Хачиртай даруулга
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1035.5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 3.2 хувиар буурсан тухай статистикчид хэлж байна. Ер нь сүүлийн үед банкны зээл гаралт саарч байгаа тухай иргэд хэлж байна. Энэ нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлтэй холбоотой байх магадлалтайг судлаачид хэлж байна.
Манай улсын иргэд арилжааны банкны зээлэнд аалзны тор шиг хэрэгдсэн гэдгийг эдийн засагчид хэлдэг. Үүнийг хугацаа хэтрүүлэн байж төлсөөр ирсэн иргэд ч ярьж байгаа юм. Сүхбаатар дүүргийн иргэн Д.Даш гэхэд хашаа байшингийн зээлтэй. Өрхийн орлого нь сардаа нэг сая төгрөг боловч гэнэтийн шаардлагаар зээлээ төлөх хугацаагаа хэтрүүлсээр хоёр сарын нүүрийг үзжээ. Тиймээс банкны ажилтан байнгын сануулга өгдөг байна. Харамсалтай нь зээлийнхээ эргэн төлөлтийг хэвийн болгохын төлөө хичээж байгаа ч амжихгүй яваагаа учирлаж байлаа. Энэ нь өнөөх л өрхийн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой ажээ. Эдийн засгийн хямралын шуурганд навс цохиулсан монголчууд өндийж чадахгүй л байна. Гэтэл туйлдсан иргэд нь аалзны тор шиг сүлжилдэх өрнөөс өрний хооронд гол зогоох.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь хөгжих нэг боломж гэдэг. Хэдийгээр зээлийн эргэн төлөлт эрс буурч хөрөнгө төвлөрөх боломж нь хомс байгаа ч зах зээлийн зарчмаар бүтээгдэхүүн борлуулахын тулд арилжааны банкууд арга барилаа өөрчилсөн гэж болно. Тухайлбал, томоохон албан газруудаар явж үйлчлэн хэрэглээний болон орон сууцны зээл олгохоор байгууллагуудын удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Үнэн хэрэгтээ зээлийн эргэн төлөлт саарч байгаа нь банкны системийг ганхуулах томоохон эрсдэл. Тиймээс эрсдлээ даван туулах менежмент явуулах нь тэдний зөв. Харин бэлэн мөнгөөр худалдан авалт хийх боломжгүй иргэдийн хувьд хэрэгцээгээ хангах ганц боломж нь лизинг болж буй. Боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй ч найдвартай ажлын байр, найдвартай орлого тодорхойлох нь тун чиг бэрх даваа болсныг зээл горилогчид хэлж байгаа билээ.
Сүүлийн үед банкны зээл гарахгүй байгаа тухай нэн ялангуяа ипотекийн зээл удааширч байгааг иргэд шүүмжилж байна. Харин арилжааны банкууд зээлээ хэвийн гаргаж байгаа гэх хуурай тайлбар өгсөн юм. Эдийн засгийн хурд саарч байгаатай зэрэгцэн банкууд зээлийн хүүгээ бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн гаргах зэргээр янз бүрийн гарцыг эрэлхийлж байгааг албаныхан хэлсэн. Магадгүй энэ нь эргэн төлөлт буурч байгаа энэ үед зайлшгүй авч хэрэгжүүлсэн алхам байж болох. Одоогоор банкуудын хэрэглээний зээлийн хүү дунджаар 1.6-2.5 хувьтай байгаа бөгөөд 12-48 сарын хугацаатай гарч байгаа ажээ. Харин цалингийн зээл 24-48 сарын хугацаатайгаар 1.7-2 хувийн хүүтэйгээр олгогдож байна. Энэ бусад улс оронтой харьцуулахад бас л өндөр байгааг эдийн засагчид хэлсээр байгаа. Мэдээж манай нөхцөл байдал гадныхнаас өөр байх нь дамжиггүй. Гэсэн хэдий ч хүүлэх маягаар хөлждөг банкуудад зарим талаар хачиргүй даруулга хэрэгтэйсэн.
Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: