Түлшний хомсдол дахин нүүрлэнэ гэнэ үү

Өнгөрсөн тавдугаар сард манай улс хойд хөршөөсөө нефть бүтээгдэхүүний хувьд хараат байхын зовлонг ёстой яс махандаа тултлаа амсч, хаширсан. Бензин, шатахууны үнэ тэнгэрт хадаж, төр засгийн ноёд хоёр хөрш рүү “бадар барин” гүйж байсан нь саяхан. Аз болоход хойр хөршийнхөн нэг их удаалгүйгээр түлшний асуудлыг шийдвэрлэж, экспортоо сэргээсэн дээ. Тэгээгүй бол ч манайхан яах байсан юм бүү мэд. За ямар ч байсан Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болох юм байна гэдгийг хаа хаанаа ухаарлаа. Хэд хэдэн газарт нефть боловсруулах үйлдвэр барихаар болж, шав суурийг нь тавиад эхэлчихсэн. Гэхдээ саяхнаас нэг сонин сураг чих дэлсэх боллоо. Хувиараа тээвэр хийгчид, зарим томоохон ачаа ачдаг жолооч нар хоорондоо ярилцаж байна л даа. Өчигдөр өглөө жолооч нар “Энэ 11 дүгээр сард өнгөрсөн тавдугаар сарынх шиг дахиад түлш хомсдох гэж байгаа. Хойд хөршөөс албаны газарт мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Томоохон ШТС-ууд энэ талаар одоохондоо нууцалж байгаа ч түгээлтээ тодорхой хэмжээнд багасгаж эхэлсэн. Түлш яваандаа олдохгүй болох шинжтэй” гэлцэж байгааг санаандгүй сонслоо. Жолооч нар битүүхэн сандралдаж, одооноос түлшээ нөөцөлж авалгүй горьгүй нь хэмээн ярьж байна. Манайхан нефть боловсруулах үйлдвэрийнхээ шавыг л дөнгөж тавиад, ажлаа эхлэх гэж байтал дахиад хомсдол нүүрлэх вий дээ. Тавдугаар сард түлшний хомсдлын дараа шатахуун, түлшний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн. Харин энэ удаад дахин хомсдол нүүрлэбэл хэдэн төгрөгөөр нэмэгдэх болж байна аа. Ядаж байхад манай нефть импортлогчид чинь далимдуулах дуртай нөхдүүд шүү дээ. Юутай ч жолооч нарын яриа дэмий хоосон зүйл байгаасай, түлшний хомсдол дахин нүүрлэхгүй байгаасай гэж найдъя.

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих