Тэд үеийнхнийхээ тоглоом, гадуурхсан нийгмийн шоглоом болох ёсгүй
“Монгол Улсын иргэний тоог нэгээр нэмж, аав ээжийнхээ амьдралын баяр баясал болон мэндэлсэн бяцхан үрээ нэг л өдөр хүнээс ямар нэг зүйлээрээ дутуу гэдгийг мэдэх шиг аймшигтай зүйл гэж байхгүй. Дэндүү хатуу хандсан хорвоог, арчаагүй тавилантай өөрийгөө хараахаас өөр арга зам олддоггүй л юм даа” гэж сонсгол, хэл ярианы согогтой бяцхан хүүгийн ээж ярьж суусан. Үнэхээр ч хорвоогийн хатуу хувь тавилангаар эрхтэн дутуу төрж, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодотголыг зүүж явах хувь зохиолтой хүмүүс цөөнгүй. Үеийнхнийхээ тоглоом, гадуурхсан нийгмийн шоглоом болж амьдрах хувь тавиландаа гутарч суух нэгэн байхад амьдралын төлөө тэмцэж, өөрийгөө ялах нэгэн бас байх.
Манай улсын хэмжээнд 30 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг аж. Тэднээс хамгийн хүнд төрөл буюу оюун ухаан, хөдөлгөөний согогтой хүүхдүүдэд суурь боловсрол олгодог цорын ганц цэцэрлэг байдаг нь 10 дугаар цэцэрлэг буюу сэргээн засах төв.
Оюун ухааны хамгийн хүнд Сургуулийн өмнөх боловсрол олгодог энэ төвд тав, зургадугаар ангид сурч байх ёстой хүүхдүүд байж байгаад гайхах зүйлгүй. Сэргээн засах эмчилгээ хийж, нийгэмших чадвартай болгоод энгийн сургууль руу явуулахад гологдоод буцаад ирдэг гэнэ. Тэгээд л ерөнхий боловсролын сургуульд сурч байх ёстой хүүхдүүд цэцэрлэгийн багачуудтай тоглож суугаа эмгэнэлт дүр зураг нүднээ тусна.
Үүний хамгийн том шалтгаан нь Монгол улсын боловсролын систем. Нэг үгээр хэлбэл XXI зууны Монгол Улсын боловсролын систем хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусаа хаа хол гээчихсэн гэсэн үг. Хүн бүр сурч боловсрох эрхтэйг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсрох орчин маш муу байгааг тэдэнтэй харилндаг хэдхэн багш л мэдэрдэг. Хамгийн наад зах нь жилд хэдэн зуугаараа төгсөж байгаа багш мэргэжилтнүүд дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах мэргэшил, чадвартай ганц ч хүн байдаггүй гээд бод доо. Үүнээс шалтгаалан сэргээн засах эмчилгээнд орж, нийгэмших чадвартай болсон хүүхдүүдийг энгийн сургуульд явуулахаар багш нь харилцаж чадахгүй гэсэн шалтгаанаар буцаадаг байна.
Ихэнхдээ гоё бичиж чадахгүй, ангийн баллнаас хойш татсан гэсэн шалтгаанаар буцаадаг гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ийм шаардлага тавьж байгаа нь түүний эрхийг зөрчсөн асуудал гэдгийг багш хүн мэддэг л баймаар. Бас сонсгол, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн багш барель үсэг мэдэж, дохионы хэлээр харьцдаг байх ёстой. Гэтэл манай их, дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйг судлахаас цааш хэтэрдэггүй байна. Ёсондоо бол тэдэнтэй харьцах, нурууны гажигтай бол яаж суулгах, гар хөлний саажилттай бол гар, хөлийг хэрхэн байрлуулах зэргийг судлах ёстой.
Энэ бүхнийг мэдэхгүй багш энгийн хүүхдүүдтэй сурах чадвартай хүүхэдтэй харилцаж чадахгүй буцааснаар сургууль засвардах байдалд тэднийг хүргэдэг байна.Нэгэнт сургуулийн насанд хүрсэн хүүхдийг хэдий болтол гурав, дөрвөн настай хүүхдүүдтэй тоглуулахав гээд эцэг эхчүүд нь гэртээ байлгадаг гэнэ. Ингээд л томрох тусмаа нийгмээс гадуурхагдсан азгүй хувь тавилангаа харааж, хүнтэй харилндаггүй зожиг нэгэн болж хувирдаг байна.
ТУСГАЙ СУРГУУЛИУДЫГ ТАТАН БУУЛГАЖ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭНГИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТ СУРГАЯ
Энэ үгийг сэтгүүлч би биш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй өдөр бүр хамт байж, тэдний зовлон жаргал, өвчин шаналлыг мэдэрсэн багш хүн хэлсэн юм. Хар багаас нь “чи эрүүл биш, чиний оюун ухаан но-той” гэсэн ойлголтыг сэтгэхүйд нь шингээж, тусгай нэрээр тусгаарладаг нь хүүхдийг нийгмээс хөндийрөхөд хүргэдэг байна. Үүнээс шалтгаалан би бусад хүнээс ялгаатай, тэдэн шиг сурч, боловсорч чадахгүй гэсэн сөрөг мэдээллийг бяцхан ухаандаа шингээж, өөрийнхөө төлөө тэмцэх сэтгэлийг нь мохоодог аж. Тиймээс хөгжпийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургууль, цэцэрлэгт явуулах биш энгийн хүүхдүүдтэй хамт сургаж, нийгэмших чадварыг нь дээшлүүлэх нь тэдний төлөө хийж байгаа хамгийн чухал алхам болно.
Тусгай цэцэрлэгийн оронд сэргээн засах төвүүдийг нээж, эмчилгээ сувилгаа хийж, бусадтай харилцах чадвартай болонгуут нь ерөнхий боловсролын сургуульд оруулдаг болъё. Бүр хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ердийн сургууль дотор анги нээгээд сургаж болно шүү дээ. Бусад хүүхдүүдтэй л адил хүүхэд насныхаа аз жаргалыг мэдэрч, үеийнхэнтэйгээ тоглож наадан гүйг л дээ. Бас энгийн хүүхдүүдтэй хамт сурахаар оюун ухаан нь илүү хурдан сайжирч, өөрийгөө авч явах чадвар нь дээшилдэг байна.
Үүний тод жишээ нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэж сэргээн засах эмчилгээ хийлгэж байсан хүү өнөөдөр СУИС-ийн номын санчын ангид бусадтай адил сурч, ирээдүйн амьдралаа гэрэл гэгээтэйгээр төсөөлж явна. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй, нийгэмд чөдөр тушаа болж байна гэж адлахын оронд сурч боловсрох орчинг нь бүрдүүлээд өгвөл мэдэхгүй, чадахгүй зүйл нэг ч байхгүй гэдгийг багш нар нь батлаад өгнө. Бидэнтэй л адил хүн шүү дээ, тэд чинь. Тусгай сургууль нэрээр нийгмээс тусгаарлаж байгаа нь хөгжпийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хамгийн энгийн жишээ юм шүү.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХААЛГА ХААЛТТАЙ ХЭВЭЭРЭЭ
Хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, тусгай сургуулиар дамжиж бага насаа өнгөрөөсөн хүүхдүүд насанд хүрээд хэн болохыг тэдний эцэг эхээс өөр хэн ч бодож үзээгүй нь мэдээж. Бага насанд нь тусгай нэрээр тусгаарлачихсан хэрнээ том болоход нь тосоод авах тусгай их, дээд сургууль ч байхгүй. Нэгэнт л насан туршид нь тусгай ажил хийлгэхгүйгээс хойш юмны учрыг ялгаж ядаж байгаа ухаанд нь тусгай гэсэн хумигдмал орчныг бүрдүүлэх хэрэггүй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд сурах боломж хэр байдгийг 25, 29 дүгээр сургуулийн захирлуудаас тодрууллаа.
Тэдний хэн нь ч бүрэн боломжтой, манай хүүхдүүдийн тэдэн хувь нь одоо их, дээд сургуульд сурч байгаа гэж ам бардам хэлээгүй. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй гэхээр нийгмээс тусгаарлагдсан хэсэг байдаг гэдгийг сэтгэл дундуур өгүүлж байсан. 25 дугаар сургуульд дауны хам шинжтэй, оюун ухааны хомсдолтой 250 гаруй хүүхэд сурдаг. Хөнгөвчилсөн программаар есөн жилийн боловсрол олгодог. Өөрөөр хэлбэл математик, физик, хими зэрэг хичээл ордоггүй гэсэн үг. Ингээд дунд сургууль төгсчихлөө. Одоо хаачих вэ гэсэн асуулт тэдэнд байнга тулгардаг. Аль нэг их, дээд сургуульд сурч, бусадтай л адил дээд боловсрол эзэмших хүсэл байвч тэднийг авахдаа тун дургүй.
Сурах чин хүсэлтэй хэсэг нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг сонгохоос өөр арга зам байхгүй. Нэг жилд төгсөж байгаа 24 хүүхдийн 16-22 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч ногоочин, нарийн боовчин, мужаан зэрэг мэргэжпийг эзэмшдэг. Бусад нь гэрийн асаргаанд орж, тахир дутуугийн үйл лайгаа эдэлдэг байна. Сонсгол, хэл ярианы согогтой хүүхдүүдийн сурдаг 29 дүгээр сургуулийн хувьд харьцангуй гайгүй. Гэхдээ л их, дээд сургуулийн багш нар дохионы хәл, барель үсэг мэддэггүйгээс эхлээд тэдний өмнө түмэн бэрхшээл тулгарна. Бусдын лекцийг хуулах зэргээр сурах чин хүсэлдээ хөтлөгдөн бор зүрхээрээ л зүтгэж байгаа гэхэд болно.
Хөгжлийн бэрхшээлтэй гээд багш тэднийг харж үзэхгүй нь мэдээж. Жилд 5-8 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг гэнэ. Тэд бүгдээрээ шалгалтад тэнцэхгүй. Тэгэхээр нэг жилд дунджаар 4-5 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд их, дээд сургуульд ордог гэсэн үг. Ихэнхдээ зураач, сийлбэрч, компьютерийн ангид ордог гэнэ. Төгсөж гараад өндәр цалин авч, удирдах албан тушаал хаших эрх тэдний хувьд хаалттай гэдгийг энэ бүхэн хэлээд өгч байгаа юм. Насаараа улсын тэтгэмж авсан “яс горьдсон нохой” биш ирээдүйн амьдралаа өөрийнхөө гараар бүтээх боломжийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох цаг ачь хэдийнэ иржээ. Хязгаарлагдмал орчинд мэргэжил эзэмшсэн тэд ажилд орно гэсэн итгэл найдвар мөн л бүрхэг.
Уг нь 25-аас дээш ажилтантай байгууллага нэгээс доошгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэгтэй. Үүнийг хуулиар баталгаажуулсан ч амьдралд хэрэгжсэн нь тун ховор. Хувиараа талх, мужааны цех ажиллуулахаас өөр арга зам үлдэхгүй. Тиймдээ ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулдаг. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусдаа ингэж л ханддаг. Хүнтэй л адил хүн болохоор сурч боловсрох, ажиллах, амьдрах эрхтэй. Гэтэл эрхээ эдлэх чадвар дутмагийг нь далимдуулж байгаа мэт сурч боловсрох орчинг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлаж байгаа нь тэднийг үх гэснээс ялгаа юун билээ дээ.
В.Батцэцэг
URL: