Хятадад нүүрс хувиргах төслүүд “амь орлоо”

205314-14042017-1492167772-580034698-1

Ангамал хуурай өрнөд Хятадын нутагт асар их ус хэрэглэдэг нүүрс хувиргах төслүүд хэрэгжиж эхэлснээр явцуу салбарт тооцогддог байсан бизнес өргөн цар хүрээтэй нийтлэг үйлдвэрлэл болж хувирах эхлэл тавигдав. Үнэ нь гурван жил дараалан унасны ачаар нүүрсийг автомашины шатахуун, нефть химийн түүхийн эд, шатдаг хий болгон хувиргах төслүүд сэргэлээ. Эдгээр төслийг усны хангамж, байгаль орчин бохирдууулах эрсдлээс шалтгаалан аль 2008 онд зогсоосон юм.

Дотоодын технологийн эрчимтэй хөгжил нь нүүрс боловсруулах технологи экспортлох үүд хаалгыг Хятад оронд нээж өгсөн ч, нүүрстөрөгч зэрэг хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах олон улсын хүчин чармайлтад саад учруулж байна. Нүүрс хувиргах технологи нь онцгой бохирын зэрэгцээ асар их ус хэрэглэдэг.

Ши Жиньпин нүүрсний хамгийн арвин нөөцтэй ордын нэг, Нинся-Хуйн өөртөө засах орны цөлд нүүрсийг газрын тос болгох аварга үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв.

“Хятадад тавьсан зорилго байгаа нь андашгүй. Эрчим хүчний эх үүсвэр төрөлжин салбарлаж, олборлогчдод учруулах шахалт ихсэх хэрээр нүүрсийг өөрөөр ашиглах арга эрэлхийлэх нь ихэслээ” хэмээн Дэлхийн нүүрсний холбооны захирал Бенжамин Спортон өгүүлсэн юм.

Хятадын нүүрс хувиргах төслүүдийг байсхийгээд зогсоож, байсхийгээд сэргээсээр олон жил өнгөрлөө. Төслүүдийг технологийн хүндрэл, олон тэрбум ам.долларын алдагдал, хүнд суртлын саад бэрхшээл байнга нэрвэж иржээ. Тус улсын дарга Ши Жиньпин дэлхийн нүүрсний хамгийн арвин нөөцтэй ордын нэг, Нинся-Хуйн өөртөө засах орны цөлд нүүрсийг газрын тос болгох аварга үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсний дараахан, нэгдүгээр сард нүүрс хувиргах шинэ зорилтыг тус улс дэвшүүллээ.

Энэхүү зорилт нь Хятадын нүүрсний нөөцийн амин зүрх болсон бүс нутаг дахь усны хомс нөөцийг улам шавхана. Нүүрс шингэлэх үйлдвэр нь гаргаж буй тонн шатахуун бүртээ 13 тонн ус зарцуулдаг. Төрийн өмчийн Shenhua компани Өвөр Монголын Ордост хэрэгжүүлсэн туршилтын төслийн эхний шат хэрэгжсэн ганц жилд орон нутгийн гүний цэвэр усны нөөц даруй дөрвөн метрээр багасчээ. Энэ оноос хэрэгжүүлж эхлэх хоёрдугаар шатанд хотын болон уурхайн хаягдал ус ашиглах талаар Shenhua-гийн нүүрс хувиргах төслийн удирдагч Жан Чуньжян саяхан болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн. Тус компани үйлдвэрлэх шингэн түлшнийхээ тонн тутамд хэрэглэх усны хэмжээг зургаан тонн хүртэл бууруулахаар төлөвлөж байгааг тэрбээр тайлбарласан юм.

Шар мөрнөөс ус татаж дамжуулах нарийн төвөгтэй тогтолцоо ажиллуулах эрх олгосны ачаар усны нөөц хомс бүс нутагт нүүрс хувиргах төсөл хэрэгжих боломж бүрджээ. Нийт 28.5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил төсөл хэрэгжүүлэх гэж буй Шиньжян-Уйгурын өөртөө засах орны Zhundong компани ч ус татаж дамжуулах эрх авахаар хөөцөлдөж байна.

Урьд нь Нинся-Хуйн өөртөө засах орны 2000 жилийн түүхт тутаргын тариаланд зориулдаг байсан, Шар мөрнөөс ус дамжуулах эрхийг Shenhua группын Nindong үйлдвэрт шилжүүлсэн талаар төслийн дэд удирдагч Яо Мин тайлбарлав.

БНХАУ 2020 он гэхэд шатдаг хийн нийт хэрэглээнийхээ 12 хувийг нүүрснээс гаргах зорилттой.

Хятадын уул уурхайн аварга компаниуд нүүрс хувиргах технологио хилийн чанадад, ялангуяа “Нэг бүс, нэг зам” санаачилгад багтаж буй улсуудад нэвтрүүлэх сонирхолтой. “Бид нүүрсний үнэ хямд төсөр улсуудад төсөл хэрэгжүүлэхээр чармайж байгаа” хэмээн ноён Жан өгүүллээ. Төрийн өмч давамгайлсан эдийн засгаас хэрэгжүүлдэг хятад төслүүд нь гаднын улсад өгөөж тааруу байх магадлал өндөр. Нүүрс хэт хямд, төрөөс бензин, шатдаг хийн үнийг тогтоодог Хятад орны нөхцөлд л нүүрс хувиргах технологи хэрэгжүүлэх нь ашиг орлоготой бизнес болж чадна.

Ердийн нөхцөлд нүүрс хувиргах төсөл нь газрын тосны үнэ өндөр, нийлүүлэлт бага нөхцөлд л ашигтай. Уг технологийг нацистын Герман анх санаачилж, Өмнөд Африкийн апартейд дэглэм арилжааны өгөөжтэй болгосон түүхтэй. Төв Азиас Хятадын дорнод хэсгийн хүн ам нягт суурьшсан хэсэг хүртэл татсан олон мянган километр дамжуулах шугам хоолойн өртгийг нөхөх үүднээс байгалийн хийн үнийг Хятадад зориуд өндөр тогтоосон. Чухам энэ нөхцөл нь нүүрснээс шатдаг хий гаргах нөхцөл болж байгаа юм. БНХАУ нь 2020 он гэхэд шатдаг хийн нийт хэрэглээнийхээ 12 хувийг нүүрснээс гаргах зорилттой. Шатдаг хийн хэрэглээг ихэсгэх нь 2030 оны орчимд оргилдоо тулах Хятадын хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх Бээжингийн амлалтын бүрдэл.

Үүний зэрэгцээ, төрөөс үнэ тогтоодог тогтолцоо нь газрын тосны үнэ унасан үед төрийн өмчийн үйлдвэрүүд нүүрснээс шатахууныг ашиг орлоготойгоор гаргаж авах нөхцөлийг бүрдүүлж байна. Нүүрс хувиргах үйлдвэрээс гаргаж буй нэг тонн шатахууны суурь зардал ойролцоогоор 3000 юань буюу 435 ам.доллар. Харин Хятадын хамгийн шинэлэг технологитой нефть боловсруулах үйлдвэр нэг тонн шатахууныг 5000 юанийн зардлаар гаргаж байгаа юм.

Люси Хорнби

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих