Гранат тэсэрч 2 цэргийн аминд хүрчээ

205098-11042017-1491916096-2141070111-UP-K23EECA-XL2IGPY-926WOUU-17Шархадсан цэргүүдийн амь насанд аюул учрах нөхцөл үүсээгүй гэв

Шархадсан цэргүүдийн биеэс гранатын металл хэлтэрхийг түүх мэс ажилбар хийж байгаа.
Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв буюу Таванголгойн 311 дугаар цзргийн ангийн харьяа бэлтгэлийн баазаас 10 орчим километрт байлдааны сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч ахмад М, ахлагч А нар нас барж, найман хүн шархадсан харамсалтай хэрэг өчигдөр 18.00 цагийн орчимд гарчээ. Осол гарсан даруйд сургуулилтын үеэр ажиллаж байсан цэргийн эмнэлгийн баг яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна. Улмаар шархадсан цэргүүдийг Зэвсэгг хүчний жанжин штаб харьяа Цэргийн төв эмнэлэгт шуурхай хүргэсэн талаар Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар мэдээлсэн. Тэрбээр “Эхний цэргийн албан хаагч 19.58 цагт, сүүлийнх нь 20.15 цагт манай дээр хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар хоёр цэргийн албан хаагч яаралтай мэс ажилбарт орж байна. Шархадсан цэргүүдийн биед гранатын металл хэлтэрхийг түүх мэс ажилбар хийж байгаа. Найман цэргийн албан хаагчийн амь насанд аюул учруулах нөхцөл үүсээгүй. Шаардлагатай үзлэг, шинжилгээг хийж байна” гэдэг мэдээллийг өчигдөр орой 21.00 цаг орчим өгчөө.
Жил бүрийн энэ үед Зэвсэгт хүчний бүх анги, нэгтгэл марш тактикийн тэмцээний бэлтгэлд гардаг. Марш тактикийн тэмцээнд бэлдэж байсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид юм байна. Ослын газарт Зэвсэгт хүчний жанжин штаб болон Цагдаагийн ерөнхий газраас шуурхай тусгай бүлэг ослын шалтгааныг тогтоохоор газар дээр нь ажиллаж эхэлсэн байна. Хуулийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргасны дараа Зэвсэгт хүчний жанжин штабаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ. Ийм төрлийн осол цэргийн албан хаагчийн болгоомжгүй алдаанаас, эсвэл галт хэрэгслийн ашиглалт хадгалалтын байдлаас шалтгаалсан техникийн чанартай байх магадлалтай аж.

 

Д.МЯГМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Иргэн Огноо: 12 April 2017

Хайран залуус. Иймд хариуцлагагүй бна шүүдээ.

Сэтгэгдэл бичих