УИХ-ын гишүүн О.Чулуунбатын эрхийг түдгэлзүүлэх гэж байна
Монголын толгой банкируудын нэг гэгдэх УИХ-ын гишүүн О.Чулуунбатын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорууд УИХ-д дахин тавих гэж байгаа тухай дуулдах болов. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, улсын их хэмжээний хөрөнгийг үрэн таран хийсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж буй юм. Тэрбээр “Монгол банк”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын журам”-ыг зөрчин олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн зэрэглэл тогтоогч байгууллагын ААА болон АА зэрэглэлтэй арилжааны банкуудад валют байршуулах заалтыг хэтрүүлэн 2003 оны арваннэгдүгээр сарын 12-нд таван сая ам долларыг ОХУ-ын “Кредит траст” банкинд байршуулжээ. Мөн 2004 оны хоёрдугаар сарын хоёронд тус банк руу дахин таван сая ам доллар шилжүүлсэн байна. Гэтэл энэ оны тавдугаар сард ОХУ-ын төв банк “Кредит траст” банкны зөвшөөрлийг татан авч, дампуурсныг нь зарлажээ. Ингэснээр манай улс их хэмжээний валютаар хохирсон юм. О.Чулуунбат дампуурах дөхсөн, төлбөрийн чадваргүй энэ жижиг банкинд ядарсан улсынхаа жаахан валютыг байршуулах болсон нь тус банкны захиралтай Москва хотын Банк санхүүгийн ангид хамт сурч байсантай нь холбоотой аж. Тэгвэл ангийн андууд 10 сая ам долларын санаатайгаар зувчуулсан болж таарч байна. Их хэмжээний валют алдсан хэрэг мандмагц тэрбээр энэ долларыг төлсөн гэж харагдуулахын тулд банкны хуурамч гүйлгээ, хуулга авчирч үзүүлсэн гэх мэдээлэл ч байдаг. Мөн татан буулгасан “Кредит транс” банкнаас ОХУ-ын Челябинск мужийн Пласт хотод байрладаг “Южуралзолото” компаниас үндсэн өр 4.5 сая, хүү 0.2 сая ам.доллар, “Автомарш” компаниас үндсэн өр 1.8, хүү 0.4 сая ам. доллар, “Стимс” компаниас 2.5 сая ам долларын үндсэн өр, 1.2 сая ам долларын хүүгийн авлагыг “Монгол банк” өөрийн хөрөнгийн оронд авч, гэрээ байгуулжээ. Үлдсэн 300 орчим мянган ам долларын авлага “Кредит транс” банкны дампуурлын хэрэг гүйцэтгэгчид үлдсэн байна.
Дээрх хэргээс гадна эрхэм гишүүнийг “Стоунлей интернэйшнл” компанитай 200 сая ам. долларын баримтат аккредитив гаргах хууль бус гэрээ байгуулсан, энэ гэрээнээс үүдэн “Монгол банк” “М энд Р” компанид гурван сая гаруй ам. долларыг хүү, торгуульд нь төлж хохирсон хэрэгт бас шалгах аж.
URL: