МАН “Мандтугай”
-МАН-ын удирдлагууд ирэх сонгуулийн тойргоо хэдийн хуваарилаад, худалдаад дуусчихсан. Тийм учраас тухайн тойрог дээр хуваарилагдсан нэр дэвшигчдэдээ зориулсан сонгуулийн хуулийг УИХ-аар батлуулна-
МАН-ын бүлэг хуралдаж, сонгуулийн хуулиар шийдвэрээ гаргажээ. Одоо хэрэглэж байгаа томсгосон 26 тойргийг хэвээр нь үлдээхээр. Өөрөөр хэлбэл, 28:48 гэдэг хувилбар хэвээрээ үлдэж, мажоритари 48 суудлаа одоогийн 26 тойрогтоо хуваана гэсэн үг. Ингэснээр Ардчилсан намын бүлгээс хамгийн сүүлд гаргасан “26 тойргийг жижиглэх юм бол сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагагүй” гэдэг байр суурь хэвээр хадгалагдаж, сонгуулийн хуульд бага боловч салхи орохоор болж байна. Тэр өөрчлөлт нь 28 мандат бүхий пропорциональ нэг том тойргийг улс орон даяар бий болгосон явдал. Энгийнээр хэлбэл УИХ-ын 28 гишүүнийг Монголын нийт сонгогчдын саналаар гаргаж ирнэ гэсэн үг. Харин нэрсийн жагсаалт, жагсаалтад хэн хэн багтахыг намууд өөрсдөө гаргаж ирнэ.
Харин хоёр дахь санал буюу мажоритари суудлын мандатыг хуваахдаа хүн амын тоонд нь харьцуулж шинээр тойрог байгуулах тухай Ардчилсан намын санал унаж буй бололтой. МАН-ын бүлэг үүнийг өөрсдийнхөөрөө буюу одоогийн 26 тойргоо дундуур нь хуваагаад хүн ам цөөнтэй зургаан аймгаас нэг нэг мандатыг нь хасч хүн ам олонтой аймаг руу шилжүүлэх замаар тун ч “энгийн” байдлаар шийдэж буй бололтой. Хотын зургаан тойргийг хоёр хуваахаар 12, хөдөөгийн 20 тойргийг хоёрт хуваахаар 40 болж байгаа биз. Тэгээд аль хүн ам цөөнтэй дөрвөн аймгаас нь тус бүр нэг мандат хасчихаар 48 болж байгаа юм.
Харин Ардчилсан намын бүлгийн хувьд нийт хүн амын 45 хувь /сая 240 мянга/ нь оршин сууж байгаа нийслэлд дор хаяж 20 мандат өгөх ёстой, хөдөөд 28 байх нь хангалттай гэсэн билээ. Гэвч МАН-ын бүлэг нийслэлийн хүн амын энэ өсөлтийг “харгалзан үзэж” өөрсдийн эчнээ хуваарилаад байсан 12 мандат дээр дахиад хоёр мандатыг нэмж өгөхөөр болсон байна. Ингэснээр мажоритари 48 мандатын 14 нь /29 хувь/ нийслэлд, 34 нь /71 хувь/ хөдөөд очих нь байна. Харин хүн амынх нь тооны харьцаа сая 240 мянга, сая 514 мянга буюу 45:55 хувь байгаа.
МАН-ын бүлэг нэгэнт ийм байр сууринд хүрсэн бол байнгын хороод болон чуулганы хуралдаан дээр үүнийг өөрчилж чадахгүй гэсэн үг. Тэгээд ч нөхдүүд сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтааж гаргана гэж амлачихаад байгаа. Ардчилсан намынхан ч гэсэн ядаж 28 суудлаа пропорциональ том тойргоос гаргахаар болсон, мөн одоогийн 26 тойргоо жижиглээгүй гэдэгтээ урамшаад хуулиа гаргахын төлөө явах байлгүй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг шиг.
Гэвч МАН-ын бүлэг яагаад хөдөөгийн тойргуудын мандатыг аль болох олшруулах, харин хотынхыг үргэлж танахын төлөө яваад байна вэ? Яагаад одоогийн 26 тойргийг 48 болгож жижиглэх нэрээр сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг өдий олон хоногоор гацаасан бэ, хэрвээ одоо ирж ингэж байр сууриасаа хазайх л байсан юм бол? Үүнд ганц л хариулт бий. МАН-ын удирдлагууд аль хэзээний тойргуудаа хуваарилчихсан, худалдчихсан гэсэн үг. “МАК”-ийн Нямтайширын хүү Номтойбаяр л гэхэд тэрбум төгрөг хандивлаж байж МАН-ын залучуудын холбоонд орсон гэдгээ өөрөө хүлээсэн шүү дээ. Дорнодын тойргийг авахад үүнээс ч илүү мөнгө орсон байж таарна. О.Содбилэг ч гэсэн түүнээс дутахгүй мөнгөөр Завханы тойргийг аваа биз. Үр дүнд нь УИХ-ын гуравхан эмэгтэй гишүүний хоёр нь тойроггүй хоцроод байгаа.
Д.Арвин нь Баянзүрх рүү “жийгдэж”, Д.Оюунхорол нь НХХ-ийн сайдын суудлаар улс төрийнхөө карьерийг дуусгах болсон /Т.Ганди нь Элчин сайдаар томилогдох сураг байна/ тухай “бор шувуу” сүүлийн үест хаа сайгүй нисээд байгаа. Энэ томилгоо хийгдэх үгүй, үнэн худал нь чухал биш. Харин МАН-ын удирдлагууд ирэх сонгуулийн тойргоо хэдийн хуваарилаад, худалдаад дуучихсан гэдэг л баримт. Тийм учраас тухайн тойрог дээр хуваагдсан нэр дэвшигчдэдээ зориулсан сонгуулийн хуулийг УИХ-аар батлуулах гэж байгаа юм. Үүний дэргэд нийслэлийн сая 240 мянган иргэний эрх ашиг, сонгогчдын төлөөллийн тэгш эрх энэ тэр юу юм бэ. Ёстой нөгөө “чөтгөр рүүгээ” одож байгаа юм. У.Хүрэлсүх л гэхэд Хэнтийгээс өөр нэр дэвших газаргүй нь үнэн. Хадгаламж банкнаас алдагдсан 14 тэрбумаас болж шоронд оронгоо алдсан түүнийг нийслэлийнхэн дэмжих үү?
УИХ олонхиороо шийдвэр гаргадаг, МАН-ыг ч бид өөрсдөө олонхи болгож гаргаж, Монголын нийт ард түмнээс илүү эрх дархтай болтол нь тэжээж, тэтгэсэн юм чинь одоо яана гэх вэ. Хэзээ нэг өдөр Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр шиг бие биенийхээ гэдсийг хүүлж, идээ бээрийг нь асгахыг хүлээгээд л сууж байхаас. Харин Сонгуулийн хууль МАН-ын талд гарна гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Нийслэлчүүдийн төлөөлөл УИХ-д 20 байсан бол 14 болж буурна, аягүй бол дахиад бослого тэмцэл болно. 2008 оны сонгуулиар МАН-аас нийслэлд нэр дэвшиж сонгогдсон таван гишүүн лав ирэх сонгуулиар намаасаа нэр дэвших эрх авч гэмээнэ “үсгүй” хусуулах биз. Ядаж мөнгө тараах, санал худалдаж авахыг сонгуулийн хуулиар хаачихсан байдаг.
Ер нь бол бага багаар ч болов өөрчлөлт явж л байна. Ядахдаа л сонгуулийнхаа тогтолцоонд жаахан ч болов салхи оруулж чадахаар боллоо шүү дээ. Хэрвээ одоо аль нэг нам шалтаг хэлээд хуулийг гацаавал өөрчлөлт тэр чигээрээ зогсох болно. Дараагийн УИХ дахиад дөрвөн жилийн дараа л энэ сэдвийг барьж авах нь авна, тэгээд бас л халгана, хаяна. Тиймээс УИХ-ын гишүүдэд сануулахад “ажил хийвэл дуустал” гэдэг ёсоор хуулиа нэг мөсөн хийчихээд хэрэгжүүлэх хугацааг нь хойш тавиад үзвэл яасан юм. Төсвийн тогтворжилтын тухай хуулийг энэ УИХ баталсан боловч өөрсдөө хэрэгжүүлэхээс цааргалж, 2013 оноос мөрдөхөөр гаргасан шүү дээ. Ирэх сонгуулийн дараагаас л Монгол Улсын төсөв илүү үр ашигтай, тогтвортой, тооцоо судалгаатай болох юм гэсэн.
Түүн шиг сонгуулийн хуулийнхаа зарим заалтыг ч гэсэн 2016 оноос хэрэгжүүлнэ гээд хийчихье. Ирэх сонгуулиар яах вэ, эрх барьж байгаа намууд нь “наргиад” өнгөрдөг юм байж гэхэд түүний дараа дараагийн сонгуулиар гарч ирэх нөхдүүд илүү шударга, сонгогчдоо хүндэтгэсэн, тэдний эрх ашигт нийцсэн шалгуураар гарч ирдэг байг л дээ. Аль нэг намыг ялуулахын тулд биш, сонгууль өгч буй сонгогчдодоо зориулсан хуультай больё. Түүний нэг нь сонгуулийн тойргууд дахь мандатын тоог хүн амынх нь тоонд харьцуулсан байдлаар хуваарилдаг болох. 2005 онд батлаад одоо мөрдөж буй Сонгуулийн хуульд 2007 онд өөрчлөлт оруулахдаа УИХ саналын хуудсыг нууцлалтай, нэгдсэн “бар код”-той болгох, сонгуульд оролцож буй намуудын санхүүжилтыг ил болгох олон заалтыг 2012 оноос мөрдүүлэхээр хойшлуулсан шиг.
Б.СЭМҮҮН
URL: