“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр хэний захиалгаар төрийн албан хаагчдын нэр хүндэд халдаж байна вэ?
-Барилга зөрчилтэй байгааг хүлээн зөвшөөрч Б.Батдэлгэр захирал гэрээгээ цуцлаж байжээ-
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” сургуулийн өргөтгөлийн чанаргүй барилгыг Улсын комисс хүлээж авсан гэх асуудал өнгөрсөн оноос эхэлж яригдаж эхэлсэн. Энэ талаарх мэдээллийг барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр удаа дараа хэвлэлд мэдээлэл өгч барилга хүлээж авсан Улсын комисс буруутай хэмээн хэлж байсан билээ.
Тухайлбал, тус компани 2013 оны зургаадугаар сарын 6-ны өдөр “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан ч ажлын явцад олон удаа зөрчил гаргасан учраас захиалагч тал аргагүйн эрхэнд гэрээгээ цуцлаж ажлыг “Голомт констракшн” ХХК-иар хийлгүүлэхээр болсон аж.
Ингээд “Бүрэн цутгамал” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг “Голомт констракшн” ХХК хүлээж авахдаа олон зөрчил байгааг нь илрүүлж нь тэдгээрийг нь Б.Батдэлгэр захирлаар өөрөөр нь арилгуулж цааш ажлаа үргэлжүүлэн өнгөрсөн оны долоодугаар сард барилгыг бүрэн дуусгаж Улсын комисс ажилуулах хүсэлтээ өгчээ. Үүний дагуу Улсын комисс 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр тус барилга дээр ажиллаж бүх зүйл хууль, дүрмийн дагуу явагдсан хэмээн хүлээн авсан аж. Ийнхүү тус барилгыг Улсын комисс хүлээн авсан цагаас эхэлж “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр олон нийтэд буруу ташаа мэдээлэл цацаж төрийн албаныхны нэр хүндэд ноцтойгоор халдах болжээ. Тухайлбал, түүнийг өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан зураг төслийг зөрчиж, зөрчлийг арилгахад “Сант” сургуульд их хэмжээний хохирол учирсан хэмээн үзэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргаж шалгуулан улмаар Б.Батдэлгэрийг шат шатны шүүх буруутай хэмээн үзэх болсон аж. Тэгвэл өнөөдөр “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өөрийнхөө буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй яагаад төрийн албан хаагчдын нэр төрд халдаж олон нийтэд худал мэдээлэл тараах болов оо.
Б.Батдэлгэр хохирсон бол асуудлаа шүүхээр шийдүүлэх ёстой
Улсын комисс Б.Батдэлгэрийн хэлээд байгаа шиг “Чанаргүй” гэх тодотголтой сургуулийн өргөтгөлийн барилгыг үнэхээр хүлээгээд авчихсан уу гэх олон асуулт байсан. Тэгвэл бид асуудлыг тодруулахаар НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяатай уулзаж дараах тодруулгыг авсан юм. Тэрбээр “ “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр удаа дараа төрийн албан хаагчдын нэр хүндэд ноцтойгоор халдаж байна. Тухайлбал, Улсын комисс ямарваа нэгэн барилгыг хүлээж авахдаа зураг төсөл болон бичиг баримтын бүрдлийг нарийвчлан шалгасны эцэст хүлээн авдаг. Яг л энэ журмынхаа дагуу “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээж авсан. Тухайн үед барилгын зураг төсөл анх гаргасны дагуу хийгдсэн учраас Улсын комисс хүлээж авсан. Түүнээс Б.Батдэлгэрийн яриад байгаа шиг чанаргүй барилгыг бид хүлээж аваагүй. Яг үнэндээ тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өөрийгөө чанаргүй барилга барьсан гэдгээ хүлээн зөвшөөрч 2013 оны аравдугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцалсан байдаг. Ингээд гэрээ цуцлагдсаны дараа захиалагч тал болох “Сант” сургуулийнхан “Голомт констракшн” ХХК-ийг гүйцэтгэгчээр авч барилгын ажлаа дуусгасан байдаг. Дутуу баригдсан барилгын ажлыг хүлээж авсан тус компанийн захирал Ариунболд барилга чанаргүй байна гэдгийг нь тогтоож гаргасан зөрчлийг нь Б.Батдэлгэр захирлаар өөрөөр нь арилгуулсан байдаг. Тэгэхээр тэрбээр буруугаа хүлээн зөвшөөрч алдаагаа зассан байгаа биз дээ. Та бүхэнд энэ талаарх мэдээллийг “Голомт констракшн” ХХК-ийн захирал Ариунболд болсон үйл явдлыг баримттайгаар хэлэх байх. Нөхцөл байдал ийм байхад “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр олон удаагийн давтамжтайгаар төрийн албан хаагчдын нэр хүндэд халдаж байгаад гайхаж байна. Түүнчлэн бид Б.Батдэлгэрийг “Та яаж хохирсон бэ. Хэрвээ үнэхээр захиалагч таныг хохироосон бол бид танд туслая” хэмээн хэлээд бүтэн жил болж байна. Гэтэл тэрбээр одоо хүртэл бидэнтэй ирж уулзахгүй байгаа хэрнээ хууль журмын дагуу ажлаа хийж гүйтцэтгэсэн олон хүний нэр хүндэд халдаж байгаад гайхаад байна. Мөн Захиргааны хэргийн шүүх түүнийг дуудсан ч бас л очдоггүй. Хэрвээ Б.Батдэлгэр үнэхээр хохирсон бол энэ асуудлаа шүүхээр шийдүүлж асуудлаа шийдүүлэх ёстой биз дээ. Хэрвээ барилгын талбай дээр бичиг баримт байхгүй байсан бол Улсын комисс ажиллахгүй шүү дээ” гэлээ.
Ямартай ч албаны хүний хэлж буйгаар Улсын комисс аливаа нэгэн барилгыг хүлээж авахдаа бичиг баримтын бүрдлийг нь шалгаад, барилга зураг төслийн дагуу хийгдсэн үү, гүйцэтгэгч барилгын талбай дээрээ байна уу гэдгийг нь шалгасны эцэст Улсын комисс ажилладаг журамтай аж. Түүнээс Б.Батдэлгэрийн яриад байгаа шиг Улсын комисс чанаргүй барилга хүлээж авсан асуудал огт байхгүй хэмээн хэлж холбогдох бичиг баримтыг бидэнд баримт болгон танилцуулж байв. Уг нь тус сургуулийн өргөтгөлийн барилгыг анх “Дельта констракшн” ХХК гүйцэтгэхээр болж байсан ч гэрээ хийх өдрөө “Бүрэн цутгамал” ХХК-ийг манай охин компани хэмээн танилцуулж тус ажлыг хийлгэхээр болжээ. Эндээс л одоо болоод байгаа бүх үйл явдал өрнөж олон хүний нэр хүндийг шавартай хутгах болсон аж. Ямартай ч “Сант” сургуулийн удирдлагууд “Бүрэн цутгамал” компанийг чанаргүй барилга барьсан. Үүнээс болж онц их хэмжээний хохирол учирсан гэх шалтгаанаар хуулийн байгууллагад хандаж байсан нь бодит үнэн гэдэг нь Б.Батдэлгэр захирлын өөрийнх нь гэрээгээ цуцалсан албан бичгээр баталгаажиж байгааг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн Б.Батдэлгэрийн өгсөн нэг талын мэдээлэл гарч байсан болохоос бус Улсын комисс “Сант” сургуулийн барилгыг хэрхэн яаж хүлээж авсан тухай албаны хүмүүсийн байр суурийг илэрхийлсэн нэг ч мэдээлэл гарч байгаагүй. Тиймээс бид энэ удаад Улсын комисс хэрхэн яаж ажилласан тухайг олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Эцэст нь хэлэхэд “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр хэний захиалгаар төрийн албан хаагчдын нэр хүндэд халдаж байна вэ? Уг нь тэрбээр болж буй үйл явдлыг мэдэж байгаа хэрнээ ийнхүү увайгүй үйлдэл гаргаж байгаа нь шударга явдал уу. Ямартай ч бид маргаашийн дугаартаа тус компанийн хүний нөөц, боловсон хүчний талаарх мэдээллийг хүргэх болно.
Үргэлжлэл бий…
URL: