“Чинхаш” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна

324b23f10519b5e9a2eaccbecaa58e55Гадаад худалдаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Чинхаш гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани 2010 оны 10-р сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Зүүн тойром нэртэй тус газарт олгогдсон 5007Х тоот хайгуулийн тусгай зөвшөөрлийг Адамсмайнинг компаниас шилжүүлэн авсан аж. Геологи хайгуулийн ажлын хүрээнд 217 мянган тонн төмрийн хүдрийн нөөцтэй тус ордод уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд Чинхаш компанийхан орон нутгийн иргэдийн зөвшөөрлийг авахын тулд малчин өрхүүдэд 14 төрлийн зүйл амлаж, ёстой л чихэн дээр нь цэцэг ургуулж эхэлсэн гэдгийг сумын иргэд хэлж байгаа юм.

Тухайн үед малчдын хүүхдүүдийг сургах, сумын төв дээр орон сууц барих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жил бүр сум хөгжлийн санд 30 сая төгрөг хандивлах гээд Чинхаш компанийн уурхай ажилласанаар нутгийн иргэдийн амьдрал огцом дээшлэнэ гэж итгүүлсэн ч тухайн цагаас хойш 4 жил өнгөрөөд байхад иргэдийн амьдрал өөдлөөгүй талаар нутгийн иргэд ярьж байгаа юм. Чинхаш компанийнхан анх байгуулагдахдаа нутгийн иргэдийг ажилд авч ажиллуулж байсан ч хоёроос гурван сар болгоод дийлэнхийг нь халж, орон нь хятад ажилчдыг оруулж ирсэн аж. Мөн нутгийн иргэдийн цалинг ч өгөөгүй гэнэ.

Мөн тус компани нь ТЭЗҮ-ийн дагуу уулын ажил явуулаагүйн дээр зориулалтын зам байхгүй, хаягдал овоолгыг өнгөн хөрсөн дээр асгасан зэрэг ихээхэн зөрчлүүд гарсан байна. Тодруулбал 2014 онд хууль хяналтын байгууллагууд шалгалт хийж, тухайн зөрчлүүдийг илрүүлж 3 сарын  хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Гэвч тэр цагаас хойш гурван жил өнгөрч байхад тухайн зөрчлүүд нь арилах нь битгий хэл улам бүр гаарч, монгол улсын хууль тогтоомжийг зөрчин дур зоргоороо ажиллаж байна. Тус уурхайд ажилладаг хятад иргэд бүгд визгүй, монгол улсын хилээр жуулчны визээр нэвтэрч, ажил хөдөлмөр эрхэлж байсан юм.
Жуулчны визээр хил нэвтэрсэн хятадууд хэдэн арваараа уурхайд ажиллаад явж байгаа энэ байдалд гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь тодорхой хариу хэлэх учиртай бизээ. Одоогоор тус уурхайд ажиллаж байгаад цалин урамшууллаа аваагүй 26 монгол хүн байгаа юм байна. Мөн монгол иргэдийг сарын 300 орчим мянган төгрөгөөр хэт бага үнээр ажиллуулж, хөдөлмөрийг нь мөлжиж байсаныг ч хэллээ. Малчдын хувьд Чинхаш компанид итгэж, үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөний хариуд тэднийг цалингүй ажиллуулж, дээрээс нь мал бэлчих газрыг нь хашаалж, олон үеэрээ нутаглаж идээшиж дассан газраас нь хөөж туух хүртэл нөхцөлд оржээ.

Сум орон нутагт 20 худаг барина гэж амлалт өгч байсан ч ердөө 10 худаг л бариж өгсөнөөс өөр ажил хийгээгүй байна. Мөн уурхайн нохойнууд нь хонь ямаа барисан тохиолдол цөөнгүй гарчээ. Ийнхүү Чинхаш гэх Хятад эзэнтэй компани монгол улсын нутаг дэвсгэр дээр дур зоргоороо аашилж, малчид, сум орон нутгийн удирдлагууд, хууль хяналтын байгууллагуудыг ч хуурч мэхлэн ёстой л бурхангүй газрын бумба галзуурна гэгчийн үлгэрийг үзүүлж байгааг нутгийн эгэл малчид хэлж байна. Иймээс ч тус компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах, уурхайд ажилласан сум орон нутгийн иргэдийг хохиролгүй болгох, уурхайн үйл ажиллагаанаас болж зүй бусаар хорогдсон малын хохиролыг нөхөн төлүүлэх гээд монголын төр хуулиа, иргэнээ, газар нутгаа өмгөөлөхөд анхаарал хандуулах шаардлагатай байна. Бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно

Г.Сар

Zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих