Падааны дайн буюу “Өнгөт хэвлэл” нь “Улаанбаатар принт”-ийг НӨАТ-ын падаанаар нь 35 саяын торгуульд унагажээ

1491969388_ubprintМонголын томоохон компаниудын дунд нэг нь НӨАТ-ын падаанаа алдсан, нөгөө нь уг падаанаар татвард ногдох орлогоо бууруулсан гэх хэрэг дэгдээд олон жил үргэлжилсэн шүүх цагдаагаар явж байна. Падаанаа алдсан нь “Улаанбаатар принт” бол падааныг нь ашигласан нь “Өнгөт хэвлэл” гэнэ. Харин татварынхан НӨАТ-ын падаантай холбоотойгоор борлуулалтын орлогыг дутуу тооцсон, борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй 249 сая төгрөгийн зөрчилд 35.2 сая төгрөгийн актыг “Улаанбаатар принт”-д ногдуулсан “Өнгөт хэвлэл” нь “Улаанбаатар принт”-ийн нэр дээрх хоёр ч падааныг хуурамчаар ашиглан худалдан авалт хийсэн гэж татварт тайлагнасан бол “Улаанбаатар принт” нь борлуулалтын орлогоо нуун дарагдуулсан болж таарчээ.  Уг нь хоёр компани нь 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэнэ. “Өнгөт хэвлэл”-ийн захирал С.Бямбадорж нь “…”Улаанбаатар принт” ХХК-иас хэвлэлийн цаас авсан, захиалгаар юм хийлгэсэн, бас даралтын ажил хийлгэсэн, эхлээд  22.5 сая, дараа нь 102,3 саяын худалдан авалт хийсэн…” гэж мэдүүлээд л нөгөө компаниа буруутан болгожээ. Угтаа падаан нь хуурамч биш харин падаанд бичигдсэн бичилт нь хуурамч гэнэ. Үүнээс үүдэн “Улаанбаатар принт”-д падаан алдагдсан гэх хэрэг дэгджээ. Тэд анхаасаа л “Өнгөт хэвлэл”-тэй хийсэн худалдан авалтыг үгүйсгэсэн. Тэгээд шууд цагдаад хандсан байна. Гэтэл цагдаа шалгаад маргаан бүхий асуудалд холбоотой нэмэгдсэн НӨАТ-ын падааны өнгөн хувь нь байхгүй тул шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй гэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ч криминалистикийн шинжилгээний объект болох эх хэв байхгүй  тул шинжилгээ хийхгүй гэсэн хариу өгчээ. Ингээд “Улаанбаатар принт”-ээс алдагдсан НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдэж татвараас зайлсхийсэн этгээд хэн болохыг тогтоох боломжгүй тул  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин торгуульд унасан компани сэтгэл гонсгор үлдэж. Уг нь цагдаа алдагдсан падаануудыг нь нэр бүхий компаниуд ашиглан татвар ногдох орлогоо бууруулсан, төсөвт төлөх татвараасаа хасуулсан талаас нь шалгах ёстой атал харин  падааныг хуурамчаар үйлдсэн этгээдийг тогтоох зорилгоор ажиллагаа явуулаад л өнгөрчээ.

Падааны дайн буюу “Өнгөт хэвлэл” нь “Улаанбаатар принт”-ийг НӨАТ-ын падаанаар нь 35 саяын торгуульд унагажээ

 Одоо гол баримтыг худалдан авалт хийсэн гээд татвараасаа хасуулсан “Өнгөт хэвлэл” гаргаж өгөх болж “Улаанбаатар принт” нь шүүхээр дамжуулан хүсэлт гаргасан гэнэ. Харин цаадуул нь “Улаанбаатар принт”-ээс худалдан авалт хийснийг гэрчлэх НӨАТ-ын падааныг  мөн анхан шатны санхүүгийн баримтын хуулбарыг нотариатаар батлуулан энэхүү албан бичигт хавсарган хүргүүлж байна” гэсэн бичиг өгөөд л хуураад алга болжээ. Ямар ч баримт ирүүлсэнгүй бас гаргаж өгсөнгүй. Худалдан авалт хийсэн бараа материалын анхан шатны баримт, төлбөр төлсөн баримт, харилцах дансны гүйлгээ зэрэг худалдан авалт хийснийг батлах баримтыг албан бичгээр нэхээд бүтсэнгүй. Сүүлдээ  гүйцэтгэх захирал С.Бямбадорж нь илт зайлсхийх болжээ. Арга ядахдаа  ТЕГ-д “Өнгөт хэвлэл” нь бусдын НӨАТ-ын падааныг хууль бусаар ашиглаж их хэмжээний борлуулалт тайлагнан НӨАТ-ын хасалт хийлгэсэн зөрчилтэй холбогдуулан тус компанийн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулан шалгуулах тухай хүсэлт тавьжээ. Гэсэн ч шалгалтыг эхлүүлэх гэсээр байтал  нэлээд уджээ. Хариу нэхэхэд шалгалт хийж байна гэсэн бичиг л ирүүлдэг гэнэ. Тэгж байтал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай холбоотойгоор Сангийн яамнаас бичиг ирээдөнөөх шалгалтыг нь зогсоожээ. Нэг ёсондоо “Өнгөт хэвлэл” нь “Улаанбаатар принт”-д хүчээ харуулсан гэхэд болно. Одоо падаан нь эх хувиараа байгаа эсэх нь тодорхойгүй. Харин гүйцэтгэх захирал нь “…манай нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Зоригт нь 2013 оны 6-р сарын эхээр компаниас 7 сая орчим төгрөг, мөн санхүүгийн шаардлагатай баримтуудын хамт авч яваад ажилдаа ирэлгүй зугтсан, одоо хүртэл сураггүй алга болсон…, манай компанид 2012 оны сүүлээр татварын хяналт шалгалт орох үед “Улаанбаатар принт” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох анхан шатны баримтууд байсныг би өөрөө харж байсан…” гэдэг л гэнэ.  Уг нь “Улаанбаатар принт” нь алдарт “Таван богд”-ын охин компани ч энэ хэрэгт эвгүйхэн дээрэлхүүлсэн болж таарчээ. Харин “Өнгөт хэвлэл” нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниа “шаварт унагаад” падаанийг нь ашиглан татварт ногдох орлогоосоо хэр зэргийг хасуулсан бол…

  Эх сурвалж.: tonshuul.mn Ц.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих