Энэ Монгол гэдэг улсын Их хурлын гишүүн мөн үү

Бид л төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа болохоос биш, Монголын бурхан шашны ертөнцөд ихээхэн хөл болж байх шиг. Есдүгээр Богдыг Түвдээс залж авчраад Б.Чойжамц хамба өөрийнхөө суудлыг өгчихөв. Есдүгээр Богдыг залах ёслолд мэдээж Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд болон сүсэгтэн олон оролцов. Хамгийн сонирхолтой нь манай УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ маань улаан хүрэн өнгөтэй дээл өмсч, их л дорой төрхтэйгөөр алгаа хавсран мөргөж суугаа нь ийнхүү зураглаачийн хальсанд буужээ. Нөгөө залуусын хэлдгээр ёстой л “гөлөг шиг царайлчихсан” суух юм. Хүн юугаа шүтэж, дээдлэх нь тухайн хүний хувийн асуудал хэдий ч төрд данстай түшээ хүн ийн суух нь даанч зохимжгүй харагдана лээ. Нөгөө талаар манай алдартай том бөх хүн шүү дээ. Шүтлэгтэй нь шүтлэгтэй байж болноо, гэхдээ төрийн түшээ хариас ирсэн нэг өвгөн ламын хормойд уруу дорой царайлан сууна гэдэг даанч зохимжгүй. Эрхэм гишүүн, алдартай бөх маань чухам юугаа бодож ийн залбиран суугааг хэн ч үл мэднэ. Таамаглахад, ирэх сонгуулийнхаа замыг засч, мухар сүсэглэж суудаг юм уу, яадаг юм бол доо. Засгийн газарт өргөн барьсан бичиг сэлтнийхээ төлөө ч залбирч болох шүү дээ. Түүнээс биш аварга маань барилдахаа аль эрт больсон. За тэгээд хүний амьдралд юу эс байх билээ дээ. Гэхдээ л төрийн ажлыг арай мухар сүсгээр хийдэг юм биш биз гэсэн хар төрснийг нуух юун. Уншигч та сайн ажиглаарай, манай аварга маань тун ч хэцүү царайтай сууж байгаа биз. Монголын бурхан шашны ертөнцөд их юм болж байна гэснээс өчигдөр орой XIV Далай лам Монгол Улсад айлчилж байгаа юм. Одоо бодоход аварга маань Далай ламаас адис авах л байлгүй. Энд ингэж хачин царайлж суусан юм чинь Далай багшийн өмнө бол амь голгүй мэт харагдах байлгүй дээ, хөөрхий.

С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих