Дубайн гэрээ Рио Тинто компанийн ээлжит луйвар байсан уу
Рио тинто Монголын хуулийн цоорхойг ашиглан Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх Дубайн гэрээгээр мөнгө хүүлэх боломжийг өөртөө олгосон байна.
Туркуаз хилл компаниас 2015 оны 12 дугаар сарын 14 ны өдөр гаргасан мэдээллээр /Туркуаз хилл нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани тул мэдээллээ олон нийтэд ил болгох үүрэгтэй байдгийг энд дурдъя/ Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олон улсын арилжааны 15 банкнаас доод тал нь LIBOR +2.5, дээд тал нь LIBOR +4.75 хувийн хүүтэй 4.4 тэрбум долларын зээлийг 13-15 жилийн хугацаатай зээлсэн байна.
Тэгэхээр Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэгийн өнгөрсөн жилийн 5 дугаар сард Дубай хотноо Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсаны үндсэн эдгээр зээлийг олон улсын банкууд Рио тинтод олгосон нь тодорхой юм.
Гэхдээ дээрх төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулахдаа Рит Тинто компани Монголын Засгийн газар (гарын үсэг зурсан нөхдүүд санаатай зурсан, төөрөгдсөн байсан уу гэдэг нь тодорхойгүй) ард түмнийг төөрөгдүүлээд зогсохгүй, өөрсдийн байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээгээ зөрчсөн байна. Оюутолгой компанийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллагаас компани нь зээл авах замаар санхүүжүүлэлт хийж болохыг хүлээн зөвшөөрч, хувь нийлүүлэгч бүр олон улсын банкны зээлийг олж авахын тулд нөгөө талдаа болон Компанид зохих бүх дэмжлэгийг үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Гэтэл Туркуаз хилл компанийн дээрх мэдээллээс харахад Оюутолгой биш, Рио тинто компани зээл авсан бөгөөд LIBOR +2.5, дээд тал нь LIBOR +4.75 хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ эргээд Оюутолгойд LIBOR +6.5 хувийн хүүтэй болгож зээлэхээр гэрээ хийжээ. Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд Рио Тинто компани Оюутолгойн толгой компанид зээл олоход зуучилж, олон улсын банкнуудаас олгосон зээлийн хүүг дундаас нь нэмж, мөнгө хүүлэх талаар заасан заалт байхгүй.
Уг вэбсайтад мэдээлснээр дараах зээлүүдийг Оюутолгой компанийн нэр дээр авсан байна.
Зээлийн төрөл | Хэмжээ | Хугацаа | Жилийн хүү |
Зээл | $0.8 тэрбум | 15 жил | LIBOR + 3.78% төсөл эхлэхийн өмнөх шатанд; LIBOR + 4.78% төсөл эхлэсний дараа |
Экспортын зээлийн агентлагуудаас авсан зээл | $0.9 тэрбум
$0.4 тэрбум |
14 жил
13 жил |
LIBOR + 3.65% төсөл эхлэхийн өмнө; LIBOR + 4.65% төсөл эхэлсний дараа
|
Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны Агентлагаар баталгаажсан зээл | $0.7 тэрбум | 12 жил | LIBOR + 2.65 % төсөл эхлэхийн өмнө; LIBOR + 3.65% төсөл эхлэсний дараа |
Зээл | $1.6 тэрбум | 12 жил | LIBOR + 3.4% төсөл эхлэхийн өмнө; LIBOR + 4.4% төсөл эхлэсний дараа |
Мөн уг вэбсайтад дурьдахдаа төслийн санхүүжилтийн гэрээ (Дубайн гэрээ юм уу, эсвэл Рио тинтогийн банкуудтай тохирсон гэрээ юу гэдэг нь тодорхойгүй байна) ёсоор Рио тинто зээлдүүлэгчдийн өмнө зээлийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх ба өмнө тохирсон гэрээнүүдийн дагуу Оюутолгой, Туркуаз хилл компаниуд нь Рио тинто компанид нийт зээлсэн зээлийн 2.5% тай тэнцэх хэмжээний жилийн хураамжийг төлөх бөгөөд үүний 1.9% -ийг Оюутолгой, 0.6% -ийг нь Туркуаз хилл төлнө гэсэн байх юм.
Дээрх 4.4 тэрбумын зээлийг Рио Тинто компанийн дансанд байршуулах бөгөөд энэ зээлээс Туркуаз хилл компанид Оюутолгой компанийн төлөх өмнөх өрийг төлөөд үлдсэнийг нь Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг гаргахад зарцуулах юм байна. Оюутолгой компаниийн төлөх зээлийн хувь нь LIBOR + 6.5% байх ба үүнд жилийн хураамжинд төлсөн хувь багтана.
Энд тоо бодоод байх шаардлага байхгүй байна, Рио тинто компани Оюутолгой компанийн лицензийг барьцаалж, олон улсын банкуудаас зээлээр авсан энэ их мөнгийг өөрийн дансандаа 12-15 жил байршуулаад хэрэглэх мөртлөө хүүг нь Оюутолгой компаниар төлүүлээд зогсохгүй, Оюутолгой компаниас дор хаяж 2 хувийн хүү нэмж авахаар гэрээ хийжээ. Дээр нь энэ их мөнгөний хадгаламжийн хүү чамгүй их мөнгө байх нь тодорхой бөгөөд түүнийг мөн Рио тинто аваад сууж байхаар харагдаж байна. Дашрамд хэлэхэд Оюутолгойн нэрээр зээл авсаныхаа дараахан Рио Тинто компани өөрийн гаргасан 1.5 тэрбум долларын үнэ бүхий өрийн бичгийг (компаниас гаргасан бонд) эргүүлж худалдаж авсан байх юм. Энэ бол Оюутолгойн нэр дээр авсан зээлээ өөрийн бусад төслүүдэд зарцуулж байна уу гэсэн хардлагыг яах аргагүй төрүүлж байна. Ер нь үндэс дамнасан кропорациудын хувьд ингэж шилжүүлэх нь түгээмэл үзэгдэл л дээ.
Монголын тал Рио тинто компаниас дараах зүйлүүдийг ил тод болгохыг шаардах ёстой. Үүнд:
- Рио тинто компани Оюутолгойн зээлийг юунд зарцуулж байгаа, хэрэв бусад төсөлдөө зарцуулж байгаа бол Оюутолгой бус, тухай зээлийн мөнгийг хэрэглэж буй Рио тинтогийн бусад хамааралтай компани төлөх ёстой, хэрэв банкинд хадгалж байгаа бол хадгаламжийн хүү хэдэн төгрөг болсон, Оюутолгой компанид хэзээ тэр хүүг олгох вэ гэдэг асуудал
- Яагаад банкнаас LIBOR + 2.65% – 4.65 хувийн хүүтэй авсан зээлийг Оюутолгой компани LIBOR + 6.5% хувийн хүүтэйгээр Рио тинто компанид төлж байгаагийн шалтгаан (Бодвол зээлийн менежментийг хийж буй төлбөр гэж тайлбарлах байх, тэгвэл бас зээлийн мөнгийг бусад төсөлд зарцуулж ямар ашиг олж байгааг тооцох)
- Гэрээ ёсоор Рио тинто компанийн дансанд байгаа 4 тэрбум долларыг Оюутолгойн төсөлд зарцуулахдаа ТУЗ -өөс баталсан тухайн жилийн төсөвт үндэслэн Оюутолгой компани уруу шаардлагатай мөнгийг шилжүүлнэ гэж байгаа. Тэгвэл Оюутолгой компани зөвхөн өөрийнх нь дансанд орж ирсэн мөнгөний хүүг төлөх үү, Рио тинтогийн дансанд байгаа мөнгөний хүүг хэн төлөх вэ.
Зүй нь зээлийг тухайн компани өөрийнх нь дансанд орж ирсэн үеэс төлөх ёстой (хуулиар өөрийн дансанд орж ирээгүй зээлийн хүүг төлөх үндэслэл байхгүй). Гэтэл дээрх мэдээллээс харахад Оюутолгойн дансанд орж ирэх үеэс биш харин Рио тинто компанийн дансанд байхад Оюутолгой хүү төлөөд байхаар харагдаж байна. Тиймээс энэ дээр Рио тинто тайлбар хийх ёстой.
Компанийн тухай хуулинд толгой компанийн буруутай үйлдлээс хараат, охин компани хохирсон бол толгой компани нь охин компанийн өрийг хамтран хариуцах үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн компани өөрөө өрийн бичиг (бонд) гаргах замаар хөрөнгө босгох боломжийг Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудад маш тодорхой тусгаж өгсөн. Компани өрийн бичиг гаргах нь ямар ч тохиолдолд банкнаас авсан зээлээс хамаагүй бага хүү төлдөг бөгөөд хувьцаа эзэмшигчдэд дарамт учруулахгүй байх сайн талтай. Өөрөөр хэлбэл, шаардлагатай мөнгөн хөрөнгийг заавал хувьцаа эзэмшигчдээс нэхээд тэд нар нь Монголын тал буюу Эрдэнэс Монгол шиг өр тавиад хүүгийн хүү төлөх шаардлагагүй. Жижиг, хөл дээрээ босоогүй компаниуд өрийн бичиг гаргахад хөрөнгө оруулагчид олдохгүй байж болно, харин Оюутолгой шиг том төслийн хувьд өрийн бичиг гаргаж, санхүүжилт босгох нь төвөггүй баймаар. Гэтэл яагаад энэ аргыг хэрэглэхгүй, олон улсын банкуудаас зээл авч, дунд нь Рио тинтод хүү төлөх, төрийн өмчит компанийг ногдол ашиг он удаан жил авахгүй байх нөхцлөөр гэрээ байгуулсаныг ээлжит луйвар гэхээс өөрөөр ойлгох аргагүй юм.
Жич: Дээрх мэдээллийг доорх сайтаас харах боломжтой.
П.Булган
http://www.zaluu.com/read/112d41e54
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хамтрагчид нь төр барьж байхад Сайханбилэгт ял тулгалаа юу?