Мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулсан тохиолдолд торгоно
Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах анхааруулгыг хүргэж байна.
ОЙН ЧИГЛЭЛЭЭР
Ой гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, ойн сан гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлдэг.
Иргэдийн дунд бут, сөөг, торлог бүхий газрыг ойн санд багтахгүй гэсэн ташаа ойлголт байдгаас Ойн тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр СБД-ийн Хуурай мухарын аманд иргэн Б.У нь байшингийн суурь ухах зорилгоор 0,0375 га талбайн бут, сөөг, торлогийг устгасан тул уг иргэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлж, хохирлыг барагдуулах, газрын зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагуудад тавиад байна.
ХУДАГ, УСНЫ ЧИГЛЭЛЭЭР
Ашиг олох зорилгогүйгээр буюу ахуйн хэрэглээнд усыг ашиглах тохиолдолд усны төлбөрөөс чөлөөлөгддөг. Манай улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна.
Төвлөрсөн усан хангамжийн хамгаалалтын бүс, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, ойн сан газар, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглодог тул газрын координатыг нийслэлийн Байгаль орчны газрын 318003 дугаарын утсаар, эсвэл биечлэн ирж урьдчилан шалгуулах боломжтой.
Зөвшөөрөгдсөн бүсэд худаг гаргах зөвшөөрөл нь аливаа чирэгдэлгүйгээр шуурхай шийдвэрлэгддэг тул хууль ёсны дагуу худаг гаргуулж ашиглахыг анхааруулж байна.
Зөвшөөрөлгүй худаг гаргавал иргэнийг 1,200,000-3,600,000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагыг 4,800,000-12,000,000 төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
URL: