Нийтийн тээврийн компаниудын тоог цөөлж чанаржуулна гэв
Хотын дарга С.Батболд өчигдөр Таван шар-Офицер чиглэлийн автобусаар зорчиж, нийтийн тээврийн нөхцөл байдал, тус салбарт хэрэгжиж буй “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр, “Бид гурван сарын хугацаанд судалгаа хийж 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ. Иргэдийн хувьд картаар зорчих болсонд ам сайтай байна. Картын борлуулалт нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад ухаалаг системийн ажил сайжрах боломжтой. Цаашдаа бид бүх төлбөрийн хэрэгслүүдээр автобусанд зорчих боломж болон орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байна. Цаашлаад нийтийн тээврийн сүлжээг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэгтэй холбогдох албаны хүмүүстэй ярилцана. Зарим чиглэлд давхцал гарч байхад нөгөө хэсэгт нь автобус хүрэлцэхгүй байх асуудал гарч байгаа” гэлээ.
Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар Смарт карт ХХК, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж энэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн тогтолцоо 100 хувь картын төлбөрийн системд шилжүүлсэн. Шинэчлэл хийсний дараах 10 хоногийн байдлаар шугамын орлого 25 хүртэлх хувиар өссөн байна.
“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн Тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал, “Шинэчлэл маань амжилттай хэрэгжиж байна. Цаашдаа төлбөр төлөлтөд хяналтыг сайжруулж ажиллана. Ингэснээр шугамын орлого өсөх хандлагатай байгаа. Нийслэлийн хэмжээнд өдөр тутамдаа 400 мянга орчим хүн автобусаар зорчдог. Бид өнөөдрийн байдлаар 847 мянган карт борлуулсан байна. Үүнээс гадна одоогийн байдлаар иргэд энгийн “U-money”, сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй карт, юнителийн “NFC”сим карт, хаан банкны “City bus” гэх мэт дөрвөн төрлийн картаар төлбөрөө төлөн үйлчлүүлж байна. Манай байгууллагаас энэ бүх боломжийг нэмэгдүүлэхийн тулд анхааран ажиллаж байгаа” хэмээв.
Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг Улиастайн автобусны эцсийн буудалд очин нийтийн тээврийн жолооч нарын амралтын байрны нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд Шархад, Нарангийн гол, Баянхошуу, Улиастай зэрэг дөрвөн газарт жолооч нарын амрах байрын барилгыг бариулсан байна. Жолооч нар өдрийн хоолоо идэх, автобусаа угааж цэвэрлээд чиглэлдээ гарах зэрэг боломжийг бүрдүүлсэн ч одоогийн байдлаар зориулалтаараа нь ашиглахгүй байгаа аж.
“Эдгээр амрах байрыг сэргээж, ашиглалтыг сайжруулан зориулалтаар нь ажиллуулах болно. Цаашдаа хөрөнгө мөнгөний боломжоороо эцсийн буудлууд дээр ийм байрыг нэмж байгуулах шаардлагатай. Ингэснээр автобусны эцсийн буудалд ирсэн жолооч нар автобусаа цэвэрлэж, өөрсдөө хоол ундаа идээд ажилдаа явах боломж бүрдэнэ” хэмээн хотын дарга ярилаа. Үүний дараа нийслэлийн Засаг дарга Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын үйл ажиллагаатай танилцсан юм. Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз нь 14 чиглэл нийт 129 автобус явуулдаг аж. Хотын дарга баазын авто гарааш, засвар үйлчилгээ, автомат угаалгын төвийн нөхцөл байдалтай танилцаж, баазын удирдлагуудын санал хүсэлтийг сонслоо.
Хотын дарга С.Батболд “Автобусны эцсийн буудлууд дээрх нийтийн тээврийн жолооч нарын амралтын байрны өмчлөлийн асуудлыг яаралтай шийдэж, зориулалтын дагуу ажиллуулах хэрэгтэй. Эхний ээлжинд барьсан дөрвөн цэгийг сэргээж ашиглалтад оруул. Шаардлагатай гэж үзвэл 2018 оны нийслэлийн төсөвт тусган амралтын байрыг нэмж барих хэрэгтэй” хэмээн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг өглөө.
Түүнчлэн “Зорчигч тээврийн нэгтгэлийн автобуснууд найман жилийн өмнө шугаманд гарсан. Одоогоор 650 мянган гүйлтийн километр зааж байгаа. Гүйлт хэтэрснээс иргэддээ тав тухтай, аюулгүй үйлчлэхэд хүндхэн болсон. Тиймээс парк шинэчлэлийн асуудал чухлаар тавигдаж байгааг “ Зорчигч тээврийн нэгтгэл”- ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ.
Хотын зүгээс “Нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарна. Засгийн газарт хүсэлт тавьсан. БНСУ-ын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр парк шинэчлэлийг хийх талаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн Нийтийн тээврийн үйл ажиллагаанд оролцож буй компаниудын тоо 23 болжээ. Үүнийг тодорхой стандартад хүргэж цөөлөх арга хэмжээ авахаас эхлээд ухаалаг алхам руу бүрэн шилжинэ хэмээн хотын удирдлагууд мэдэгдлээ.
Эх сурвалж : Монцамэ агентлаг
URL: