НЗДТГ-ын төсөв мөнгөний үрэлгэн зардалд Аудитын шалгалт явуулна

8703

Нийслэлийн засаг даргын тамгын газарт Аудитын шалгалтыг 5 чиглэлд оруулахаар болжээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их хөрөнгө зарцуулсан. Мөн тэр хэрээрээ олны анхааралд байсан ажлыг сонгон авч аудитын шалгалтыг оруулж байгаа юм байна. ТОдруулах юм бол дараах 5 чиглэлд аудитын шалгалт хийгдэж дүгнэлт гарна. Үүнд:

Нэгд: Гудамж төслийн хүрээнд төсөвт өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн эсэх

Хоёрт: ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрх олгосон эсэх, зөвшөөрөлгүй газар байршуулах боломжийг олгосон эсэх дээр дүгнэлт гаргана

Гуравт: Гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалтын хүрээнд хийгдсэн ажлыг шалгах юм

Дөрөвт: Нийслэлийн газрын албанаас хууль зөрчин Төрийн байгууллагад газар олгосон зарим асуудлыг нягтлан шалгах

Тавд: Нийслэлийн авто замыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажилд аудитын шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлтийг гаргах юм байна.

Энэ тухай өнөөдөр Нийслэлийн Аудитын газрын төлөөлөл Б.Алтанзул НЗДГ-ын дарга Отгонбаяр болон албаныханд танилцуулсан байна.

Гудамж төсөл 200 сая ам долларын санхүүжилттэй

Монгол улсын засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд энэхүү төслийг хэрэгжүүлсэн билээ. Гудамж төсөлд Чингис бондоос 200 сая ам долларын санхүүжилт гаргах шийдвэрийг тухайн үеийн холбогдох байгууллагаас гаргаж байлаа. Мөн газар чөлөөлөлт зэрэг ажилд нь 200 мянган ам долларыг зарцуулах шийдвэрийг гаргаж байжээ. Уг төслийн хүрээнд түгжрэл ихтэй 33 уулзварыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийнэ. Мөн Сэлбэ болон туул гол дагуу 28-30 км хурдны авто замын ажлыг хийхээр болоод байлаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хэд хэдэн шийдвэрийг гаргаж байсан. Тухайлбал Засгийн газрын 90 дүгээр тогтоол гарч 38 нэр төрлийн бараа үйлчилгээг авах тендрийг шууд гэрээлэх зарчмаар явуулах зэрэг шийдвэрийг гаргаж байв. Мөн гудамж төслийн хүрээнд хийгдэх уулзвар шинэчлэх ажлыг шууд гэрээлэх зарчмаар явах зохицуулалт ч орж байлаа. Энэ бүхэн нь эргээд олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдах үндэслэл болсон гэх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Уг төслийн хүрээнд нэг уулзварыг шинэчлэх ажлыг 1-2 тэрбум төгрөгт багтаан хийж болох байтал 4-6 тэрбум төгрөгөөр хийдэг байсан гэх явган яриа хүртэл бий. Энэ бүхний үнэн худлыг аудитын шалгалт ийнхүү дэнслэхээр болж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт

“2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалт явуулжээ. 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байгаа тухай Нийслэлийн засаг даргын тамгын газрааса саяхан мэдээллэж байсан билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байжээ. Харин өнөөдрийн байдлаар 7 мянга хүрээгүй явж байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж байгаа.

2012-2016 онд эр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байгаа тухай мэдээллийн Нийслэлийн засаг даргын тамгын газраас өгч байгаа2012-2016 оны хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл уг мөнгөөр хийсэн ажил нь үнийн дүнтэйгээ дүйцэхгүй байгаа талаар зарим иргэний хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний тооцоогоор уг мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, Дахин төлөвлөлтийн хүрээнд 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байжээ. Энэ бүх мэдээлэл дээр үндэслэн аудитын байгууллага шалгалт явуулах гэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих