон баримт, фактуудыг дурдсан байна. Ингээд Улсын Ерөнхий Прокурорын ширээн дээр очоод буй АТГ-ыг тойрсон баримт, факт бүхий нэгэн өргөдлийг Масс.мн сайт уншигчдадаа эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.ДОРЛИГЖАВ ТАНАА
Хэрэг шалгуулах тухай
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдыг захиалгаар хэлмэгдүүлэх явдал шүүх эрх мэдлийн байгууллагын зарим албан тушаалтанд амь бөхтэй оршиж байгаагаас Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчин улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал үргэлжилсээр байна. Үүнийг шалган зогсоож таслан зогсоохгүй бол Ардчилсан Монгол улсад хүний эрх, эрх чөлөө хоосон тунхаглал болж, жинхэнэ утгаар нь хүний эрх, эрх чөлөөг ард түмэндээ эдлүүлж чадахгүй.
Авлигатай Тэмцэх Газар надад улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэн “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх зэргээр гүтгэн намайг олон жил хэлмэгдүүлэн яллаж, нэр төр, алдар хүндийг минь гутаан доромжилж, Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчин, миний эрүүл мэнд, сэтгэл санаанд нөхөж баршгүй хохирол учруулж байна.
Авлигатай Тэмцэх Газрын эрх мэдэлтнүүд албаны эрх мэдэл болон албан тушаалаа ашиглан зориуд санаатайгаар хэлмэгдүүлэх ажиллагаа явуулсны зарим баримтыг дурдвал,
1. Даш нарын гэх тодотголтой зохиомол хэргийг шалгахаар АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн томилсон мөрдөн байцаагч нарын баг нь шинжээч нарыг дарамтлан “Заавал үүнтэй харьцуулж зөрүүг тооц” гэж зохиомол зөрүү гаргуулах, “заавал ямар нэг тоо тавьж өг” гэж шаардаж бичүүлж авах зэрэг хууль бус аргаар үндэслэлгүй тоонууд цуглуулан түүнийгээ шинжээчид хохирол бодож гаргасан гэж худал тайлбарлан яллуулсан.
2. Мөрдөн байцаагч нар зориудаар гаргуулж авсан шатахууны үнийн хуурамч судалгааг баримтлах, харьцуулах боломжгүй дор чанарын үнийн бүтээгдэхүүний үнийг сайн чанарын бүтээгдэхүүний үнэтэй харьцуулах үүргийг удаа дараагийн томилогдсон шинжээч нарт өгч зохиомол зөрүү гаргуулсан.
3. Мөн тэд долоон удаа шинжээчийн баг томилогдон ажиллахад бүх шатны прокуророос албан бичгээр “ЭБШХ-иар олгогдсон шинжээчид тайлбар өгөх эрх”-ийг эдлүүлэх үүрэг өгсөөр байхад хуулиар олгогдсон эрхийг надад өгөхгүй боогдуулсан.
4. Ч.Сангарагчаа нь мөрдөн байцаагч нарыг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдэх эрх өгөхгүй, өөрийн дохио зангаагаар, хараат байдлаар ажиллуулдаг. /Энэ нь шинжээчийн дүгнэлттэй танилцах хүсэлт гаргахад “дарга битгий танилцуул” гэсэн гээд танилцуулдаггүй байснаас илт байсан/
5. Анхнаасаа үнэн бодит байдлыг тогтоох биш, захиалгаар яллах зорилготой байсан. /Үүнийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахад хэргийг хүлээж аваад шалгаж эхлээгүй байтлаа мөрдөн байцаагч Сүх-Очир, Бямбажав нар “Бид урьд гаргасан дүгнэлтээ хамгаална” гэж мэдэгдэж байснаар нотолж байна./
6. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байхад мөрдөн байцаагч нар “Өршөөлд хамрагдчих” гэж удаа дараа шаардаж байсан.
7. Мөрдөн байцаагчийн таалалд нийцээгүй шинжээчийн дүгнэлтийн хавсралт хавтаст хэргээс алга болсон.
8. Хавтаст хэрэг шүүхэд шилжихэд хэргийн зарим хэсэгт дугааргүй хуудас нэмэгдсэн, зарим хуудаснуудын дугаар алга болсон байснаас хэргийг хүлээн авалгүй бүтэн хоногоор саатаж байсан.
9. Авлигын эсрэг хуулийг зөрчсөн үйлдлийг шалгуулахаар АТГ-ын дарга Ч.Сангарагчаад 2 удаа өргөдөл гаргахад шалгаагүй.
10. Мөрдөн байцаагч нараа сольж шударга мөрдөн байцаагчдыг томилж өгнө үү? гэсэн хүсэлтийг хүлээж аваагүйгээс гадна миний удаа дараа гаргасан өргөдөл, гомдол хүсэлтэд хариу өгөөгүй.
11. “Даш нарын хэргийг сайн шалгаж илрүүлсэн” гэж орон сууцны дэмжлэг нэрээр мөрдөн байцаагч нарынхаа хувийн дансанд тус бүр 10-15 сая төгрөг шилжүүлж байсан зэрэг тодорхой баримтууд нь Ч.Сангарагчаа албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улс төрийн зорилгоор зохиомол хэрэг үүсгэсэн байж болохыг харуулж байна.
Иймд АТГ-аас надад тулгаж байгаа зохиомол хэргийн бодит байдлыг тогтоолгохын тулд дараах хүсэлтийг гаргаж байна.
1. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улс төрийн зорилгоор зохиомол хэрэг үүсгэн миний хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчин эрүүл мэнд, сэтгэл санаанд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж үзэж байгаа учраас Ч.Сангарагчаагийн энэ үйлдлийг шалган шийдвэрлэж өгнө үү?
2. “Олон зуун тэрбум төгрөгийг авлигад өгч байна”, “Олон авлигачид, төрөөс төрсөн олон тэрбумтнууд байна” гэж ил тод ярьцгаадаг атлаа нэг ч тэрбумтан авлигачийг шалгаж тогтоодоггүй. Гэтэл зөвхөн АТГ-аас намайг яллаж байгаа үйлдлээр хамгийн багаар бодоход улсад 300 сая төгрөгийн ашигтай ажилласан намайг “улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэж гүтгэн зохиомлоор яллаж байгаа нь жинхэнэ авлигачдыг хаацайлсан үйлдэл гэж үзэх үндэстэй байгаа тул,
Гүйцэтгэх ажлын шугамаар шалгаж тогтоогоод одоо шүүхэд шилжээгүй байгаа хэргүүд, Ч.Сангарагчаагийн үед хэрэгсэхгүй болгосон томоохон хэргүүдийг шалгаж өгөхийг хүсье.
Энэ нь Ч.Сангарагчаа үнэхээр авлигатай тэмцэж байсан уу, хэн нэгний захиалгыг биелүүлэгч байсан уу? гэдгийг тогтоох шалгуур болно гэдэгт итгэж байна.
Өргөдөл гаргасан:
ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш
2011 оны 11 сарын 04
Масс.мн маргаашийн нийтлэлдээ генерал П.Дашийг комиссар Ч.Сангарагчаагийн зүгээс хэлмэгдүүлэн гүтгэж байсан баримтуудыг дэлгэнэ. Та “сувгаа” бүү солиорой.
Ш.Монголтоосго mass
URL: