“АЙМААР” ШИЙДВЭРҮҮД ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬД Л ХЭРЭГЖИХ ЮМ ДАА
Монгол Улс ОУВС-ийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Төсвийн тодотголоо Засгийн газар өргөн бариад, УИХ ч баталчихлаа. Угаасаа олонхи юуг ч батлах аагтай байгаа, хойно. Тэдэнд сөрөг хүчний санал, бодол, товчлуур, ер нь юу ч хэрэггүй. ОУВС-аас төсвийн зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зөвлөмж өгсөн. Харин манай Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч, долоо төрлийн татвар нэмлээ. Харин зарлагыг бууруулах талаар юу ч хийгээгүй, харин ч эсрэгээрээ нэмчихээд байгаа. Тиймдээ ч төсвийн алдагдал 2.7 их наяд болчихлоо. Энэ асуудлыг дээр, дооргүй л шүүмжилж байна. 2017 оны төсвийг анх батлахад тогтоосон сайд нарын багцыг тодотголоор нэмж оруулж ирсэн нь шүүмжлэлийн бай болж буй. Гэхдээ эрх баригчид нэгийг бодож, хоёрыг тунгаасан байлгүй гэж найдахаас өөр яалтай.
Нөгөө талаар Засгийн газар төр яаж хэмнэлт хийх талаар олон зүйл заалтыг тусгаж, хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс төлөхийг бүрмөсөн зогсоолоо. Түүнээс гадна төсвийн хөрөнгөөр тавилга, эд хогшил, автомашин шинээр худалдан авахгүй байх, эмнэлэг, сургуулиас бусад төсвийн байгууллагад албан өрөө, ажлын байрны өрөө тасалгаад урсгал засвар хийхгүй байхаар тусгаж өгчээ. Мөн эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдал, авлигатай тэмцэх байгууллага, хил хамгаалах болон хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсвийн байгууллагад албан ажлын хэрэгцээнд нэгээс илүү автомашин хэрэглэхийг хориглохоор тусгажээ.
Төсвийн урсгал зардлын 25 хувь нь цалин, 18.8 хувь нь үйлчилгээний бусад зардал, 34-36 хувь нь татаас, урсгал шилжүүлэг, 19.4 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөрөөс бүрддэг байна. Эдгээрээс нийт урсгал зардлын 18-19 орчим хувийг эзэлж байгаа бараа, үйлчилгээний бусад зардлыг сүүлийн жилүүдэд хэмнэлтийн горимд шилжүүлж, бууруулах зарчмыг баримталж ирсэн гэдгийг төсвийн тодотголд онцлон дурьдсан байгаа юм. Жишээлбэл, 2005 онд бараа, үйлчилгээний бусад зардлын нийт урсгал зардалд эзлэх хувь 40.6 хувь, 2010 онд 23 хувь, 2015 онд 19.1 хувь, 2016 онд 21.2 хувь, 2017 онд 18.8 хувь болж буурсан байна.
Энэ мэтээр их, бага хэмжээгээр хэмнэлт хийхээр тусгажээ. Ядаж төрийн албан хаагчид, ажилтан хувьдаа энэ мэт хөнгөлөлтийг хийчих байх. Гол нь дарга нарын хэмжээнд, цаашлаад сайд нар, УИХ-ын гишүүд хэмнэлт хийж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Түүнээс гадна, цаашид төрийн албан хаагчдыг цөөлж, цалинг нэмэхгүй гэж байгаа. 2005 оноос хойш төрийн албан хаагчийн орон тоо, дундаж цалин хөлс нэмэгдсэн нь төсвийн урсгал зардал өсөх гол хүчин зүйл болсон.
Тухайлбал, Төрийн албан хаагчийн орон тоо 2005 онд 124.9 мянга байснаа 2014 онд 180 мянга хүрч нэмэгдсэн бол 2017 онд 178.8 мянга байлгахаар тооцжээ. Энэ нь тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийн оронд хүн авахгүй, түүний ажлыг өөр нэг төрийн албан хаагч орлоно гэсэн үг. Нийт төрийн албан хаагчийн орон тооны өсөлтийн 50 гаруй хувийг боловсрол, эрүүл мэндийн салбар эзэлж байгаа бол 20 гаруй хувь нь хууль зүй, шүүхийн салбар эзэлж байгаа аж. Судалгаагаар төрийн албанаас 2017 онд тэтгэвэрт гарах 4558 албан хаагч байгаа гэж гарсан бөгөөд түүний оронд хүн авахгүй байхаар тооцвол цалингийн сан нэг тэрбум 907.8 сая төгрөгөөр, орон тoo 1193-аар буурах боломжтой юм байна. Үүний үр дүнд цаашид жилд 9.1 тэрбум төгрөгөөр цалингийн санг хэмнэх боломжтой гэж төсвийн тодотголд тусгажээ.
Ер нь бол төрийн албан хаагч сүүлийн хэдэн жил огцом нэмэгдсэн. Тэр дундаа дарга нарын орон тоо чинээндээ тултал нэмэгдээд байгаа. Ядахад, дарга нэртэй болгоны цалин өндөр. Тэр хэрээрээ төсөвт дарамт болж байгаа. Мөн төрийн албаныхан нэг хүний хийх ажлыг 2-3-уулаа нийлж хийдэг болсон нь үнэн. Тийм болохоор хасч, танаж болох хэмжээнд нь тултал танах хэрэгтэй. Тэр дундаа баахан зөвлөхүүдийн орон тоог алга болгох хэрэгтэй байгаа юм. Мэдээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаалтан эдийн засаг, гадаад харилцаа гэх мэт хэрэгтэй салбартаа зөвлөхтэй байхгүй бол болохгүй. Түүнээс биш нэг салбарын сайд зөвлөхөөр яах вэ дээ. Энэ мэт яам, тамгын газар шавааралдаж байгаа нөхдүүдийг хасч, танах цаг болсон.
Харин нөгөө талдаа эмнэлэг сургууль, цэцэрлэгийн багш гээд зайлшгүй байх ёстой төрийн албан хаагчдыг цөөлж болохгүй баймаар. Нэг хүн тэтгэвэрт гарахад, шууд л нөхөж өөр ажилтан авах хэрэгтэй. Эмнэлэг сургууль, цэцэрлэг гэдэг маш хариуцлагатай, хэн нэгэн хүн орон тоо нөхөж ажиллах боломжгүй салбар Засгийн газраас эдгээр салбарт хоёр хүн тэтгэвэрт гарахад нэгийг нь нөхөж хүн авна гэсэн чиглэл барьж байгаа юм билээ. Энэ бол буруу. Төрөх эмнэлгүүдийг аваад үзье. Ямархуу ачаалалтай, дугаар дараалалтай байдаг билээ. Цэцэрлэг ч гэсэн ялгаагүй. Нэг ангид 20 гаруйхан, 30 хүртэл хүүхэд байх ёстой л гэдэг. Гэтэл бодит байдалд 40, бүр 60 гаруй хүүхдэд хүмүүжиж байгаа газар ч байна. 150 хүүхдийн цэцэрлэг гэдэг ч 200 гаруйг авдаг. Нэг ангийн 30, 40 хүүхдийг нэг багш туслахтайгаа хамт хүмүүжүүлнэ. Зарим үед багш нь сургалт, семинарт суухаас эхлээд ажилтай болно. Хүн л болсон хойно бие нь өвдөнө. Тэр болгонд нэг нь л 30, 40 хүүхэдтэй ажиллана гэсэн үг. Ийм байхад тэтгэвэрт гарсан хүн болгоныг нөхөхгүй гээд яах юм.
Түүний оронд яаманд байгаа баахан элдэв албадыг нэгтгэж, нийлүүлээд, нэг даргатай болгож, зохицуулаад явах хэрэгтэй шүү дээ. Баахан албатай болгоод, тэр тоолонд нэг дарга, нарийн бичиг, туслах, орлогчтой болох нь холгүй болчихсон. Төрийн албан хаагчдын тоо, эзлэх хувийг нь харахаар улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн тоо цөөн харагдаад байгаа юм. Гэхдээ л орон тоон давхардалт хэтрээд байгаа нь үнэн. Тийм болохоор тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд ажилд нэмж авахгүй байсаар ойрын хэдэн жилдээ төрийн албан хаагчдыг багасгаад авах хэрэгтэй. Төрөхийн эмч, цэцэрлэгийн багшийг яавч цөөлж болохгүй дээ. Зардал танах “аймаар” шийдвэр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэхчлэн буруу газраа л сайн хэрэгжих юм даа. Дэндүү харамсалтай.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
URL: