УИХ дахь 73 оныхон

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ж.Энхбаяр,  Д.Батбаяр нар 1973 оны үхэр жилтэй нэг оныхон.
Улс төрчийнх нь хувьд эднийг дүгнэвэл бас өөр өөр дүн гарах нь мэдээж. Нас чацуу ч, мэдлэг боловсрол хол зөрүүтэй залуу улс төрчид.
МАН-аас Ж.Энхбаяр сонгогдсон бол нөгөө хоёр нь Ардчилсан намын партизанууд. Эрхэм гишүүдийн тухай улс төрчийнх нь хувьд цөөн зүйлийг хүүрнэе.

Ардчилсан намын залуу лидер Л.Гантөмөр

Лувсаннямын Гантөмөр. Энэ эрхэм  Ж.Энхбаяр,  Д.Батбаяр хоёрыгоо бодвол УИХ-д хоёронтоо сонгогдсон, халуун тогоонд арай илүү чанагдаж яваа улс төрч. Тэрээр өөрийгөө ч улс төрийн туршлага сууж байгаа гэж үнэлдэг.

Японд боловсрол эзэмшсэн түүний улс төрийн гараа нэлээд эрт эхэлсэн. Тус улсад долоон жил суралцсан тэрбээр ирэнгүүтээ л улс төрч болохоор шийдсэн гэдэг. 25 настайдаа Сүхбаатар дүүргийн Ардчилсан залуучуудын холбоог хариуцаж, улмаар АЗХ-ны дэд ерөнхийлөгчид төвөггүй суусан нэгэн. Хожим нь УИХ-ын өндөр сэнтийд суусан хойноо АЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Улс төрчийнхөө хувьд тэрээр зангараг сууж байгаа гэж үнэлж болно. Арчилсан намын төлөөлөл болж, ах намын эсрэг үзэл бодлоо хамгаалах үүргийг гүйцэтгэж ирсэн. Намдаа залуу лидерт орох Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нарын эгнээнд зүй ёсоор орно.
Сүхбаатар дүүргээс хоёронтой сонгогдсон түүнийг тус дүүргийн иргэд ихэд найдлага хүлээлгэдэг гэж байгаа. Намынхан нь нөхөд ч түүнийг залгамж халаа хэмээн үнэлэх нь бий. Түүнд Ардчилсан намыг аваад явах шанс ч хэдэн жилийн дараагаар гарахгүй гэх газаргүй. Ардчилсан нам залуучуудад орон зай гаргаж өгөхгүй байна, залуучуудаа дэмжихгүй байна гэдэг шүүмжлэлийг олонтоо хэлдэг. Ардчилсан залуучуудын холбоог толгойлж манаргаж явсан тэрээр өөрийн эр бяраар дээш өгссөн гэж ойлгож болно.

Тэрбээр 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, өдгөө Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Монгол Улсынхаа эдийн засгийн бодлогод хувь нэмрээ багагүй оруулж яваа улс төрчийн нэг. Ардчилсан намын залуу лидер гэж үнэлж болохуйц нэгэн юм.

Ардын намын “бяцхан” улс төрч

УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяр. Энэ залуу Монгол ардын намын хамгийн отгон гишүүдийн нэг. УИХ-ын 2008 оны сонгуулиар Говь-Алтай аймгаас сонгогдож намаасаа нэлээд “коко” үнэлгээ авсан удаатай.    

Парламентад сонгогдсоноос нь хойш намынхан нь түүнийг сайн улс төрч болно хэмээн дэм өгч, бас итгэл хүлээлгэж буй.
Тэрээр эрх зүйч мэргэжилтэй. 2003-2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан, УИХ дотроо боловсролтой гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Багаасаа өндөр боловсрол эзэмшсэн нь түүний генерал аавын үүрэг байсан нь мэдээж.

Түүний аав Жадамба нь жирийн байлдагчаас дэслэгч генерал, жагсаалын цэргээс Монгол төрийн сайд хүртэл эх орныхоо торгон хилийн манаанд хүчин зүтгэсэн Монгол жанжин, төрийн хичээнгүй сайдуудын нэг байсан нь одоогийн амжилтад нь нөлөөлсөн нь дамжиггүй.

Намынхаа бодлогыг хамгаалах тал дээр хэрэгтэй үед нь чадлаараа бас дуугарч чаддаг эр.
Тухайлбал өнгөрсөн хавар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд удаа дараа УИХ-д оруулж ирж байв. Энэ үед түүний үг Д.Зоригтыг аварсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
“Д.Зоригтыг хамгаалалт байхгүй учраас зөөлчилж байна. Ц.Нямдорж, Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чаддаг бол тавиач, Д.Зоригтыг огцруулах гэж байгаа бол Л.Гансүх, С.Баярцогт нарыг ч бас огцруулах ёстой” гэсэн хатуухан үгийг эрхэм гишүүдийн өмнөөс шидэлж, хэвлэлээр ярилцлага өгч байсан нь түүнийг улс төрийн тоглолт хийж сурч буйг илтгэнэ.

Нөгөө талаар нэг намын залуу улс төрч, найз нөхөд гэдгээрээ мань эр Д.Зоригтыг хамгаалж байсан гэж ойлгогдохоор.

Гэхдээ түүнийг улс төрийн хүрээнд бага балчир гэж үнэлэх гишүүд цөөнгүй. Туршлагатай хуучин кадруудын хувьд шүү дээ.
Хааяа даа ч бас залуу хүний эр зориг, сэргэг нүдээр намаа шүүмжилж ах нараасаа зэмлэл хүртэх нь түүнд бий. “Намын амлалт гэж нэг зовлон байна” гэж хэлснийхээ төлөө намынхаа удирдлагуудаас зэм хүртэж, намын бүлгээс хөөгдөх сануулга авч байсан удаатай.
Түүний улс төрийн тогоонд өнгөрүүлсэн он жилүүд цөөн, туршлага дутдагаараа намын лидерүүдийн дунд балчирдах нь бий.

Улс төрч “горилооч”

Монгол Улсын их Хурлын гишүүн Кёкүшюзан Даваагийн Батбаяр. Түүнийг Монголын ард түмэн Японы мэргэжлийн сумо бөхийн тамирчин, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан сайн бөх гэдгийг нь андахгүй.
Мэргэжлийн сумогийн ертөнцөд Монголынхоо нэрийг анх дуурсгасан булган сүүлтэй нэгэн. Түүний хувьд улс төр гэдэг зүйл маш шинэхэн, бас түүнийг улс төрч гэх сэдвийн тухай ярихад маш төвөгтэй. УИХ-ын халуун тогоонд суугаад гурван намрыг үзэж буй ч, улс төрийн буурь суугаагүй гэж дүгнэхэд буруудахгүй.
УИХ-ын чуулганаар хуулийн хэлэлцүүлэг өрнөхөд мань эрд хамаагүй юм шиг, эрх хүүхэд шиг загнадаг нэгэн. Хуулийн хэлэлцүүлэгт тэрээр санал бодлоо хуваалцаж мэтгэлцэж байсан нь маш ховор. Магадгүй мань эрийн мэдлэг дутдаг ч байж мэдэх нигууртай.
Түүний санаачилж, батлуулсан хууль гэвэл гарын таван хуруунд багтахаар цөөн. Ихэнх нь ангийнхаа нөхдийн санаачилсан хуулинд хамт хийсч яваад нэрээ оруулчихдаг гэмтэй нэгэн. УИХ-ын гишүүд дотроо хамгийн гэнэн, бас боловсрол тал руугаа тааруу нэгэн гэж хэлж болмоор.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд мөнгөөр бороо оруулж байж гарч ирсэн гэж хэлцдэг.
Нөгөө талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн нөлөө ч түүнийг ялахад хүргэсэн нь мэдээж. Түүнийг улс төрд хөтлөн оруулсан хүний нэг нь мөн л намынх нь дарга.
Аль ч талаараа мэдлэг боловсрол маруухан энэ эр улс төрийн цагаан толгойноос хэтрээгүй яваа нэгэн. Гэхдээ тэр сайн улс төрч болох мөрөөдөлтэй гэж байгаа. Кёкүшюзан Д.Батбаярын хувьд дахин нэгэн сонгуулийн алхмыг давж байж улс төрчийн буйр суурь сууж мэдэхээр харагдаад байгаа юм. Түүнээс энэ дөрвөн жилдээ лав л цагаан толгойноос хэтрэхгүй дэгээ.
Мань эр ирэх сонгуульд аавынхаа нутаг Ховд аймгаас сонгуульд өрсөлдөнө гэх шум дэгдээд буй. Магадгүй түүний ч зөв байхыг үгүйсгэхгүй. “Ширээний бөглөөс” болж дөрвөн жил суусан түүнийг Сонгинохайрханчууд онц дүн тавьж дахин гараа өргөх нь юу л бол.
Гэхдээ Сонгуулийн хууль батлагдаагүй, хэрхэн явагдах нь тодорхой болоогүй байхад хаанаас өрсөлдөх эсэхээ одоо шийдвэрээ гаргах боломжгүй гэдгийг мань улс төрч мэдэж л байгаа гэж найдая даа.

Т.Амур


URL:

Сэтгэгдэл бичих