Хүүхдийн цүнх эрдэм сурахад бус эрүүл мэндийг нь хохирооход зориулагдсан уу

149239253358f41a556ea0cӨөрөөсөө том цүнхээ дааж ядан үүрч, эрдмийн өргөөнийхөө зүг яаран алхах бяцхан сурагчдыг харахад хүүхэд үү, цүнх үү гэлтэй харагдана. Тэдний үүрч яваа цүнх өөрт нь ямар их ахадсан ачаа болохыг тэднээс өөр ойлгох хүн ховор биз.

Сурагчид бяцхан биендээ баймгүй хүнд ачаа үүрч яваагаа өөрсдийнх нь үүрэг мэт ойлгож буй. Учир нь тэд хэнд ч гомдол мэдүүлдэггүй.

Эцэг эхчүүдээс “Та хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү” гэж асуухад дийлэнх олонх нь тийм гэж хариулах байх. Гэхдээ тэд хааяа өөрсдөө барьж, аргаа барахаараа “арай л хүнд юм аа” гэж амандаа үглэхээс хэтрэхгүй. Хэнд хандахаач мэдэхгүй. Зарим нь бүр хүнд цүнх хүүхдэд нь ямар сөрөг нөлөө үзүүлдгийг ч мэддэггүй.

Тиймээс бид хүүхдүүд хэдэн кг ачааг нуруундаа үүрч, юу бодож явдагийг нь сонирхохоор 87-р сургуулийг зорьсон юм. Тус сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын хичээл өглөө 08.00 цагт ордог бөгөөд 07.30-аас эхлээд л ногоон, ягаан, цэнхэр өнгөтэй цүнхнүүд хаа сайгүй холхилдоно. Зарим нэг нь ээж аавдаа бариулсан, зарим нь өөрсдөө үүрсэн харагдана.

Бид охиныхоо том ягаан цүнхийг өрөөсөн гартаа дааж ядан өргөж яваа нэгэн ээжтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Та яагаад охиныхоо цүнхийг гартаа барьчихсан байгаа юм бэ. Хэр хүнд вэ?

-Хүнд шүү дээ. Хүүхэд үүрэхэд байтугай би өөрөө барихад хүнд гар өвтгөөд байдаг болохоор би аль болох өөрөө барьж явахыг хичээдэг.

-Ойролцоогоор хэдэн кг жин татах бол?

-Яг жинлэж бол үзээгүй ээ. Гарын баримжаагаар бол 5 кг гарантай л байгаа байх.

-Тийм хүнд гэж үү. Юу юу байгаа юм бэ?

-Гурван хичээлийн ном, дэвтрүүд, үдийн цайны аяга таваг, биеийн тамирын хувцас, пинал хичээлийн хэрэглэл гээд нэг өдрийн хичээлд шаардлагатай зүйлс байгаа.

-Цүнх нь өөрөө нэлээн овортой, жинтэй юм шиг харагдаж байна. Арай хөнгөн цүнх сонгож болдоггүй юм уу?

-Жижиг цүнх авахаар авч явах юм нь багтдаггүй. Бас өөрөө барбины зурагтай цүнх авна гэсэн. Тийм зурагтай цүнхнүүд нь угаасаа ийм том байдаг юм байна лээ.

-Хүнд цүнх хүүхдэд ямар нөлөөтэйг мэдэх үү?

-Сайн мэдэхгүй байна. Ямартай ч сайн биш гэж сонсож байсан.

Харин дараа нь бид охиноос нь яагаад өөрөө цүнхээ үүрэхгүй байгааг нь асуусан юм.

-Сургуульд сурах гоё байна уу?

-Гоё.

-Юун гоё байна?

-Хичээл хийх.

-Хичээлийнхээ цүнхийг яагаад өөрөө үүрэхгүй, ээждээ үүрүүлсэн юм бэ?

-Би дургүй ээ.

-Яагаад, хүнд байдаг болохоор уу?

-Тийн. Хүнд болохоор өвдөөд байдаг юм.

Бусад хүүхдүүд ч мөн адил “Цүнх хүнд байдаг. Удаан явахаар өвтгөдөг” гэж байсан юм.

Бага ангийн хүүхдүүд өдөрт дунджаар 4-5 цагийн хичээлд суухдаа 3-4 өөр төрлийн хичээлийн ном, дэвтэр, хажуугаар нь үзэг, балны сав, ном тогтоогч, аяга таваг, бэлтгэлийн хувцас зэргийг цүнхэндээ багтаан, түүнийгээ сургууль руугаа явах, ирэхдээ нуруундаа үүрсээр явдаг. Энэ бүгд нийлээд ойролцоогоор 5-6 кг жин татдаг. Энэ бүгд нийлээд ойролцоогоор 4-5 кг жин татдаг бөгөөд хүүхдийн биеийн жин, өндөр нам ямар байхаас үл хамааран тэд энэ их ачаатай цүнхээ хичээлийн жилийн турш үүрдэг. Зарим улс оронд хүүхдийн цүнхний хүндийн жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. Тэгвэл манай улсын зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18.8 кг байдаг. Тэгэхээр зургаан настнууд буюу нэгдүгээр ангийн сурагчийн цүнх дээд тал нь 2 кг-аас хэтрэхгүй жинтэй байх нь зохистой аж. Гэтэл бидний ирээдүй болсон бяцхан үрс өнөөдөр хоёроос гурав дахин хүнд цүнх үүрч байна.

Хэтэрхий хүнд цүнх байнга үүрч явдаг хүүхдийн нуруу маш их ачааллын улмаас бага багаар сууж, нурууны гэмтэл үүсэх гол эх үүсвэр нь болдог байна. Ид өсч яваа биеийг өдөр бүр хүнд жингээр дарж, дээрээс нь нуруунд суулт өгч эхлэх нь хүүхдийн өсөлтийг багаас нь бууруулж байдаг аж. Гэтэл одоо гадуур худалдаалагдаж буй сурагчийн цүнхнүүд голдуу овор ихтэй, хүнд жинтэй. Цүнх нь өөрөө хүнд, дээрээс нь олон ном, дэвтэр хийчхээр томчууд бид ч өдөржин үүрч явахаас халширам хүнд болчихдог. Үүнээс гадна, цүнхээ буруу үүрч явснаас мөн нурууны гэмтэл үүсдэг аж. Тиймээс эцэг, эхчүүд маань хайртай үрсийнхээ хичээлийн цүнхний жинг онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхдэдээ цүнхийг нь үүрүүлэн сургуульд нь хүргэж өгөөд хичээлд нь оруулахын өмнө хоёр мөрийг нь шалгаж, хоёр гарт нь цүнхийг нь бариулаад хэсэг явуулсны дараа гарыг нь шалгаж үзэх хэрэгтэй юм байна. Хэрвээ хоёр мөр болон гарт нь үүргэвчний ором гарч, улайсан байвал энэ хэмжээгээр хүүхдэд тань ачаалал өгч, цүнх нь хүнддэн бяцхан биеийг нь дарангуйлжээ гэсэн үг. Түүнчлэн хүүхэд тань шилэн хүзүү хөшиж өвдөөд байна хэмээн учирлан хэлж байв уу? Хүүхэд байж битгий баашлаад бай хэмээн загнаж, хэлсэн үгийг нь үл ойшоон орхиж байв уу? Тэгвэл хүүхэд тань баашлаагүй, Харин хоёр мөрөндөө үргэлж хүнд ачаа үүрч явдаг учраас ийн зовиур илэрч байгаа нь энэ. Хүүхдийн хичээлийн идэвх зүтгэл буурч байгаа нь ч үүнтэй холбоотой гэдгийг та санаарай.

Иймээс сурагчдын цүнх болон номын жин хэмжээ стандарт анхаарлаа хандуулах цаг хэдийнээ болжээ. Дээрх асуудалд салбар яамны сайд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд аль аль нь анхаарлаа хандуулахгүй бол ирээдүй болсон бяцхан хүү охин тань эрдэм ном сурах гэсэн биш, эрэмдэг болох вий. Тэд маань өнөө маргаашдаа элдэв бэрхшээл өвчин хэлэхгүй ч ирээдүйд учирч болох бусад болзошгүй өвчлөлд өртвөл хэн хариуцах вэ.

Эцэст нь та бүхэндээ бусад улс орнууд хүүхдийн цүнхний асуудалд хэрхэн анхаарал хандуулж, ямар стандарт тогтоосныг сонирхуулъя

Австрали

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

Оросын хүүхдийн цүнхний стандарт

Анги болон цүнхний ачааны дундаж хэмжээ

1-2-р анги 1,5 кг-аас илүүгүй

3-4-р анги 2,0 кг-аас илүүгүй

5-6-р анги 2,5 кг-аас илүүгүй

7-8-р анги 3,5 кг-аас илүүгүй

9-11-р анги 4,0 кг-аас илүүгүй.

Хятад

2014 онд хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10%-иас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоосон байна. Сургуулийн сурагчдын 19% нь л сургууль дээрээ ном, дэвтрээ хадгалах хайрцагтай байдаг аж.

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/110g8f964

 


URL:

Сэтгэгдэл бичих